Хэвлэл, мэдээллийн зөвлөл /ХМЗ/-өөс сэтгүүлчдэд “Сонгуулийн үеийн хэвлэл, мэдээллийн манлайлал:Ёс зүйтэй нягталъя” сэдэвт сургалт хийсэн юм. Энэ үеэр ХМЗ-ийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нартай ярилцлаа.
Дэлхий нийт, НҮБ-аас ч гэсэн цахим орчинд тарж байгаа худал ташаа мэдээлэлтэй тэмцэх нэг гол субьект бол мэргэжлийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын редакциуд мэргэжлийн сэтгүүлчид гэдгийг бас онцолж байна. Тиймээс сэтгүүлчдэд оногдуулах үүрэг, хариуцлага алхам бүр тод болж байна гэдгийг судлаач, мэргэжилтнүүд хэлж байна.
Г.ГҮНЖИДМАА: ШУУД ДАМЖУУЛАЛТ, ХЭВЛЭЛИЙН ХУРАЛТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ИХ ИРДЭГ
-Хэвлэл, мэдээллийн зөвлөлд ямар утгатай өргөдөл, гомдлууд түлхүү ирдэг вэ. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Иргэд, олон нийт, үзэгч сонсогчид бол Хэвлэлийн зөвлөлд сэтгүүлчдийн бүтээл, редакцтай холбоотой асуудлаар өргөдөл гомдол гаргах боломжтой. Яагаад гэвэл хэвлэл, мэдээллийн агуулга, сэтгүүлзүйн бүтээлийн агуулгад хэн хяналт тавих үүрэгтэй юм бэ гэвэл үзэгч, сонсогч, уншигчид байдаг. Тэр хүмүүс хяналтаа сайн тавих тусам сэтгүүлзүйн чанар илүү сайжирч, чамбай болж, хэрэв алдаа мадаг байвал үүнийгээ засаж залруулах боломж гарч ирж байдаг. Хэвлэл, мэдээллийн зөвлөл өнгөрсөн хугацаанд 500 гаруй өргөдөл, гомдлыг хүлээж авч, дүгнэж шийдлээ. Эдгээрээс хархад нэн тэргүүнд гардаг цөөн хэдэн алдаа байна. Ялангуяа мэргэжлийн суурь зарчмуудаа чанд мөрдөхтэй холбоотой, мэдээлийг илүү их нягтлан шалгах, баталгаажуулах, олон талын эх сурвалжуудыг ашиглаж байж түгээх нь сэтгүүлзүйн ажлын мөн чанар, үнэт зүйл нь юм. Цахим орчинд маш олон мэдээлэл түгж байна. Иргэд, олон нийт өөрсдөө гар утсаараа дамжуулаад мэдээллийг түгээгч, хүлээн авагч, хуваалцагч болж хувирсан энэ цаг үед мэдээллийн үнэ зөв, баталгаатай байхыг хийх зүйл нь нягтлан шалгах ажиллагаа байдаг. үүнийг хэн хийдэг вэ гэвэл мэргэжлийн редакуцууд хийдэг. Мэргэжлийн сэтгүүлчид ч энэ ур чадвараа хөгжүүлэхээр өнөөдөр энэ сургалтад сууж байна. Тэгэхээр энэ нягталсан, шалгасан мэдээллийг олж авах нь иргэнд болон уншигч, олон нийтэд маш ач холбогдолтой байдаг.
-Нийтлэг алдаанууд яагаад гараад байна вэ?
