Перугийн Ерөнхийлөгчийг ХОМОРГОЛОН УСТГАЛЫН хэрэгт буруутгаж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11


Перугийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Дина Болуартегийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Түүнийг эсэргүүцлийн жагсаалын улмаас хүмүүс амиа алдсанд буруутгаж, хоморголон устгалын хэрэгт буруутгаж байгаа аж. Перуд өнгөрсөн арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Педро Кастильод импичмент зарлаж, саатуулсны дараа жагсаал болсон билээ. Шинэ Ерөнхийлөгч Дина Болуартег арванхоёрдугаар сар болон 2023 оны нэгдүгээр сард Апуримак, Ла-Либертад, Пуно, Хунин, Арекипа болон Аякучо мужид болсон жагсаалыг тараах үеэрээ алдаа гаргасан гэж буруутгаж байгаа юм.

Болуарте Перугийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон билээ. Тэрбээр тангарагаа өргөхдөө өмнөх Ерөнхийлөгч Педро Кастильог төрийн эргэлт хийхийг оролдсон гэж шүүмжилсэн.

Перугийн Ерөнхий прокурорын газар түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Альберто Отарола, Дотоод хэргийн сайд Виктор Рохас болон Батлан хамгаалахын сайд Хорхе Чавесыг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Урьдчилсан мөрдөн шалгах ажиллагаа нь хоморголон устгасан, хөнөөсөн болон эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан зэрэг гэмт хэрэгтэй холбоотойгоор эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top