Авлигад цэг тавьж, ард түмэн ялах эсэхийг Зүүн бүсийнхэн шийдэх нь ээ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 06 сарын 17

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа ид үргэлжилж, өнөөдрөөс өрнөлийнхөө оргил цэг рүү шуударч байна. Нэр дэвшигчид зорилгоо ярих бус зодоон, цохионы сэдвээр хэл амаа билүүдэх болсон нь ажиглагдана. Мөн өрсөлдөгч намууд рейтингээр илүү яваа Ардын нам руу, тус намын дарга Л.Оюун-Эрдэнэ рүү овоо хараагаа чиглүүлж эхэлжээ. Үүний ард хэн байна вэ, ямар зорилго агуулж байна гэдэгт иргэд, сонгогчид  анхаарал болгоомжтой байхгүй бол нэгийгээ харлуулах гэсэн улс төрийн захиалгат үйл явдлууд даамжирч, тэр нь юунд ч хүргэж болзошгүй юм. Эхнээсээ ч ийм зүйлүүд болоод эхэллээ. Мэдээж зорилготой, зорилттой  элдэв явуулгын хөшигний ард нам дамнасан улс төр, эдийн засгийн  бүлэглэл, нэр бүхий нэг хоёр хүнийг тойрсон хүрээлэл, улс төрийн өрсөлдөгчид, авлига, албан тушаалын хэрэгтнүүд язганаж байгаа нь ойлгомжтой.

Сүүлийн үед зохион байгуулалттайгаар камер бариад аль нэг нэр дэвшигчийг мөрдөж мөшгиж яваа хувийн мөрдөгч Монголд олшров. Гадаад оронд оддын амьдралаар дагнаж амьдардаг “папрацчид” байдаг бол манайд сонгуулийн дүйвээнээр гараад ирсэн нь энэ. Хэн  болохыг  нь иргэд сонгогчид гадарлаж  байгаа, үг үйлдлээр нь таньж ч буй биз. Өнгөрч буй өдрүүдэд л гэхэд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энд тэнд хэлсэн үгийг мушгин гуйвуулах боллоо. Түүнийг дайн хийх, дайтах тухай ярьсан хэмээн гүтгэж буй. Түүний иргэдтэй уулзахдаа хэлсэн үгнээс  нь “...Сонголт хэрхэн хийгдсэнээс хамаарч дэлхийн 3-р дайн болох уу, үгүй юу эсвэл дэлхийн газрын зураг өөрчлөгдөх үү, үгүй юу гэдэг том хэмжээний эрсдэлтэй дэлхий нийт нүүр тулна” гэснийг  тасдаж аваад сошиал орчинд олноор шэйрлэн тараах болсон. Гэтэл Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүтнээр нь сонсвол “...Дэлхий дахинд 60 гаруй улс оронд сонгууль болж байна. Хүн төрөлхтний 50 хувь нь саналаа өгнө. Сонголт хэрхэн хийгдсэнээс хамаарч дэлхийн гуравдугаар дайн болох уу, үгүй юу эсвэл дэлхийн газрын зураг өөрчлөгдөх үү, үгүй юу гэдэг том хэмжээний эрсдэлтэй дэлхий нийт нүүр тулна. Дэлхийн хоёр  том гүрний дунд байдаг Ардчилсан парламентын засаглалтай Монгол Улсын хувьд “Тусгаар тогтнол, Ардчилсан парламентын засаглал, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөгөө юу юунаас илүү эрхэмлэн дээдлэх учиртай”  хэмээн эе эвийн санааг илэрхийлснийг ийнхүү мушгин гуйвуулах болов.

Улс төрийн ашиг хонжоо хайгчид юуны өмнө нийгэмд талцал, тэмцэл,  хагарал зөрчлийг л бий болгохыг хичээдэг. Золиос нь ард түмэн болдог, амь насаа хүртэл алддаг. Өвөрхангайд нутгийн хоёр иргэн намчирхаж, зөрчилдөж улмаар нэг нь нөгөөгийнхөө аминд хүрчээ. Өнгөрөгч  2020 оны УИХ-ын сонгуулиар говийн аймагт  намын дэд дарга залуур аймгийнхаа балгах дуртай залууг дуудаж ирүүлэн шил архи авч өгч зүрхийг нь чангалаад нэр дэвшигчийг айлгаж дарамталж  байгаад “мөнгө салгаад ир” гээд  хэмээн явуулсан байдаг. Бүр өөрийнхөө намын нэр дэвшигчийг шүү. Өнөөх нь согтоод тоосго барьж ороод айлгах биш алахыг завдсан хэрэг гарсан удаатай. 2008 оны сонгуулиар Ц.Элбэгдорж нар долдугаар сарын 1-ний үймээн самууныг дэгдээж, таван иргэн амиа алдсан. Үүгээр далимдуулан Ардчилсан намынхан Засгийн газарт шургалсан. Улс төрчдийн улайрсан шуналын золиос нь иргэд, албан үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид болж зарим нь хүнд  гэмтэж бэртэж, зарим нь амиа алдаж, зарим нь шоронд орсон гашуун түүх бий. Ийм зүйлд хүрч очиж болохгүйг иргэд хаа хаанаа ухаармаар байгаа юм.

