ӨМНӨГОВЬ: Төрийн алба хаагчдын цалинг ХОЁР ДАХИН НЭМЭХ санал хүргүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 30

УИХ-аар Монгол Улсын 2024 оны төсвийг хэлэлцэн баталсан билээ.

Хуульд зааснаар аймаг, орон нутгийнхан ирэх оны төсвөө арванхоёрдугаар сарын 5-ны өдөрт багтаж, батлах ёстой. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн ИТХ маргааш /2023.12.01/ хуралдаж, төсвөө хэлэлцэх гэж байна. 

Аймгийн төсвийг хэлэлцэж эхлэх гэж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбатад санал хүргүүлээд байна. 

Үүнд: 

Өмнөговь аймгийн МАН-ын хорооноос 15 суманд зохион байгуулсан “Нээлттэй нам” аяны хүрээнд иргэд сонгогчдоос гаргасан санал, хүсэлтийг нэгтгэн аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудалд оруулж, 2024 оны орон нутгийн төсөвт тусган шийдвэрлүүлэхээр аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дараах саналуудыг хүргүүлж байна.
 

  1. Төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг нэмэгдүүлэх: Монгол улсын Засгийн газрын “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжих бодлогын хүрээнд Засгийн газрын 382, 489 дүгээр тогтоолоор орон нутагт ажиллаж байгаа төрийн алба хаагчдын орон нутагт ажилласны нэмэгдлийг 2024 онд Улсын төсвөөс 20-40 хувь нэмэхээр шийдвэрлэсэн бөгөөд орон нутгийн төсөвтөө тусган 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын ИТХ шийдвэрлэж болох хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Иймд аймгийн төрийн тусгай албан хаагчдаас бусад нийт 4,371 төрийн алба хаагчийн цалинг 100% буюу 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгааг аймгийн ИТХ-д оруулж батлуулах. Мөн Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй дулааны станц, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг төрийн өмчийн оролцоотой бүх байгууллагын ажиллагсдыг “Нутгийн дэм” хөтөлбөрт хамруулах.
     
  2. Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах: Иргэд олон нийттэй уулзах үеэр Өмнөговь аймгийн төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажил нэн хангалтгүй, энэ талаар аймгийн удирдлагууд оновчтой бодлого явуулахгүй байгаа талаар санал гомдол гаргасан. Тухайлбал Даланзадгадын Дулааны цахилгаан станцын хүчин чадал нь өнөөгийн нийт хэрэглээнд хүрэлцэхгүй, эрчим хүчний эх үүсвэрийн хомсдолд орж, нөөц эх үүсвэргүйгээс маш өндөр эрсдэлтэй онцгой нөхцөл байдалд ажиллаж байна. Гэтэл шинэ дулааны станц барих ТЭЗҮ-г Өмнөговь аймгийн удирдлагууд хугацаанд нь амжиж батлуулаагүйн улмаас 2024 оны улсын төсөвт төсвийг суулгаагүй хоцроосон. Иймд энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийж, аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд эрчим хүчний нэмэлт эх үүсвэр болох усан халаалтын зуухыг шинээр нэмж барих асуудлыг тусгах зайлшгүй шаардлагатай байна.  
     
  3. Сургууль, цэцэрлэг шинээр барих: Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 22843 хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж буй 22 ЕБС, 31 СӨБ-ийн хүрэлцээ харилцан адилгүй байна. Хүн ам ихээр төвлөрсөн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдад нэг бүлэгт 40-50 хүүхэд суралцаж, боловсролын байгууллагуудын ачаалал маш өндөр болсон нь сургалтын чанар муудах, хүүхдэд ээлгүй орчин бий болоход нөлөөлж байна. Тиймээс 2024 оны орон нутгийн төсөвт Даланзадгад сумын “Гурван сайхан” хороололд баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, шинэ Даланзадгад бүсэд баригдахаар төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгууд, мөн бусад сумдад хэрэгжиж эхлээд дуусаагүй байгаа 960 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр зэрэг боловсролын байгууллагын барилгын төслүүдийг дуусгаж ашиглалтад авах бүх талын арга хэмжээг авч ажиллах, Даланзадгад суманд холбогдох норм стандартын дагуу шинээр 2-3 сургууль, цэцэрлэгийн барилга, Ханбогд суманд 1200 хүүхдийн сургуулийн барилга барих төсвийг тус тус нэмж суулгах. Хүн ам цөөтэй суурин газруудад улс төрийн сонирхлоор эдийн засгийн үр өгөөжгүй, нийгмийн ач холбогдол багатай хөрөнгө оруулалт хийхийг хязгаарлаж, хэрэгцээтэй газар нь хөрөнгө оруулалтыг шилжүүлэх хэрэгтэй, тухайлбал зарим тооцоо судалгаагүй шинээр барьсан сумын сургууль, цэцэрлэгийн нэг ангид маш цөөн хүүхэд суралцаж байна.
     