-Үүний шалтгаан нь маш олон зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, энэ салбарын өөрийн хөгжил улс орны хөгжил ямар байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжид хэвлэл мэдээллийг дайрч гарахаас тойрч өнгөрөхгүй. Тэгэхээр салбарын өөрийнх нь эдийн засгийн хөгжил, хүн хүчний боломж, технологийн асар их хурдтай хөгжил энэ болгоноос дамжиж мэргэжлийн үйл ажиллагаа дутуу явагдах асуудлууд гараад байна. Дээр нь цахим орчинд түгсэн худал ташаа мэдээллийг эргээд хэвлэл, мэдээллийн редакциас гарсан мэтээр ойлгох хандлага нэлээн нийтлэг байдаг. Үүнийг ялгаж таних иргэдийн боловрол маш чухал юм. Тэгэхээр тал талд нь сэтгүүлчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтууд хэрэгтэй. Энэ салбарт үнэхээр хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулж ажиллахад тэдний эдийн засаг, санхүүгийн боломж нь сайн байх хэрэгтэй байна. Энэ мэтчилэн маш олон зүйл нөлөөлнө.
-Сонгууль, улс төртэй холбоотой ирж байсан гомдлууд олонх нь байна уу. Сонгуулийн үеэр ирдэг гомдлын бараг 80 хувь нь улс төртэй холбоотой болдог гэж сонссон. Хүний эрхийг зөрчөөд байгаа юм шиг биш атал цаагуураа төлбөртэй мэдээлэл явдаг, тэр нь сонголтод нөлөөлдөг гэж үздэг?
-Сонгуулийн үе бол маш онцгой үе. Сэтгүүлзүй онцгой үүргээ гүйцэтгэх ёстой. Олон нийтэд тэнцвэртэй мэдээллийг хүргэх ёстой чухал үе нь. Гэвч бодит нөхцөл байдалд сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хүн хүч болоод нөөцийн хязгаарлагдмал нөхцөл байдалд шилждэг. Ихэвчлэн төлбөртэй мэдээллүүд цагийг нь дүүргэчихдэг. Олон нийтийн болоод сонгогчдын боловсролыг дэмжихэд зориулсан нийтлэл, нэвтрүүлгийн цаг маш хомс байдаг. Нийтлэл, нэвтрүүлэгт явах, бэлдэх сэтгүүлчийн хүрэлцээ хязгаарлагдмал болж эхэлдэг гээд олон хүчин зүйл байна. Тухайн сонгуулийн үеэр хэвлэл, мэдээллээр гарч байгаа мэдээллийн агуулгатай холбоотой мэдээллийг эрх нь зөрчигдсөн хүмүүс гаргахад цаг хугацааны хувьд бас хэцүү байдаг. 18-хан хоногт бүх үйл явц өрнөөд явж байгаа учраас тэр хүн гомдлоо гаргаж, буцаагаад нэр төрөө сэргээлгэхэд цаг хугацааны хувьд маш хязгаарлагдмал. Гэсэн хэдий ч өнгөрсөн сонгуулиар Хэвлэл, мэдээллийн зөвлөлд цөөнгүй гомдол орж ирж байсан. Тэр нь голдуу улс төрийн намуудаас орж ирж байсан шууд дамжуулалт, хэвлэлийн бага хуралтай холбоотой байсан.
-Хэдэн жилийн өмнө хэвлэлийн хурлыг бид эх сурвалж гэж үздэг байсан. Одоо сэрэмжлэх ёстой болжээ?
-Ер нь бол эрх ашгийн зөрчилтэй талууд маш богино хугацаанд мэдээллийг дамжуулахдаа шуурхай аргуудыг ашигладаг. Шууд дамжуулалт хийх, эсвэл хэвлэлийн бага хурал зарладаг. Эдгээр нөхцөлд сэтгүүлчид онцгой анхаарч сэрэмжтэй байх хэрэгтэй юм. Аль ч талынх нь эрх ашигт татагдан оролцохгүй байх үүднээс харж байх хэрэгтэй юм. Ийм зөвлөмжүүд өгөгдөж байсан.
-Сонгуулийн үеэр гомдол ирсэн тохиолдолд хэрхэн шийддэг вэ?
-Сонгуулийн үеэр ажиллах түр журмаа гаргаж, маш богино, ердөө долоо хоногийн хугацаанд гомдлыг шийдвэрлэхээр ажилладаг.
-Түрүүнд хэлсэн нийтлэг алдаануудаас редакциуд хэрхэн зайлсхийх вэ. Мэдээж юуны өмнө ёс зүйн код, сэтгүүлзүйн зарчмаа мөрдөх, цаашилбал...?
