“Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн өнөөдөр /2023.05.26/ зохион байгуулагдаж  байна.

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Аж үйлдвэржилтийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараар ахлуулсан Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо байгуулагдсан. 

Хорооны анхдугаар хурал өнгөрөгч сард болж, холбогдох байнгын хороодын дарга, сайд нар, салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүн 6 асуудлыг хэлэлцэж, 4 дэд хороотой байхаар тогтож, дэд хороодын удирдлагуудыг томилсон. 

Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны үндсэн зорилго нь аж үйлдвэрийн салбарт эхний ээлжинд бодитоор хэрэгжихүйц цөөн тооны төслийг сонгож, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх юм. 

Энэ хүрээнд Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөн болж байна. 

Зөвлөгөөнийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлж, илтгэл танилцуулав. 

Монгол Улсын эдийн засагт жин дардаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх шийдлээ тодорхойлоход энэ удаагийн зөвлөгөөний гол ач холбогдол орших учраас тодорхой үр дүн, шийдэлд хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар цар тахлын хүндрэлийг даван туулахад голлон анхаарч, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Дунд хугацааны бодлогын гол цөм болох “Боомтын сэргэлт”-д бүх анхаарлаа хандуулсан. Цар тахлын нөхцөл байдал ч үүнийг шаардсан. Олон жилийн турш шийдэж чадахгүй байсан хил холболтын цэгээ тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Гашуунсухайт, Зүүнбаян зэрэг төмөр замуудаа ашиглалтад оруулсан гээд олон чухал үр дүнд хүрсэн. Төрийн үйлчилгээний цахим шилжилтэд Засгийн газар онцгой анхаарч, “Е mongolia 3.0” системд төрийн 80 гаруй байгууллагын 1000 орчим үйлчилгээг нэгтгээд байна. Үүнтэй адил “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна гэдгээ энэ үеэр Ерөнхий сайд албан ёсоор зарлав.

Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.
Энэ хэрээр Монгол Улсын экспортын 93, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүхий эдийн экспорт давамгайлсан манай улсын хувьд экспортын үндсэн түүхий эд болох нүүрс, газрын тос, зэс, төмрийн хүдрийн боловсруулах үйлдвэр байгуулж, дэвшилтэт технологи, инновацад суурилсан нэмүү өртөг шингэсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэн тэргүүний зорилт тавигдаж байгаа юм. Тэгэхээр олборлолтоос боловсруулалт руу шилжих үйл явцыг хурдасгах, эрх зүйн орчноо тодорхой болгох, хөрөнгө оруулалт татах, хүний нөөцөө бэлдэх зэрэгт голлон анхаарч, бодит ажил болгох шаардлагатайг Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар онцолсон.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, цаашдын хандлагыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар зөвлөгөөнд оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд аж үйлдвэржилт, аялал жуулчлал гэсэн хоёр салбарт анхаарал хандуулах ёстой. Аж үйлдвэржилтийн салбарт хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байх нь чухал гэлээ.

Зөвлөгөөнөөр хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчны асуудал, аж үйлдвэржилтийн сэргэлтэд чухал үүрэгтэй эрчим хүчний нөөц боломж, бусад нөлөөт хүчин зүйлс, төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог хангах асуудлуудаар илтгэл тавьж, олон талт оролцоотойгоор нээлттэй хэлэлцэж байна. Мөн иргэд олон нийт, эрдэмтэн судлаачдын санал, шүүмжийг сонсож, тулгамдаж буй асуудлуудын гарц шийдлийг эрэлхийлж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 27

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site

0  |  0
A(139.5.216.214) 2023 оны 05 сарын 26

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

0  |  0
Юра(202.126.93.61) 2023 оны 05 сарын 27

Аж үйлдвэрийг сэргээхэд түүхий эдээс гадна чапварлаг мэргэжилтэй ажилтан хамгийн чухал гэдгийг бодмоор байна. Гадаадын хөрөнгө оруулалт бараг байхгүй / ОТ-оос / байгаад нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь мэргэжилтэй ажилтны чадвар хангалтгүй ажиллах сэтгэл дутмаг байдаг нь нь гадныханд гологддог

1  |  0
Top