В.Путин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфуг хүлээн авч уулзжээ.

Түүний тодорхойлсноор, хоёр улсын харилцааны стратегийн ач холбогдлыг тодотгох зорилгоор хийж буй эл айлчлал энэ сарын 16-19-нд болж байна. Уулзалтын үеэр талууд хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон дэлхийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэв.

Батлан хамгаалах яамдын шугамаар хоёр улс идэвхтэй хамтран ажиллаж, мэдээлэл солилцох, цэрэг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан цэргийн сургуулилт явуулж байна гэж Путин онцолжээ. Энэ төрлийн түншлэл хоёр улсын харилцааны стратегийн шинж чанарыг улам бүр бэхжүүлж байна хэмээн мэдэгджээ.

Энэ оны гуравдугаар сард БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдсон генерал Ли Шанфу анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлж буйгаа онцолжээ.

Тэрбээр ОХУ-ыг сонгохдоо хоёр улсын харилцааны стратегийн ач холбогдол, онцгой шинж чанарыг тодотгохыг зорьсон хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, хоёр талын цэрэг, техникийн хамтын ажиллагаа хөгжиж, бүс нутаг болон дэлхийн дахины аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулж байна. Коронавирусний цар тахлын дараа эдийн засгийн сэргэлт удаан байгаа хэдий ч Бээжин дэлхий дахины хөгжил, цэцэглэлтийн төлөө Москватай түншийн харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна хэмээн генерал мэдэгдэв. Дэлхий дахинд тайван бус байна. Энх тайван, найрсаг харилцаа хэзээ хэзээнээс чухал байна хэмээн Ли онцолжээ.

Батлан хамгаалахын сайдын албан тушаалд томилогдохоосоо өмнө Ли Шанфу Хятадын Цэргийн төв зөвлөлийн цэргийн бэлтгэл, хангамжийн газрыг таван жил тэргүүлж, БНХАУ-ын армийн стратегийн хангамжийн хүчний орлогч командлагч, Сичан сансрын буудлын захирлаар ажиллаж байжээ.

2018 онд Бээжин Оросын “Су-35” сөнөөгч онгоц болон “С-400” системийг худалдан авсантай холбогдуулан АНУ түүнийг хар жагсаалтад оруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top