-Мэргэжлийн редакциуд цахим орчноос ялгарч, тодорч, ялангуяа манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна. Ялангуяа дэлхий нийтээрээ, НҮБ-аас ч гэсэн цахим орчинд тарж байгаа худал ташаа мэдээлэлтэй тэмцэх нэг гол субьект бол мэргэжлийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын редакциуд юм, мэргэжлийн сэтгүүлчид юм гэж бас онцолж байна. Тиймээс сэтгүүлчдэд оногдуулах үүрэг, хариуцлага бол алхам бүр тод болж байна. Тэгэхээр редакциудыг мэргэжлийн гэдгээ илүү тодотгож харуулах, редакцийн бодлоготой байх, хэвлэл, мэдээллийн ёс зүйн дүрмээ ягштал мөрддөг байх, мэдээллийг нягтлан шалгах үйл ажиллагааг маш нямбай хийх, дээр нь ялангуяа сонгуулийн үеэр худал ташаа мэдээлэл маш их газар авдаг, тэрэн дээр нягтлан шалгах ажиллагааг давхар хийж, энэ үнэн зөв, тэр нь худал ташаа юм гэдгийг редакциуд хэлж өгөх нь сонгогчийн мэдлэг боловсролд, сонголтод тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр мэргэжлийн байх талд анхаарах, дээр нь мэргэжлийн бус ёс зүйн нийтлэг гардаг алдаанууд, хүүхэдтэй, хувь хүнтэй, хохирогчтой хэрхэн яаж харилцахаас, олон талт эрх ашгийн маргааны үед тэнцвэртэй дундын байр суурьтай байх гэсэн бүх үндсэн зарчмуудаа мөрдөж ажиллаасай гэж бодож байна.
-Сошиал, мэргэжлийн редакцийн ялгаа иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдол дээр хийсэн судалгаа, статистик байна уу?
-2020 онд бид эрх бүхий байгууллагуудаас хэвлэл, мэдээлэлтэй холбоотой, мөн иргэдийн үзэл болдлоо илэрхийлэх эрх чөлөөтэй хамааралтай өргөдөл гомдлууд хэр ирсэн бэ, тэдгээрийг хэхэн шийдвэрлэгдсэн бэ гэдэг мэдээллийг хууль хүчний байгууллагуудаас авч байсан. Тэгэхэд 10 сарын хугацаанд нийтдээ 200 гаруй өргөдөл гомдол гарсан байна. Тэр нь Эрүүгийн хуулийн 13.14 буюу худал мэдээлэл тараах гэсэн заалттай холбоотой байсан. Эдгээрийг хөндлөнгөөс харах юм бол үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг гол хэрэгжүүлэгчид нь сэтгүүлчид юм. Сэтгүүлчид худал мэдээлэл тарааж, ийм олноороо шүүх, цагдаад дуудагдсан юм байна гэж харах байтал яг статистик тоог нь харахад үүний 18 нь л редакцийн эсрэг гомдол байсан, бусад нь иргэн хоорондын маргаан байсан. Тэгэхээр 10 хүрэхгүй хувь нь л мэргэжлийн редакциудтай холбогдсон. Тэднээс шийтгэгдсэн тохиолдол бас ховор байсан. Иймд бид энд мэргэжлийн сэтгүүлчдийн ялгаа байна, мөн сэтгүүлчид мэргэжлийн дүрмээ баримталж ажиллахад худал ташаа мэдээллийг түгээгчид биш юм гэж үзсэн. Тэгэхээр сошиал дээр байгаа жирийн иргэдийг худал ташаа мэдээллийг хуваалцахгүй, түгээхгүй байх талд нь илүү их мэдлэгжүүлж ажиллах шаардлагатай. Үүнд хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо өндөр юм.
Д.БАТ-ЭРДЭНЭ: ЦАХИМ ОРЧИНД ГҮТГЭСЭН ГЭХ МАРГААН СОНГУУЛИАР ИХ ГАРДАГ
-СЕХ-ноос сонгуультай холбоотой ямар мэдээллийг сэтгүүлчдэд өгөхийг зорьж байна вэ?
