БНАСАУ энэ оны анхны пуужингаа хөөргөлөө

2024 оны 01 сарын 15

БНАСАУ өчигдөр баллистик пуужин хөөргөлөө. Японы тэнгисийн зүг хөөргөсөн уг пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

NHK телевизийн мэдээлснээр пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн оффисын дэргэд Хямралын штаб байгуулсан байна.

БНАСАУ өнгөрсөн сард мөн тив алгасах баллистик пуужин хөөргөсөн билээ. Өчигдөр хөөргөсөн пуужин нь 2024 онд БНАСАУ-ын хөөргөсөн анхны пуужин юм.  

БНАСАУ 2022 оны сүүлээр арваннэгдүгээр сарын 18-нд тив алгасах баллистик пуужин амжилттай туршсаны ойг тохиолдуулан уг өдрийг Үндэсний пуужингийн аж үйлдвэрийн өдөр болгон тунхагласан билээ.

Хойд Солонгос нь дэлхийн хамгийн хүчтэй тив алгасах пуужинтай болсон байна. Мөн дэлхийн чансааны цөмийн энергийн хүчин чадалтай болжээ. Өнгөрсөн онуудад хөөргөсөн “Хвасон-17”, “Хвасон-18” пуужин нь АНУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь цохих хүчин чадалтай гэж судлаачид үздэг.

Өмнөд Солонгос, АНУ, Японы Батлан хамгаалахын сайд нар Хойд Солонгосын харвасан баллистик пуужинг илүү сайн илрүүлж, дүн шинжилгээ хийх зорилгоор пуужингийн сэрэмжлүүлгийн мэдээлэл солилцох системийг нэвтрүүлжээ. Энэ нь БНАСАУ-ын пуужинг илрүүлэх, дүн шинжилгээ хийх талаар улс орон бүрийн чадавхыг сайжруулахад чиглэсэн аж.

Талууд мөн хамтарсан сургуулилтыг хийж буй. Мөн цаашид гурван талын сургалтыг янз бүрийн чиглэлээр тасралтгүй өргөжүүлэх зэрэг цэргийн төлөвлөгөөнүүдийг гаргасан байна.

Гэхдээ Япон тэргүүтэй улсууд Пёньяны сүүлийн үед явуулж буй пуужингийн болон цөмийн үйл ажиллагааг буруутгаж буй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудын дагуу Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө нягт хамтран ажиллана гэжээ.

Хойд Солонгос нь өнгөрсөн онд олон удаа пуужин хөөргөж, бүс нутагт аюул занал учруулсан гэж хатуу шүүмжлэлд өртсөн юм. Хатуу түлшт “Хвасон-18” тив алгасах пуужинг хэд хэдэн удаа туршсанаас гадна анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top