Монгол Улсад 2022 онд 6885 хүн хавдраар оношлогдож, 4548 хүн хорт хавдраар нас барсан баримт байна. Тэдгээрийн дийлэнхийг буюу 80 орчим хувийг 45-аас дээш насныхан эзэлж байгаа юм.
Манай улсын 100 мянган хүн ам тутмын 229 нь хорт хавдраар өвчилдөг гэх судалгаа байдаг бөгөөд хорт хавдрыг үүсгэж байгаа гол шалтгаанд агаарын бохирдол, таргалалт, архи, тамхины зохисгүй хэрэглээ, хүрээлэн буй орчны сөрөг нөлөө, хөдөлгөөний хомстол зэрэг багтаж байна.
Энэ талаар ХСҮТ-ийн Хавдрын бүртгэл тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа “Хавдраар өвдсөн хүмүүсийн 42.4 хувь нь таван жил амьдардаг бол хожуу оношлогдсон иргэдийн 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байгаа судалгаа бий. Хэрэв хавдрын тохиолдол буурахгүй хэвээрээ байвал 2040 он гэхэд хорт хавдарын өвлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан” гэлээ.
Хорт хавдар эхний үе шатандаа хүний биед зовиур өгдөггүй. Тиймээс хүмүүс өөрийгөө хорт хавдартай гэж огт төсөөлдөггүй байна. Эрт үед оношлох ганц арга нь урьдчилан сэргийлэх үзлэг гэдгийг холбогдох эмч нар зөвлөж байгаа юм. Эрт үедээ оношлогдвол дахих магадлал бага. Мэдээж хожуу шатандаа оношлогдож байвал дахих магадлал тэр хэрээр нэмэгднэ гэж ойлгож болно. Дэлхий дахинд дунджаар хожуу үедээ оношлогдсон хүмүүсийн 28 хувь нь таван жилийн дараа амьд, 72 хувьд хавдар дахисан судалгаа бий. Харин эрт үедээ оношлогдсон хүмүүс 80 хувь нь таван жилийн дараа эдгэрсэн байхад үлдсэн 20 хувьд нь хавдар дахисан судалгаа бий.
ДЭЛГЭРЭНГҮЙГ “ТОЛЬ” МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС ҮЗНЭ ҮҮ.
Сэтгэгдэл ( 0 )