Улс төрийн барууны үзэл рүү ШИЛЖИХ НЬ ба Европын парламентын СОНГУУЛЬ

2024 оны 06 сарын 11

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйены багтдаг Европын ардын нам Европын парламентын сонгуульд урьдчилсан дүнгээр ялалт байгууллаа. Тус нам өндөр хувиар ялалт байгуулсан талаар Европын парламентын өмнөх бүрэлдэхүүний тэргүүн Роберта Метсола мэдэгджээ. Европын ардын нам 720 суудлаас 189-ийг нь авч байгаа бөгөөд үүгээрээ Европын парламентын одоогийн бүрэлдэхүүнтэй харьцуулахад байр сууриа сайжруулж байгаа аж.

Европын комиссын тэргүүн Урсула Фон дер Ляйен “Европын парламент нэг зорилготой, тэр дундаа Украиныг дэмжих асуудал дээр нэгдмэл зорилготой хүмүүстэй хамтран ажиллах болно” гэж мэдэгджээ. Тэрбээр “Европыг, Украиныг дэмждэг, хуулиа дээдэлдэг хүмүүстэй өмнөх шигээ хамтран зүтгэхийг хүсэж байна” гэв. Европын парламентын шинэ олонх нь Европыг дэмжигч, Украиныг дэмжигч болно гэж Европын комиссын тэргүүн мөн мэдэгдсэн билээ.

Европын Холбооны гишүүн орнуудад Европын парламентын сонгуулийн санал хураалт энэ сарын 6-наас эхэлж, сонгуулийг тухайн орны хууль тогтоомжийн дагуу 6-нд Нидерландад, 7-нд Ирланд, Чехэд, 8-нд Итали, Латви, Мальта, Словакт, 9-нд бусад гишүүн оронд санал хураалт явагдлаа. Европын Холбооны нийт 375 сая сонгогч Европын парламентын 720 гишүүнийг сонгох юм. Европын Холбооны ирэх таван жилийн бодлогыг тодорхойлох Европын парламентын ээлжит сонгууль ЕХ-ны гишүүн 27 улсад болж, Европын парламентын 720 суудлын төлөө Европын 200 орчим намын төлөөлөл өрсөлдөв.

Сонгогдсон депутатууд ирэх долоодугаар сарын дундуур шинэ бүрэлдэхүүнээр анхны хуралдаанаа хийнэ. Баруун төвт үзэлт Европын ардын нам дээрх сонгуульд ялалт байгуулж байгаа нь Европын Холбооны парламентын бүтэц улс төрийн барууны үзэл рүү шилжих төлөвтэй байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэв.

Энэ сонгууль нь Европын Холбооны урд тулгараад байгаа Орос-Украины дайн, цаг уурын өөрчлөлт, цагаачлал гэх мэт сорилтыг хэрхэн даван туулахыг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Брекситийн дараах анхны сонгууль

Европын парламентын сонгууль нь 1979 оноос эхэлсэн Европарламентын 10 дахь үндэсний сонгууль, брекситийн дараах анхны сонгууль юм. Санал хураалтаас өмнө явуулсан асуулгаар Либерал болон Ногоон намынхан суудал алдаж, улс төрийн баруун төвт болон зүүн төвт үзэлтэй намын олонх байр суурь алдагдана гэх таамаг гарсан байсан.

Европын парламент дахь хамгийн том хоёр байгууллага нь Европын ардын нам (EPP) болон Европын социалист нам (PES). Европын ардын нам нь баруун төвт үзэлтэй бол Европын социалист нам нь зүүн төвт үзэлтэй нам юм.

Сонгуулийн албан ёсны урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан Европын ардын намын дараа хоёрт Социал демократ хүчин явж байна. Тус хүчин 135 мандат авсан /өмнө нь 139 байсан/ бол гуравт либерал фракц болох Европын шинэчлэл 83 суудалтай байна. Энэ нь 2019 оны Европын парламентын сонгуулиас 19-өөр цөөхөн суудал юм.

Тэгвэл Ногоон/Европын чөлөөт холбоо нам томоохон ялагдал хүлээлээ. Евро парламентад 72 суудалтай байсан тэд энэ удаагийн сонгуулийн урьдчилсан дүнгээр 53 суудлаа л хадгалж үлдээд байна. Европын консервативчууд болон шинэчлэгчид нам 72 суудал, баруун төвт Ондоошил ба Ардчилал фракц 58, Европын нэгдмэл зүүнийхэн/Умардын зүүн-ногоон 35 суудал аваад байгаа бол 95 суудлыг нам, фракц бус депутат авчээ.

