
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Ү Бин нас барсан шүтэн бишрэгчийнхээ оршуулгын ёслолд оролцон хүндэтгэл үзүүлжээ.
Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа ихэвчлэн кино зураг авалтын үеийн зургуудаа нийтэлдэг ч энэ удаад үнэнч шүтэн бишрэгчийнхээ гэгээн дурсгалд зориулсан бичвэр нийтэлжээ. Зүрх шимшрүүлэм хийгээд сэтгэл хөдөлгөм энэхүү бичвэрт "Эрхэм хүндэт Жи Вонд. Хамгийн цэвэр ариун, гэгээлэг нэгэн. Би чамтай салах ёс хийхээр очихдоо чамайг энэ олон жилийн турш надтай уулзахаар ирэх бүрд энэхүү аялал чинь ямар хол, урт байсан болохыг эцэст нь ойлгож байна... Чамд үүрд баяртай гэж хэлж байна гэж би бодохгүй байна. Жи Вон аа. Чи хаана ч байсан бай хамгийн аз жаргалтай, эрүүл энх байгаасай гэж хүсэж байна. Бид дахин уулзах өдөр хүртэл өдөр бүр инээмсэглэнэ гэж найдаж байна. Уулзаад хамтдаа олон зураг авахуулж, юуны ч тухай хамаагүй ярилцъя. Чам шиг миний хийж буй бүхий л зүйлийг дэмждэг шүтэн бишрэгчтэй болсондоо дахин дахин талархаж байна. Хэзээ нэгэн цагт дахин уулзах болно гэж амлая" гэжээ.
Талийгаач Жи Воны гэр бүлийнхэн уг захидлыг уншаад түүнд талархснаа илэрхийлжээ. Уй гашууг нь хуваалцан оршуулгын ёслолд нь өөрийн биеэр ирж хүндэтгэл үзүүлэн, цэцэг илгээсэн нь юу юунаас илүү тайтгарал өгсөн тухай гэр бүлийнхэн нь дурдсан бөгөөд Ким Ү Бинийг цаашид үргэлжлүүлэн дэмжих болно гэдгээ илэрхийлжээ.


Сэтгэгдэл ( 0 )