  4. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх: 2023 оны орон нутгийн төсөвт цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 100 хувь нэмэгдүүлэх санаачилгыг МАН-ын бүлгээс аймгийн ИТХ-д хэлэлцүүлсэн боловч олонхын саналаар 50 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн үр дүнд цэцэрлэгийн хүүхдийн хоолны амт чанарт тодорхой өөрчлөлт гарсанд талархалтай байгаа хэдий ч өнөөгийн өргөн хэрэглээний бараа, хүнсний барааны үнийн өсөлттэй уялдуулан ирэх оны төсөвт 100 хувь нэмэгдүүлэх. Мөн Даланзадгад сумын хэмжээнд зарим цэцэрлэгийн нэг ангид 58 хүртэл хүүхэд хүмүүжиж байгаа нь багш нарт нэлээд өндөр ачаалал өгч цайны цагаар ажлын байрнаасаа гарч үдийн хоолоо идэх ямар ч боломжгүй байгаад анхаарал хандуулж, шаардлагатай бол ажлын зураг авалт хийж баталгаажуулах, цэцэрлэгийн багшийн үдийн хоолны зардлыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэх.
     
  5. Хүүхэд хамгааллыг сайжруулах: Сүүлийн жилүүдэд улс, орон нутгийн хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг нэлээдгүй гарч байгаа тул хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг бүх түвшинд анхаарч ажиллах. Аймгийн ГБХЗХГазар, Иргэний нийгмийн байгууллагуудаас 2024 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлах санаачилга гаргаж байгааг бодлогоор дэмжих, төсөв төлөвлөгөөнд энэ чиглэлээр бодит ажлуудыг суулгаж батлуулах.
     
  6. Хөдөө аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах: Сүүлийн жилүүдэд аймгийн нийт нутгаар бороо хур муу, гантай байсны улмаас малын бэлчээр нөхөн сэргэхгүйн улмаас малчид отор нүүдэл их хийж, баруун сумдын малчид сүүлийн гурван жилд оторлож байна. Аймгийн хэмжээнд 15 сумын 59 багт 6,584 малчин өрхөд нийт 2,2 сая толгой мал өвөлжиж байгаагаас нийт мал сүргийн 40 гаруй хувь нь дундаж тарга хүчтэй, 60 хувь нь дундаас доош тарга хүчтэйгээр өвлийг эхлүүлж байна. Иймд энэ өвөл, хаврыг даван туулахад малчдын эрүүл мэндийг дэмжих, отор нүүдэл, өвс тэжээлийн нөөцийг хангалттай бүрдүүлэх тал дээр төсөвт тодорхой хөрөнгө суулгах.
     
  7. Иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах: Аймгийн хэмжээнд иргэдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг 30.4%, үүнээс залуучуудынх 20 гаруй хувьтай, сүүлийн жилүүдэд шинээр хорт хавдраар өвчилж байгаа хүний тоо тогтмол нэмэгдэж 10,000 хүн амд 19.2 байгаа нь анхаарал татаж тул урьдчилан сэргийлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах чиглэлээр төсвийн оновчтой хуваарилалт хийж, эмч, сувилагч, ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах, дутагдалтай хүний нөөцийг хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогыг сайжруулахад анхаарах.
     
  8. Төрийн ил тод, нээлттэй байдлыг хангах: Аймгийн ИТХ-ын хуралдааныг ард иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй явуулж, аймгийн төсвийн хуваарилалт, зарцуулалт, тендерийн сонгон шалгаруулалт, гүйцэтгэлийн үйл ажиллагааг шилэн болгох, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэж байгаа асуудлын тухай мэдээллийг нийтэд хүртээмжтэй хүргэх.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.135) 2023 оны 11 сарын 30

ЮУ ХИЙСЭН ГЭЖ Төрийн алба хаагчдын цалинг ХОЁР ДАХИН НЭМЭХ ВЭ???????????????? түүний оронд багш, эмч нарын цалинг 2 дахин нэм.

0  |  0
төмөрөө(103.242.47.122) 2023 оны 11 сарын 30

өмнөговийн баялаг нийт монголын ард түмний өмч,яагаад ганц аймаг авна гэж

0  |  0
арай арай(202.9.40.111) 2023 оны 11 сарын 30

Уул уурхайд бүх ус, нутаг орноо сүйтгүүлчихсэн, цалин хөлс, нийгмийн асуудлыг нь бүр ч их нэмэгдүүлэх хэрэгтэй. Алтыг нь аваад Авдрыг нь хаяна гэгч л болж бгаа шүү.

0  |  0
тт(66.181.168.82) 2023 оны 11 сарын 30

монгол улс нэгдмэл улс , нэгдсэн төсөвтэй улс шүү дээ. орон нутгууд орон нутгийн байгалийн баялагтаа дулдуйдаж ингэж дураараа төсөв нэмж, захиран зарцуулах нь хууль зөрчихөөс гадна ёс суртахуун, хэм хэмжээгүй, сонгууль угтсан тэнэглэл гэхээс юу гэх вэ. ер нь цаашид ч хуулиа барьж төвлөрсөн төсөвт бүгдийг нь төвлөрүүлж авч байх хэрэгтэй, орон нутагт тодорхой хувийг нь үлдээж байснаас одоо даварч бүгдийг нь авна гэх нь байна шүү

1  |  1
Top