Сонины редакц гэдэг уран бүтээлчид хөлхөж байдаг хөлгүй ертөнц. Тэдний яриа заримдаа “Олон өнгө” болон сүлрэн сүлжилддэг. Саяхны нэг өдөр мэргэжил нэгт зохиолч, сэтгүүлч Хон Хэрээдийн Б.Энхбат ахыг урьж жанжин Д.Сүхбаатарын намтар судлалын талаар хөөрөлдсөн юм. Нэг сэдвээр хийж буй ярилцлагын эргэн тойронд олон өнгийн яриа хөөрөө өрнөснөөс сэтгүүлчдэд хамаатай хэсгийг онцлов.
Тэрбээр “Сэтгүүлчийн ёс зүй гэдэг хуучин цагт маш нарийн шалгууртай байв. Орон нутгийн сонинуудын оны шилдэг бичлэгийн шагналыг хүртсэн. Төвийн сонинуудын оны шилдэг бичлэгийн шагналуудыг авч байж сая МСНЭ-ийн гишүүн болох уу, үгүй юу гэдэг асуудлыг ярьдаг. Тэр болтол сурвалжлагч, идэвхтэн бичигч гэж явдаг. Түүнээс тэр хүнийг сэтгүүлч гэдэггүй байв. Тиймээс хуучны сэтгүүлчид сурвалжлагч гэдэг нэрийг маш сайн мэддэг.
Сурвалжлагч, сэтгүүлч хоёр чинь өөр юм. Сэтгүүлч болох гэж яваа хүнийг сурвалжлагч гэдэг. Сурвалжлагч болох гэж яваа хүнийг идэвхтэн бичигч гэнэ. Тэгээд идэвхтэн бичигчээс сурвалжлагч, сурвалжлагчаас сэтгүүлч болдог байлаа. Одоо бол цахим ертөнцөд зүгээр нэг пэйж хуудас нээсэн, блог хөтөлдөг нэгэн өөрийгөө сэтгүүлч гээд дэвээд гүйчихдэг болсон. Ингэж болохгүй. Тэр бүү хэл Монгол Улсын Төрийн ордонд өнөөдөр сошиалд пэйж хуудас хөтөлдөг нэгэнд сэтгүүлч гэсэн нэвтрэх үнэмлэх олгох ёсгүй. Хэвлэл, мэдээллийн байгууллага ажиллуулах зөвшөөрлөө авсан, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэрчилгээ, тамгаа авчихсан, өдөр тутам юм уу, сар тутам тогтмол үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллага болох нь тогтоогдсоны үндсэнд зөвшөөрлүүдээ олгодог болмоор юм.
Мэдээж хэвлэл, мэдээлэлгүйгээр төр оршин тогтнодоггүй. Хэвлэл, мэдээллийг шахаж хавчих бодлого явуулаад амжилтад хүрэхгүй. Тэр тусмаа өдөр тутмын сонинуудад төр дэмжлэг үзүүлдэг, төрийн албан хаагчид захиалж уншдаг, сошиалд шүүлтүүртэй ханддаг баймаар байна. Өнөөдөр Хэмнэлтийн хууль нэрийн дор хэвлэл захиалж болохгүй гэж тас хорьсон. Хэвлэл, мэдээлэл хэрэггүй юм бол “Төрийн мэдээлэл” сэтгүүлийг ч төрийн байгууллага захиалж авч болохгүй болжээ. Гэтэл УИХ-аар баталсан хуулиуд Төрийн мэдээлэл сэтгүүл дээр гарч байж баталгааждаг. Нэг ч хэвлэл захиалж болохгүй юм бол энэ сэтгүүлийг төрийн байгууллагууд захиалах ёсгүй. Тэгээд төрийн мэдээллийг иргэд фээсбүүкээс олж авах уу. Төрийн бодлогыг бид фээсбүүкээс харах ёстой юу.
Өнөөдөр ОХУ, АНУ, Японд хамгийн гол мэдээллийг өдөр тутмын сонин, сэтгүүлээс барьж авч, тэр сонин, сэтгүүлд гарсан тойм, нийтлэлийн бодлогыг төрийн бодлого гэж ойлгож байна. Гэтэл манайд энэ бүхнийг үгүйсгэснээр төр оршин тогтнож чадахгүй байна. Төр өмчгүй байх ёстой гэж үздэг. Тэгвэл төр армигүй бай л даа. Арми чинь өмч шүү дээ. Төр цагдаагүй бай л даа. Энэ чинь бас л өмч шүү дээ. Тэгэхээр төр өмчгүй байна гэсэн ойлголт байж болохгүй. Хэвлэл мэдээлэлгүй байна гэвэл төргүй улс байна гэсэн үг. Манай төрийн бодлогыг ойлгохын тулд гадаадын Элчин сайдын яамд тодорхой хэмжээний сонин, сэтгүүл захиалж авч танилцах ёстой байтал тийм зүйл байхгүй боллоо” гэв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Монгол улсад Дайныг дэмждэг сэтгүүлч байгаа гэхээр тэдний ёс суртахууны талаар ярих цаг болсоны илрэл.Дайн бол уй гашуу цус нулимс үхэл хагацал эвдрэл сүйтгэл гэтэл үүнийг дэмжиж байгаа бол шууд эрхийг нь хурааж ажлаас нь хөө,ийм хүмүүс орчиндоо маш хор нөлөөтэй-инээдэг дайсангууд- оросын харьяат болж дайндаа явж далд орцгоог.
манайхны хүсээд байдаг эх оронч сэтгүүлчид байна шүү дээ Такер Карлсон (АНУ) хүйтэн дайны ахмад дайчид Дуг Макгрегор (АНУ), Скотт Риттер (АНУ), нэгдсэн улсад нэр дэвшигч Вивек Рамасвами, германы эх оронч эмэгтэй гишүүд Сара Вагенкнехт, Алис Вайдель гээд л суралцаж орчуулмаар юум
eagle tv ., isee.mn zuv.mn site уудыг хаавал таарна
Өнөө үед сэтгүүлчид хөлсний алуурчин шиг болсон гэдэг ортойдог шүү