Дэлхийн хамгийн үнэтэй амтлагчийн үнэ өссөөр байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 27

Цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдөж, усны хомстол нүүрлэсэн нь дэлхий дээрх хамгийн үнэтэй амтлагч болох Ираны гүргэмийн ургацыг огцом буурахад хүргэж, улмаар үнэ нь улам өсөх шалтгаан болоод байна гэж “Financial Times” мэдээлжээ.

Гүргэмийн үйлдвэрлэл 400 тонноос 170 тонн болж буурна гэж “Novin Saffron” компанийн гүйцэтгэх захирал Али Шариати Могаддам мэдэгдсэн байна. Гүргэмийн биржийн тэргүүн Торбете Жам Можтаба Паям Асгарийн хэлснээр, хүйтэн өвөл, хуурай хавар, халуун зун тус бүс нутгийн цар уурын нөхцөл байдал сөргөөр нөлөөлж, ган гачигт нэрвэгдэхэд хүргээд байна. Үүний улмаас гүргэмийн үнэ дотоодын зах зээл дээр нэг кг нь 1400 ам.доллар болж нэмэгджээ. Өнгөрсөн оныхтой харьцуулахад амтлагчийн үнэ хоёр дахин өссөн байна. Олон улсын зах зээл дээр гүргэм нэг кг нь 1800 ам.долларт хүрэх магадлалтай байна.

Гүргэм нь дэлхийн хамгийн үнэтэй амтлагчид тооцогддог. 2014 онд нэг кг гүргэм 2000 ам.долларт хүрч, рекорд тогтоож байв. Иран улс гүргэмийн хамгийн том нийлүүлэгч бөгөөд дэлхийн зах зээлд 92 хувийг нийлүүлдэг байна. Нэг кг гүргэм үйлдвэрлэхэд 170 мянган гүргэм цэцэг шаардагддаг байна. Гүргэм цэцгийг арав, арваннэгдүгээр саруудад гараар түүдэг тул энэхүү амтлагч өндөр үнэтэй байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top