-Ирэх онд УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгуулиуд болно. Сонгуулийн жил эхлэхээс өмнө сэтгүүлчдэд сонгуулийн хууль тогтоомжуудад ямар өөрчлөлт орсон бэ гэдэг талаар мэдээлэл өгье. Хоёрдугаарт, зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхийн бусад улс орны сонгуулийн байгууллагад тулгамдаж байгаа нэг асуудал нь цахим орчин дахь олон нийтийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгахгүйгээр энд тэнд түгээдэг, энэ нь эргээд сонгогчдын саналд нөлөөлдөг хүчин зүйл болсон. Иймээс үүнд сэтгүүлчдийн оролцоо маш чухал. Тиймээс сонгуулийн үеэр мэдээллийг түгээхдээ албан ёсны эх сурвалжаас нь мэдээлэл авдаг байгаасай. Мэдээллээ авахдаа үнэн зөв авах хэрэгтэй байна. Дээрээс нь мэдээллийг бусдад түгээхдээ нягтлах шаардлагатай гэдгийг сэтгүүлчид өөрсдөө хэрэгжүүлээд зогсохгүй сонгогчдод тайлбарлаж таниулаасай гэдэг ойлголтыг өгөхөөр ХМЗ-ийн уулзалт сургалтад СЕХ хамтран оролцож байна.
-Цахим орчин дахь иргэдийн тараасан худал мэдээлэл гэж та хэллээ. 2020 оны сонгуулийн дараа энэ чиглэлээр хэчнээн гомдол ирсэн бэ?
-2016 оноос хойш СЕХ бол нэгдсэн удирдлагаар хангаж, сонгуулийг зохион байгуулдаг төв байгууллага болсон. Зөрчил, гомдол, маргааныг шийддэг байгууллага биш. Сонгууль зохион байгуулаха нийт 31 төрийн байгууллага оролцдог. Үүнээс ес нь сонгуультай холбоотой зөрчил, маргааныг хянан шалгадаг. Харилцаа холбооны зохицуулах хорооны үүрэг, чиглэл их бий. Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж байгаа харилцаан дээр тодорхой хэмжээний хяналт тавьж оролцдог.
-Өнгөрсөн сонгуулиар ямар гомдол их гарсан бол?
-Өнгөрсөн сонгуулиудаар ХХЗХ дээр ирсэн гомдол мэдээллүүд гэвэл хэн нэг нэр дэвшигчийнхтэй адил хуурамч хаяг үүсгээд сонгуулийн үеэр ашиглах гэх мэт зөрчил илэрсэн.
-Фээсбүүк дээрх мэдээллийг зохицуулах боломж хомс гэж түрүүнд ярьсан. Үүнийг цаашид яах вэ?
-Шууд зохицуулах боломжгүй. Тиймээс олон улсын байгууллагуудтай яаж хамтарч ажиллах вэ. Эх сурвалж болоод байгаа мета, твиттер гэх мэт байгууллагатай яаж хамтрах вэ. Сонгогчдыг төөрөлдүүлээд байгаа худал мэдээлэлд ямар арга хэмжээ авах вэ, богино хугацаанд яаж зогсоох ёстой вэ. Бид үр дагаврынх нь хойноос хөөцөлдөх биш, үр дагаврыг гарахаас урьдчилан сэргийлэх дээр түлхүү ажиллах ёстой гэж үздэг. Иймээс сэтгүүлч, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох хөтөлбөрийн нэг модуль нь мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгах гэсэн өнцөг юм. Өнгөрсөн сонгуулиудаар дандаа цахим орчинд гүтгэсэн, доромжилсон мэдээлэл гарч байна гэсэн гомдол маш их гарч байсан. Тэр нь ТЕГ, Цагдаагийн байгууллагад очиж шийдэгддэг. Гол нь гарсны дараа биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллах ёстой.
