OceanGate компани цаашид хэзээ ч сүйрсэн “Титаник”-ийг үзүүлэхээр далайн гүн рүү зорчигчид илгээхгүй хэмээн албан ёсоор мэдэгдлээ.
Тус компанийн “Титан” шумбагч таван хүний бүрэлдэхүүнтэйгээр далайн гүнд буй сүйрсэн “Титаник” хөлгийг үзэж сонирхохоор аялалд гарсан ч бүгд нас барсан эмгэнэлт үйл явдал болсон билээ. Энэ эмгэнэлт явдлаас хойш гурван долоо хоногийн дараагаар OceanGate ийм төрлийн аяллын болон арилжааны үйл ажиллагаа огт явуулахгүй гэж шийдснээ мэдэгдсэн нь энэ юм.
OceanGate хувийн компанийг 2009 онд Стоктон Раш болон Гильермо Зёнлэй нар хамтран үүсгэн байгуулсан бөгөөд сүүлийн 13 жилийн хугацаанд голцуу сүйрсэн хөлөг онгоц “Андреа Дориа” болон “Титаник” руу зорчигчдыг илгээх үйл ажиллагаа явуулахад анхааран ажилласан юм.
Сүйрсэн “Титаник”-ийг сонирхохоор аялалд гараад мөн адил сүйрсэн “Титан” шумбагчид OceanGate-ийг үүсгэн байгуулсан Стоктон Раш өөрөө, мөн Их Британийн 58 настай бизнесмэн, нисгэгч Хэмиш Хардинг, Францын судлаач 77 настай Поль-Анри Наржолэ, Пакистан гаралтай Их Британийн бизнесмэн 48 настай Шахзада Давүд болон түүний 19 настай хүү Сумеман нар байсан юм. Өнгөрсөн долоо хоногт сүйрсэн шумбагчийн сэг дороос тэдний цогцосны хэсгээс олдсон тухай мэдээ түгсэн. Шумбагчийн сүйрсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.
“Титаник” киноны эмгэнэлт түүхээр уран сайхны кино хийж, “Оскар” гардсан кино найруулагч Жеймс Кэмерон болсон явдлын дараагаар “Ийм аялал хийх гэж буйг сонсоод л миний муу совин татсан. Үүнийгээ хэлье гэж бодсон ч гэлээ энэ хорвоо дээр технологийн тал дээр надаас илүү мэдлэгтэй, туршлагатай хүмүүс гэж бодоод дуугүй өнгөрсөн юм. Гэхдээ л эвгүй совин татаад байсан” гэж шумбагчийн сүйрлийн дараагаар ярьсан юм.
Техник технологийн тал дээр анхаарч үзэхүйц, санаа зовоосон хэд хэдэн шалтгаан байсныг мэргэжилтнүүд шумбагчийн сүйрлийн дараагаар ярьсаар байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )