Үргэлжлэл... | СӨРӨГ хандлагууд ба СЕНСААЦ мэдэгдэл

2023 оны 11 сарын 01

Өмнөх дугаарт

5. Эерэг хандлага

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050, дунд хугацааны бодлогын баримт бичиг “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Төрөөс ойн талаар баримтлах бодлого” зэрэг баримт бичгүүдэд: Ойгоор бүрхэгдсэн талбайг 2025 онд нийт нутаг дэвсгэрийн 8.6 хувь, 2030 онд 9.0 хувьд тус тус хүргэх. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт: зориудаар ойжуулах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих замаар доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулалтын ажлын үр дүн, чанарыг сайжруулж, мод тарьж ургуулахад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

 

6. “Тэрбум мод”-ны зөвхөн НЭГ модны үнэ цэн

Манай Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх аян эрч далайцтай эхэлж байна. Энэ нь сайн хэрэг. Энд “Тэрбум мод”-ны зөвхөн НЭГ модны үнэ цэнэ яригдах болно. Тавь гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид: 38 125 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 640 000 орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 45 750 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэнд оруулж, 38 125 000 орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц  хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлж байдаг байна. Ингэхээр ганцхан мод 197 640 000 орчим төгрөгөөр үнэлэгдэх ёстой ажээ.

 

Нэгэн зүйл:

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс даяархи компанит ажил болж өрнөв. Бид мод тарина гэж яриад байгаа. Жишээ нь дэлхий дээр ойн баялгийг ашиглахаа больсон. Зөвхөн хамгаалж үржүүлж байгаа. Ойд өөрт нь хэрэггүй дарамт болсон зүйлийг огтлуулж түүлгээд оронд нь хэд хэдэн мод суулгуулж байгаа. Манайд тарьдаг гээд байх юм.  Ер нь жил болгон мод тарьдаг. Тарьсан мод ургадаггүй, суулгасан мод ургадаг гэдгийг мэдээд авах хэрэгтэй. Сүүлийн 75 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөд, Монгол орны цаг агаар 2.26 градусаар дулаарсан. Энэ нь дэлхийн дундаж дулаарлаас гурав дахин илүү хурдацтай дулаарч байна гэсэн үг. Ерөнхийдөө 2020 оныг 2050 онтой харьцуулан авч үзвэл алсдаа уур амьсгал маш их дулаарахаар байна. Сүүлийн 75 жил 2.26 градус дулаарсан бол цаашдаа энэ тоо нэмэгдэж 3.4-5.1 градус хүртэл дулаарахаар байна. Уур амьсгал дулаарч байгаатай холбогдуулан ууршилт нэмэгдэнэ. Гэтэл хур тунадас нэмэгдэхгүй байвал үнэхээр хэцүү байдалд орно. Жилд дунджаар 310 миллиметр хур тунадас Монгол Улсын нутаг дэвсгэрт ордог. Энэ хэмжээгээрээ цаашдаа орох хэдий ч ууршилт хоёр дахин нэмэгдэж хэт халалтаас үүдэн говийн нутгуудаар олон тооны булаг шанд, нуурууд ширгэх магадлалтай байна гэж Байгаль орчин аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас мэдээлсэн байна.

 

7. САЙН МЭДЭЭ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ажлаа аваад хоёр дахь жилдээ орж байна. Энэ хугацаанд 12,5 сая мод суулгаж мөн энэ хэмжээний мод цаашид  амьдрах чадамжтай болох нь батлагджээ. Өмнө нь жилд 10 сая тарьц ургац бэлддэг байсан бол 2023 он гарснаар жилд 43 сая, ирэх 2024 онд 55 сая тарьц ургац бэлдээд байгаа аж. Мэргэжилтний хэлснээр нөөцөө л бэлдэж байгаа аж. Мөн өмнөх тогтолцоонд орхигдсон найман мянган га газрын нөхөн сэргээх ажил явагдаж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар зургаан мянган га газрыг нөхөн сэргээд байгаа аж. Энэ бол сайн мэдээ. Сайн мэдээнээс гадна бүр таатай мэдээлэл байна. Ганга нуурыг сэргээх ажлууд хийгдсэнээр дараагийн шатны ажлууд хийгдэж эхэлж байна. Хүний буруутай ажиллагаанаас, байгаль орчинд хамгийн их хохирол учруулж байгааг нотлож КОВИД хүн төрлөхтөнд нэг хариулт өгсөн. Хоёр жилийн дотор, хил гааль хаагдаад хөдөлгөөн зогсоход , ОЗОНЫ цоорсон давхараг нөхөгдөж байна. Байгаль дэлхийн бүх юм сэргэж байна. Урсдаггүй гол мөрнууд урсаж эхэлж байна. Энэ бол хүн төрөлхтний хүсэн хүлээсэн таатай мэдээ.  

 

Нэгэн зүйл:

“Байгаль орчин” гэхээр хүнээс нэлээд хөл хөндий хоёрдугаар зэргийн дагалдах асуудал мэт. Гэтэл байгаль орчин маань хүний оршихуйн цорын ганц суурь юм гэдгийг хүн болгон анхаарч, санаандаа авах хэрэгтэй. Тиймээс байгаль орчноо гэхээсээ оршихуйгаа хамгаалах тухай сэрж сэтгэж, бодлого болгож ажиллах нь төрийн бодлогын үндсэн зорилт болоод байгааг салбарын сайд цохон тэмдэглэсэн. Байгалийг ашиглахдаа бус, шүтэн бишрэхдээ байгаа юм гэсэн үзэл орчин үеийн философийн үзэл баримлал болсон шүү. Энэ бол Монголчуудын уламжлалт гүн ухаан. Уул, ус, газар шороо байгаагаа ухаж цөлмөөд авчих гэсэн үг биш. Хүн нэг л удаа ухаж цөлмөж чадаад дараа нь үгүйрч өлбөрнө. Тиймээс тахин шүтээд үеийн үед элгэн дээр нь орш гэсэн үг.