Өрсөлдөгчдийнх нь зүгээс  рейтингээр илүү яваа Ардын нам руу, тус намын дарга руу овоо хараагаа чиглүүлж байгаа. Цаашид тэр яван чангарах байх. Харин иргэд л тэрэнд автаж боломгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “дайтаж байна” гэвэл “дайтах дуртай” гэвээс тэр авлигатай л дайтаж яваа, авлигачидтай л дайсагнаж байгаа, тэмцэж байгаа улстөр дэх шинэ үеийн төлөөлөл. Том хэмжээндээ нам дамнасан, тэр бүү хэл улс гүрэн дамнасан авлигачидтай “дайн” зарласан. Бага түвшиндээ орон нутаг дахь авлигатай тэмцэхээ илэрхийлсэн. Засгийн газраас “5Ш ажиллагаа”-г зарлаж, хил дамнан зугатсан авлигачдыг Ж.Бадамжунайгаас  эхлэн бариулж авчирсан. Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал тэргүүтнүүд АНУ-д орогнож байгаа. Ашиг нь Орхон аймгийн  иргэдэд очих ёстой “Эрдэнэт”-ийн овоолгыг Ц.Элбэгдоржтой, П.Цагаан нар идэж хөлжиж байгаатай тулсан. Өмнийн говийн баялгийг баруун солгойгүй “өвөртөлж” баяжсан “Нүүрсний хулгайч” нартай тэмцсэн. Хөгжлийн банкийг тоносон тонуулчид,  Боловсролын зээлийн сангийн хулгай, Ногоон автобусны булхай, Чанаргүй эм оруулж ирдэг тендерийн наймаа гээд бүх шатанд авлига, хулгайтай тэмцсэн. Тэр 30 жилийн алдаа завхралыг засах том давлагааг эхлүүлсэн. Тэр хэрээр өөртөө олон дайсан төрүүлсэн. Өнөөдөр авлига хээл хахууль, албан тушаалын хэрэгт холбоо сүлбээ бүхий олон хүний  өшил хорсол түүн рүү чиглэж буй. Бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн авлигын эсрэг тэмцэлд цэг тавьж, хамсаатнууддаа хариуцлагаас бултуулахын тулд энэ сонгуулиар түүнийг дарж авахсан гэж хичээн  өөрсдийн гар хөлийг “цэргээр”  бол фронт фронтоор нь илгээж, сошиал орчинд хэдэн мянган тролл ажилуулж байгаа нь  нууц биш юм. Энэ хүртэл 30 жилийн  ялзрал завхралтай нүүр тулж, засахаар барьж авсан Ерөнхий сайд хэдсэн билээ. Мэдээж, үе үеийн Ерөнхий сайд үүргээ гүйцэтгэсэн, тэд дор бүрдээ ажилласан байж таарна. Амь насанд нь халтайг мэдээд айсан ч байж болох. Дарамт шахалтад өртсөн ч юм бил үү. Ихэнх нь бүрэн эрхийн хугацаагаа гүйцээлгүй 1.6 жил болоод огцорч байсан. Одоогийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүх  Ерөнхий сайд байхдаа “Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэж чуулганы танхимд, Төрийн ордонд  хэлсэн нь бий. Дараа нь  Л.Оюун-Эрдэнэд  тамгаа гардуулахдаа захисан, хэлсэн зүйлүүд мэдээж байж таарна. Эцэст нь Монгол Улсын 30 жилийн алдаа завхралтай тулж, авлига, хулгайтай төрийн түвшинд  тэмцэж байгаа  хүн нь Л.Оюун-Эрдэнэ л байна. Түүнээс өмнө авлигатай тэмцсэн нь хэд вэ. Тэгвэл түүнээс хойш тэмцэх хүн гарах болов уу. Авлигатай тууштай  тэмцэх эр зориг хэн хүнд байхгүй, боломжгүйг бид харж байна, өнгөрч буй үйл явдлууд  харуулж ч байна. Авлигатай тэмцэх үү, авлигад бууж өгөх үү. Л.Оюун-Эрдэнэтэйгээ үлдэх үү, тэмцлийг үргэлжлүүлэх үү гээд асуултуудад сонгуулийн үр дүн хариулт болно. Тэр хар амиа бодож намын жагсаалтад шургаагүй. Тэмцэгчдийн өлгий Сэцэн ханы нутаг, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт багаа тэргүүлэн нэр дэвшсэн. Монголын түүхэнд хамгийн хүнд бэрх цагт төрийн жолоог чанга атгаж, “...Эв саналыг нэгтгэн зориглон хөдөлбөл хүрэхгүй газаргүй, мэдэхгүй, чадахгүй гэх явдал огт үгүй бөгөөд дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээн захисан жанжин Д.Сүхбаатар, “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” хэмээн гэрээслэсэн маршал Х.Чойбалсан нарыг төрүүлсэн үе үеийн тэмцэгчдийн нутагт нэр дэвшсэн. Магадгүй авлигатай хийж буй “аян дайн”-д өөрийг нь дэмжинэ, шударга ёсны тэмцлийг нь хамгийн сайн ойлгох ард түмэн  гэж очсон байж таарна. Тэгэхээр Зүүн бүсийн ард түмэн Монголын хувь заяаг, монголчуудын ирээдүйг шийдэх, ард түмэн ялах эсэхийг дэнслэх  сонгууль хийх түүхэн үе тохиож байна. Өөрөөр хэлбэл, авлигад цэг тавьж, ард түмэн ялах эсэхийг  Зүүн бүсийнхэн шийдэх нь ээ...

Top