Европын Холбоо даяар сонгуулийн ирц 51 хувьтай байв. Таван жилийн өмнө энэ үзүүлэлт 50.66 хувь байсан юм.

Эсэргүүцэл ба дэмжлэг

Европын ардын нам (EPP) болон Европын социалист нам (PES) нь холбооны гишүүн орнууд дахь улс төрийн намуудтай холбоотой ажилладаг. Европ дахь олон сонгогч амьжиргааны өртгийн өсөлт, хэт их цагаачлал, ногоон эрчим хүчид шилжих зардал болон геополитикийн хурцадмал байдалд санаа зовж буй. Өмнөх Европын парламент улс төрийн зүүний бодлого баримталж ирсэн нь дээрх асуудлууд үүсээд буй нөхцөл байдалд барууны талыг баримтлагч намуудын дэмжлэг нэмэгджээ. Европын Ногоон намынхан нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хязгаарласан өртөг өндөр бүхий бодлого явуулсан нь газар тариалан, аж үйлдвэр эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Ногоон намынхны ногоон энергид шилжих гэсэн бодлого нь энгийн айл өрхүүдийн амьжиргааны зардлыг нэмэгдэхэд хүргэсэн тул тус намын суудал багасах төлөвтэй байв.

Европын парламентын сонгуулиар Нидерландын иргэд 31 гишүүнийг, Ирландад 14 гишүүнийг, Чехийн иргэд 21 гишүүнийг, Итали 76 гишүүн, Латви есөн гишүүн, Мальта 6 гишүүн, Словак 15 гишүүнийг сонгоно. Тэгвэл Австри 20 гишүүн, Бельги 22 гишүүн, Болгар 17 гишүүн, Хорват 12 гишүүн, Кипр зургаа, Дани 15, Эстон долоо, Финланд 15 депутат, Франц 81 депутат сонгоно. Герман 96, Грек 21, Унгар 21, Литва 11, Люксембург зургаан депутатыг сонгох бол Польш 53, Португал 21, Румын 33 депутат, Словени ес, Испани 61 гишүүнийг сонгох ёстой.

Европын парламентын сонгуулийг таван жил тутамд нэг удаа явуулдаг. Сүүлийн сонгууль 2019 онд болсон.

Европын парламентын тухай

Европын парламент нь Европын Холбооны гишүүн орнуудын иргэд шууд сонгож бүрдүүлдэг хууль тогтоох байгууллага юм. Европын парламент, Европын Холбооны Зөвлөл хоёр нь нийлээд Европын Холбооны хоёр танхимт хууль тогтоох засаглалыг төлөөлдөг дэлхийн нөлөө бүхий парламент гэж тооцогддог. Европарламент бол Европын Холбооны долоон байгууллагын нэг юм.

Европын парламентын төв байр нь Францын Страсбург хотод байрладаг. Парламентын захиргааны алба нь Люксембург хотод байдаг юм. Чуулганы нэгдсэн хуралдаанууд нь Страсбург болон Бельгийн нийслэл Брюссель хотод болдог бол парламентын Байнгын хорооны хуралдаанууд нь ихэнхдээ Брюссельд болдог.

Анх 1952 оны есдүгээр сарын 10-нд анх хуралдахдаа тус парламент нь бусад байгууллагын нэгэн адил өнөөгийн байдалдаа хүрч төлөвшөөгүй байв. Европын парламент нь 1957 онд Европын хамтын нийгэмлэгийн ассамблей нэртэйгээр байгуулагдаж байсан юм.

Анхнаасаа ЕП-ын гишүүдийг нь Европын Холбооны гишүүн орнуудын парламентаас томилдог байж байгаад сүүлд 1979 оноос иргэд сонгодог болжээ. Европарламентын гишүүд нь нийт Европын намын нэгтгэлүүдийг төлөөлсөн улс төрийн фракцууд буюу бүлгүүдэд хуваагддаг байна. Эдгээрийн хамгийн том гэгдэх таван бүлэг бол Европын ардын намын бүлэг (European People's Party Group -EPP), Социалист ба Ардчилсан намуудын дэвшилтэт холбоо (Progressive Alliance of Socialists and Democrats-S&D), Европын шинэчлэл (Renew Europe, өмнө нь ALDE), Ногоонууд/Европын чөлөөт холбоо (Greens/European Free Alliance,/EFA) болон Ондоошил ба Ардчилал (Identity and Democracy -ID) юм.

Европын парламентын даргыг 2.5 жилийн хугацаатайгаар өөрсдөө бие дааж сонгодог. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top