-Шинэ хуульд энэ зохицуулалтууд хэрхэн тусгагдсан бэ?
-Цахим орчин ашиглахтай холбоотой, би түрүүнд хэлсэн өөр платформ дээр ямар нэгэн хууль гаргаж шууд зохицуулах боломжгүй. Харин хамтарч ажиллах шаардлагатай. Гэхдээ суурь зохицуулалтууд нь байх ёстой. Жишээлбэл, та цахим орчин ашиглаж сонгуулийн сурталчилгаа байршуулах гэж байгаа бол түүнийгээ албажуулж ХХЗХ-нд бүртгүүлэх ёстой. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн зардлыг тодорхой хэмжээгээр бууруулах ёстой гэсэн үндэслэл байсан. Цахим орчинд сурталчилгаа хийж буй зардалд өнгөрсөн сонгуулиар ямар нэгэн судалгаа, хяналт байгаагүй. Их хэмжээний зардал гараад байгаа тул зохицуулалт байх ёстой гэж үзээд, сонгуульд гаргаж буй нийт зардлын 15 хувь нь цахим орчинд байя гэсэн зохицуулалтыг тусгасан.
-15 хувиас хэтрүүлбэл ямар хариуцлага хүлээх вэ?
-Сонгуульд оролцоно гэдэг өөрөө маш том хариуцлага гэдэгт л сонгуулийн хуулийн гол концепц явж байгаа. Ямар нэгэн байдлаар сонгуульд оролцож чадаагүй бол шууд хаяад явчихаж болохгүй. Нэр дэвшинэ гэдэг өөрийгөө иргэдээс илүү гэж үзэж буй учраас нэр дэвшиж байгаа гэсэн үг. Тиймээс ядаж сонгуулийн тайлангаа хуулийн хугацаандаа гаргаад өгчихдөг байх хэрэгтэй. Хэрэв гаргаж өгөхгүй бол өндөр хэмжээний торгууль тооцохоор хуульд оруулсан. 2020 оны сонгуулиар 600 гаруй нэр дэвшигч зардлын тайлангаа хугацаандаа гаргаж өгөөгүй, дутуу гаргасан гэдэг үндэслэлээр торгуулсан. Нэр дэвшинэ гэдэг эргээд том хариуцлага болохыг хуулиар зохицуулж өгсөн.
-Сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр явуулснаар зардал буурах уу, эсвэл?
-Сонгуулийн тойрог том байх уу, жижиг байх уу гэдэг бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. УИХ-ын сонгуулиар тодорхой заасан байгаа. Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө тойргийг тогтоож, тойрог доторх мандатын тоог тогтоох ёстой гэж байгаа. Энд одоогоор албан ёсны байр суурь илэрхийлэх боломжгүй. Харин хувь судлаачийн байр сууриас хэлэхэд өнгөрсөн найман удаагийн сонгуулийг дөрвөн удаад нь томсгосон тойргоор, энэ нь дээд тал нь 29 тойрогтойгоор явагдсан бол бусад нь жижиг 76 тойргоор зохион байгуулагдсан.
-Томсгосон болон жижиг тойргийн эерэг, сөрөг тал нь юу вэ?
-Бид төсөв хэлэлцэх үеэр ярьдаг. Жижиг тойрог байх тусмаа тухайн төсвийн нэгдсэн бодлого алдагдахад хүрдэг гэх мэт сөрөг үр дагаврууд байдаг. Тиймээс томсгосон тойргийн эерэг үр дүн үүн дээр илэрч байж болох юм. Гэхдээ аль ч сонгуулийн хувьд төгс тогтолцоо гэж байхгүй. Тэгэхээр томсгосон тойргийн сөрөг үр дагавар ч бас байна. Өөрөөр хэлбэл, шинэ залуу нэр дэвшигчид сонгогчдод өөрийгөө танилцуулахад бас учир дутагдалтай. Яагаад гэвэл, тэр том тойрогт 17-хон хоногт өөрийгөө тайлбарлан таниулах, хөтөлбөрөө танилцуулахад харьцангуй хугацаа нь бага байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )