Энрике Иглесиас, Анна Курникова хоёрыг нууцаар гэрлэсэн талаар ах нь ам алдав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 10

Испанийн дуучин Энрике Иглесиас 20 гаруй жилийн турш хамтдаа амьдарч буй Анна Курниковатай хуримаа нууцхан хийжээ. Энэ талаар дуучны ах Хулио Иглесиас Испанийн нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа шууд эфирээр ам алдсан байна.

“Энрике олон хүн цугласан, нижгэр хуримд ёстой дургүй. Тиймдээ ч хуримаа их нууцхан хийсэн. Энрике, Анна хоёр хамтдаа амьдраад бараг 23 жил болчихлоо. Гурван сайхан хүүхэдтэй” хэмээн Хулио Иглесиас ярьжээ.

2001 онд Энрике Иглесиас Escape хит дууныхаа клипийн зураг авалтын үеэр Анна Курниковатай танилцаж, удалгүй амрагууд болсон гэдэг. Тэгэхэд испани дуучин 26 настай байсан бол Оросын теннисчин Анна Курникова 20 настай, тамирчныхаа замналын ид оргил үедээ байлаа. 

Энрике, Анна хоёр 2017 онд Николас, Люси гэх ихэр хүү, охинтой болсон. Үүнээс хоёр жилийн дараа мөн Мэри охин нь мэндэлсэн юм. 20 гаруй жил тэдний харилцаа он цагийн сайн, саарын шалгуурыг давж, хамгийн бат бөх гэр бүлтэй алдартнуудад тооцогддог. 2008 онд Анна Курникова нэгэн ярилцлагадаа “Бид хоёр хэзээ ч гэрлэхгүй, хурим хийхгүй” гэж дурдсан байдаг. Гэвч Хулиогийн ярьснаар бол хуримаа нууцхан хийсэн бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top