COP17 | Конвенцын түүхэн дэх бэлчээрийн салбарт чиглэсэн хамгийн том хөрөнгө оруулалт боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
42 минутын өмнө

 

Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хоёр долоо хоногийн турш хэлэлцээ хийсний эцэст Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Монгол Улсын Улаанбаатар хотноо өндөрлөлөө.

Хэлэлцээний болон үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжилтийн гол бүрэлдэхүүн хэсгүүд болох улс төрийн чиглэл, шинжлэх ухаан, санхүүжилт, хөрөнгө оруулалтад бэлэн төслүүд, түншлэл, мөн дэлхийн газрын нөөцийг удирдан ашиглаж буй хүмүүсийн оролцоог бэхжүүлэх асуудлыг нэгтгэлээ.

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын 197 Талын хоёр жил тутмын уулзалтаар дэлхийн хуурай газрын гадаргын 54 хувийг эзэлдэг, ойролцоогоор хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг бөгөөд 500 сая орчим малчдын хариуцан ашиглаж буй дэлхийн бэлчээр нутгийг газрын асуудлаарх дэлхийн хэлэлцэх асуудлын төвд авч үзлээ.

 

 

“Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотноо эхлүүлсэн Бэлчээрийн тэргүүлэх санаачилга нь 45 төслийг хамарсан 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг нэгтгэж байгаа бөгөөд энэ нь Конвенцын түүхэн дэх бэлчээрийн салбарт чиглэсэн хамгийн томоохон хөрөнгө оруулалт болж байна.

Хэлэлцээний зэрэгцээ COP17 нь газрын нөхөн сэргээлт болон гангийн тэсвэржилтийн чиглэлээрх үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн цуврал санаачилга, санхүүгийн амлалтуудыг танилцууллаа.

Засгийн газрууд, хөгжлийн банкууд, сангууд болон компаниуд таван тивийн 23 улсыг хамарсан, хөгжлийн өөр өөр үе шатанд байгаа 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг зарлалаа. Үүнд: шинэ санхүүжилтээр тодорхойлогдсон 644.5 сая ам.доллар багтаж байгаа бөгөөд үүнээс 216.4 сая ам.долларын санхүүжилт хэдийнэ баталгаажиж, хэрэгжилтийн шат руу шилжиж байна.

 

 

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хэлэхдээ:

“Бид Улаанбаатарт COP17 нь заавал хэрэгжилтийн COP байх ёстой гэсэн зорилготой ирсэн. Харин бид эндээс үүнийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай бүтэц, тогтолцоог илүү боловсронгуй болгосон байдлаар буцаж байна. Үүнд, улс төрийн шийдвэрүүд, шинжлэх ухааны илүү хүчирхэг үндэслэл, шинэлэг санхүүжилтийн механизм, хөрөнгө оруулалтын төслийн багц болон шийдлүүдийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх түншлэлүүд багтаж байна.

Гэхдээ Улаанбаатарыг зөвхөн энэ хурлын хүрээнд зарласан зүйлээр нь дүгнэхгүй. Түүний үлдээх өв нь цаашид юу болохоор хэмжигдэнэ: улс орнууд гангийн эрсдэлд илүү сайн бэлтгэгдсэн эсэх, доройтсон газар болон бэлчээр нутгийг нөхөн сэргээж чадсан эсэх, санхүүжилт хэрэгжих боломжтой төслүүдэд хүрч чадсан эсэх, мөн газрыг хариуцан ашиглаж буй хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт гарсан эсэхээр хэмжигдэнэ” хэмээлээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top