Шүүхээс Монгол улсын хуулийг уландаа гишгэж, цахим мөрийтэй тоглоом тоглуулсан, мөнгө угаасан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт буруутган А.Дэлгэрдалайд гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 42 сая төгрөгийг хураах, зургаан сая төгрөгөөр торгох ялыг оногдуулсан.
Харин шүүхээс гэм буруу нь тогтоогдож, торгуулийн ял авсан ч А.Дэлгэрдалай дахин мөрийтэй тоглоомыг цахимаар тоглуулж ашиг олж, олон иргэнийг залилж байгаа нь тогтоогдсон тул энэ сарын 18-ны өдөр цагдан хорьжээ.
Одоогийн байдлаар түүнийг ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьж давтан гэмт хэрэг үйлдсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, цахимаар мөрийтэй тоглоом тоглуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 ийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг дахин үүсгэн шалгаж эхэлжээ.
Угтаа бол мөрийтэй тоглоом тоглуулж их хэмжээний ашиг олж байгаа нь шалгалтаар тогтоогдсон бол Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн сайтыг шууд хааж, энэ төрлийн гэмт хэрэгт олон иргэд хохирохгүй байхад анхаарах ёстой. Гэтэл гэмт хэрэгт шалгагдаж байхдаа болон гэмт хэрэг үйлдсэн буюу мөрийтэй тоглоом тоглуулж шүүхээс ял авсан этгээдүүд дахин тоглуулах замаар ашиг олох тохиолдол их байна.
Гэмт этгээдүүд нь хуулийн байгууллагад шалгагдсан ч, шүүхэд очоод хэргээ хялбаршуулан шийдүүлэх хүсэлт гаргаж, хорих ялаас зайлсхийх хуулийн цоорхойг ашиглаж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял шийтгэлийн хэмжээ бага байгааг харуулж байгаа юм. Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн цаана давхар хууль бусаар олсон орлого, мөнгө угаах гэмт хэргийн шинжийг давхар агуулж байдаг. Иймд хууль эрхзүйн орчныг өөрчлөх, ялын бодлогыг чангалах шаардлага үүсээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Нэг хүн л гэхэд хэдэн зуун сая, бүр тэрбумаар алдсан ч байна шүү.