ОБЕГ-ын дэд дарга бөгөөд Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр /2024.02.24/ цаг үеийн мэдээлэл өглөө.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шуурхай штабаас малчдад яаралтай тусламж үзүүлэх, хүмүүнлэгийн хандив тусламжийг хүргүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээнд онцгой байдлын алба хаагчдаас гадна, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, цагдаагийн байгууллагын алба хаагчид, туулалт сайтай машин техникийг зам харгуй гаргах, хүмүүнлэгийн тусламж хүргэхэд дайчилж байна.
Сүүлийн долоо хоногт нийт 1966 малчин өрхөд хүрч, 10009 км хаагдсан зам гаргаж, 1528 тонн өвс, тэжээл хүргэжээ. Ажиллагааны хугацаанд нийт 12 тонн АИ-92, 20 тонн дизель түлш, 112 сая төгрөгийн шатахуун зарцуулав.
Ард иргэд, аж ахуйн нэгжүүд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан малчдад туслах хандивын аяныг идэвхтэй зохион байгуулж байна. Одоогийн байдлаар, 22 аж ахуйн нэгж, байгууллагын нэг тэрбум 39 сая төгрөг мөнгөн хандив, 562 сая төгрөгийн бараа материалын тусламж ирүүлээд байна. Онцгой байдлын шуурхай штаб хүмүүнлэгийн тусламж шаардлагатай газар, малчдын хотонд хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Үүнээс гадна олон улсын байгууллагууд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх аянд идэвхтэй нэгдээд байна. Тухайлбал, “Дэлхийн зөн” байгууллага 4027 өрхөд хүнс, тэжээлийн тусламж үзүүлжээ. Монголын улаан загалмай нийгэмлэг 2150 өрхөд бэлэн мөнгө болон малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлсэн. Бэлэн мөнгөний тусламж малчны өөрийнх нь дансанд шууд ордог. Ойролцоогоор нэг малчин өрхөд 550 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж очиж байна.
“Адра” байгууллагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 68 өрхөд 660 мянган төгрөгийн тусламж тус бүр үзүүлсэн. “Хүүхдийг ивээх сан”-гаас таван аймгийн 900 өрхөд бэлэн мөнгө, малын тэжээл хүргэв. Нийтдээ олон улсын байгууллагуудын хүрээнд 1.8 сая ам.долларын хандив, хөрөнгө босгоод байна. Мөн донор орнуудаас хандив, хөрөнгө босгох ажил үргэлжилж байна.
НҮБ-ын Хүн амын сан, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 13 аймгийн 700 өрхөд охид, эмэгтэйчүүдийн багц өгсөн. НҮБ-ын Хүүхдийн сангаас гурван аймгийн 2500 хүүхдэд боловсролын багц, 625 өрхөд ариуэ цэврийн багц, эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүллээ.
Эрүүл мэндийн яам, ДЭМБ тусламж хүргүүлээд байна.
Улаан загалмай малын тэжээл, долооцыг хүргүүлж байна. Жишээ нь, загасны тос малын тамир, тэнхээг сайжруулах, халцарсан хөлд түрхэх зэрэгт сайн.
ОБЕГ-аас хүнсний багц бэлтгэн хүргэж байна.
Сүүлийн үед малын хорогдол нэмэгдэж буйтай холбогдуулан хавраас малын сэг зэм устгах ажил явагдана.
Шар усны үерийн аюул нүүрлэж байна. Үүнтэй холбогдуулан цэргийг тусламж үзүүлэх, цас зайлуулах арга хэмжээ авч байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сум болгонд царгас,ногоон тэжээл тариалж наад хомсодлоосоо сал