Перуд жагсаалын үеэр амиа алдагсдын тоо 48 боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 12

Перуд сарын хугацаанд үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 48 болж нэмэгджээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр өчигдөр /2023.01.11/ шинэ мөргөлдөөн болж, аялал жуулчлалын Куско хотод жагсагчид нисэх буудлыг эзлэхээр оролдсон байна.

Эмч нарын мэдээлснээр уг эмх замбараагүй байдлын үеэр 37 иргэн, зургаан цагдаа гэмтэж бэртжээ. Нэг хүн амиа алдсан байна.

Перугийн Ерөнхий прокурорын газраас тус улсын Ерөнхийлөгч Дина Болуартегийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Түүнийг эсэргүүцлийн жагсаалын улмаас хүмүүс амиа алдсанд,  хоморголон устгалын хэрэгт буруутгаж байгаа юм.

Перуд өнгөрсөн арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч Педро Кастильод импичмент зарлаж, саатуулсны дараа эсэргүүцлийн жагсаал эхэлсэн билээ.

Шинэ Ерөнхийлөгч Дина Болуартегийн жагсаалыг тараах үеэр авсан арга хэмжээг нь буруутгаж байгаа аж. Тэгвэл Дина Болуарте өмнөх Ерөнхийлөгч Педро Кастильог төрийн эргэлт хийхийг оролдсон гэж шүүмжилсэн юм.

Перугийн Ерөнхий прокурорын газар түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Альберто Отарола, Дотоод хэргийн сайд Виктор Рохас болон Батлан хамгаалахын сайд Хорхе Чавесыг мөрдөн шалгаж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top