Урт гэгч нь үргэлжилсэн налгар намар шувтарч огцом хүйтэрч цас нэвсийтэл дарлаа. Зүгээр ч хүйтэрч, цас орсонгүй, хөдөөгүүр нүдгүй шуурч, намрын сар шувтраагүй байхад найман халуун амь авч одов. Мал маллана гэдэг амархан, зугааны юм биш. Малчны хөдөлмөр мэдэхгүй нэг нь мал нь өөрөө бэлчээд, өвс ногоогоо зулгааж идээд хотондоо өөрсдөө ороод ирдэг юм боддог. Гэтэл тэр төслөөллөөс тэс өөр амьдрал малчин хүнд бий. Ган болж газар дэлхий улаанаараа эргэх үед хэдэн малаа дагаад дэлгэр зунтай газар бараадна. Зуд турхан болоход өвлийн хөр цасан дундуур отор нүүдэл хийж аймаг сум алгасна. Саяынх шиг цасан шуурганд нөгөө л хэдэн малынхаа хойноос явсаар амь эрсдэж байгааг харж байна уу. Өмч хөрөнгө, амин зуулга, хэдэн хүүхдийнх нь ирээдүй, хэтэд нь авч үзвэл Монголын баялаг болохоор тэр шүү дээ.
Би өөрөө ганц өдөр хонь хариулж үзээгүй төв сууринд төрж өссөн хүн. Тиймдээ ч цасаар шуураад унангууд малчин айлын хүүхэд болж төрөөгүйдээ дотроо залбирдаг бэртэгчин. Гэхдээ өвөг дээдэс минь малчин явсан болохоор ген нь хаачих вэ гэгчээр тэдний амьдралыг сайн мэднэ.
Малчин хүнийг гавьяа шагналаар шагнахад учиргүй ундууцдаг зарим хүн байдаг юм. “Хувийнхаа хэдэн малыг харж маллаж яваа хүнд гавьяат, баатар цол өглөө” гэж. Үнэндээ мань шүүмжлэгч нөхөр над шиг ганц өдөр хонь дагаж үзээгүй л байхгүй юү. Хувийнхаа ажлыг хийсэн гэлээ гэхэд хувийн компанитай захирлууд авч л байдаг цол шүү дээ. Олон хүнд ажил олгодог гэж тэднийг өмөөрдөг л юм. Гэтэл малчин хүн харин олон хүнийг тэжээж байгаа гавьяатан. Монголчууд өдий дайны өлсөж цангаж үзээгүй нь, 1990-ээд оны тарчиг цагийг өл хоолтой давсан нь хэдэн малчны өсгөсөн малын буян.
Бэлчээрийн малаа ад үзэж, суурин фермерийг шүтэж, бэлчээр талхаллаа, газар сүйтгэлээ гээд буйн цаад учир нь зүгээр л тэр газрыг хайгуулд ашиглаж, хөрсөн дорх эрдэнэсийг нь малтах гэснийх болов уу гэж хардах шалтгаан ч бий. Мал газар сүйдэлллээ гэхэд хариуцлагагүй уул уурхай шиг хар нүх болгоод үлдээх нь юу л бол. Идээд өнгөрсөн газар нь эргээд л ургаж төлждөг жамтай шүү дээ.
Малаа цөөлж, уурхайгаа олшруулбал сүүлдээ гэдэс өлсөх гэдэг монгол хүн хэзээ ч үзэж байгаагүй зовлонтой учирч, юу таарснаа амандаа хийж өлөө дардаг нэгэн болж хоцрох вий. Дахиад хэлэхэд мал маллана гэдэг асар их хариуцлага, амины дэнчинтэй хүнд хөдөлмөр шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Тийн шдэ яг үнэн