 

8. Монгол дахин  сэргэх мөчлөг ирсэн

Энэхүү бичвэрээ би, түүхэн ойлголтоор БАДРАНГУЙ өөдрөг өгөгдөхүүнээр өндөрлөе гэж бодож байна. Түүх гэж байдгийн зорилго нь түүнээс философ гаргаж авахад оршино. Юу вэ гэвэл, хэн хэзээ нэгэн цагт хүчирхэг байсан бол тэрбээр дахин хүчирхэгжинэ гэж. Урьд хүчирхэг байсан нь цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байж, байгаль, нийгмийн ямар нэгэн логик үйлчилсэн хэрэг. Учиргүй юм, логикгүй үзэгдэл гэж үгүй.Тэрхүү учир шалтгаан нь логик учраас устаж арилахгүй, улмаар цаг хугацааны мөчлөгтөө дахин илрэх зүй жамтай. Хүний хүсэл мөрөөдөл, байгалийн зөн билэг хоёр угтаа солбицсон хосмолууд юм.  Дэлхий дахины түүхийг түгээмэл түүх гэдэг. Түгээмэл түүхийг үндэсний өвөрмөц түүхүүд бүрдүүлдэг. Аль ч үндэсний түүх нь байгалийн эрхшээл доор  хүний нийгмийн нөөц боломжоор бүтээгдсэн үзэгдэл байна. Байгаль ертөнцөд зөвхөн цаг хугацааны тоолол байна. Цаг хугацааны жам нь мөчлөг. Хүний хамгийн том алдаа бол өөрийгөө байгалиас дээгуур тавиад байдаг. Нэг л их сүрхий амьтан өөрөө бодож боловсруулаад түүгээрээ яваад байгаа юм шиг. Түүн шиг худлаа юм байхгүй. Байгальд захирагдаад явж байгаагаа мэдэх хэрэгтэй. Байгаль тэр мөчлөгийг чинь өгч байгаа юм. Зөв ухаан зарах юм бол байгалийн мөчлөгт нэгдээд яв. Энэ тухай Эйнштений үг бий шүү дэ. “Тухайн нөхцөлд ямар чиг шугам байгаль нийгэмд яваад байна вэ тэрэнтэй аль болох парлель яв. Хэрэв парлель явахгүй огтлолцоод, огтлолцсон өнцөг нь бүр их болоод байх юм бол өөрөө л байхгүй болно” гэж. Яагаад гэвэл наана чинь байгалийн тодорхой том урсгал явж байна. Ерөнхий зүй нь гэвэл Монголд байгалийн мөчлөг ирсэн гэдгийг ойлгоод явахад болно. Дахин давтан хэлэхэд: Монгол дахин сэргэх мөчлөг ирсэн гэж ойлго. Цаг нь болчихсон. Шинжлэх ухаан гэж юу юм бэ. Ертөнцийн юмс үзэгдэл дандаа байгалийн үзэгдэл байдаг. Хүний нийгмийн түүх, хүний нийгмийн үзэгдэл чинь бас л байгалийн үзэгдэл шүү дээ. Ан амьтан, бясаа, жоомтой яг ижил. Байгаль дээр байгалийнхаас өөр юмс үзэгдэл байхгүй гэдгийг шинжлэх ухаан гэдэг. Монголын түүх байгалиас тасархай, хүн гээч юмны түүх байгалиас гадуур гэж бүү эндүүр. Энэ шиг том алдаа байхгүй. Хүн гээч бирд бөөснүүд чинь ердөө байгалийн үзэгдэл. Монголын түүх, дэлхийн түүх нь байгалийн үзэгдэл гээд бодчихвол, тэр байгалийн үзэгдэл чинь ямар зүй тогтлоор явдаг юм бэ гэдэг рүү тодорхой ороод явчихна. Байгалийг захирч байгаа юм чинь цагийн мөчлөг. Өөр үзэгдэл байхгүй. Цагийг зогсоочихсон гэж үзвэл бид өөрсдөө л байхгүй. Хүн үхэж байгаа гэдэг чинь цаг зогсчихож байгаа хэрэг. Тэр чинь мөчлөгтэй. Мөчлөгтэй үзэгдлийг цаг гэж хэлдэг. Ухаандаа Чингисийн Монголоос хойш өнөөдөр Монгол дахин сэргэх нэг мөчлөг ирчихсэн байна. Хүснэ үү, эс хүснэ үү гэдэг нь хамаагүй. Мөчлөг эргээд үйлчилж байгаа хэрэг. Эцэст тэмдэглэхэд, дээр өгүүлсэн гурав дөрвөн улсын нутаг дэвсгэр дээр хамаарах Төв Азийн байгаль орчин нь нэгдмэл зүй тогтолтой. Энэ зүй тогтлын Үндсэн бөгөөд Шийдвэрлэх бүрэлдэхүүн хэсэг нь Монгол орны байгаль учраас өгүүлэн буй үйлсэд, олон улсын оролцоо хамтын ажиллагаа чухал гэдгийг НҮБ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс 2026 онд Цөлжилтийн эсрэг НҮБ-ын коновенцийн хурлыг Монголд хийхээр товлосон байна.

О.ЭРДЭНЭЖАРГАЛ 2023.10.17

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.217.166) 2023 оны 11 сарын 01

DYYDLGN SEKSYG80955877

0  |  0
S(139.5.217.166) 2023 оны 11 сарын 01

S XNE80955877

0  |  0
Зочин(86.111.137.161) 2023 оны 11 сарын 01

Oboodoo

1  |  0
Top