Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Жаргалант II багийн малчин, Монгол Улсын Алдарт уяач Э.Отгонбаатартай ярилцлаа.
БИ 30 ЖИЛ АДУУ ДАГАЖ, УЙГАГҮЙ МОРЬ УЯЖ ЯВСААР ЭНЭ ХҮРЛЭЭ
-Сүхбаатар аймаг бол адууны эх орон гэж нэрлэгдэж ирсэн хурдан буяны өлгий. Тэр дотроо Уулбаян сум хурдан удмын адууны “цөм” нь гэлцдэг. Та хэдийнээс адууны өв соёлд суралцаж, өвлөж авч өдий хүрэв?
-Би Уулбаян сумын Арилдийн Эрдэнэ-Очир гэж хүний тав дахь хүү болж төрсөн. Багаасаа моринд дуртай, хурдан үрээ унадаг хүүхэд байлаа. Тэр цагаас энэ хүртэл ээж аав хоёрын минь хүүгээ өсгөж өндийлгөсөн ач буян, үлдээж өгсөн адууны өв буяныг алдаж асгалгүй, арчилж тордон авч явж байна. Миний аав 13-хан настайдаа өнчирч, хэдий хүүхэд ч гэлээ мал маллаж явсаар амьдралаа босгосон гэж ярьдаг байлаа.
Ээж минь Дуулигийн Дугарсүрэн гэж хүний удам, Борын Дуламсүрэн гэж Уулбаяны уугуул, эмэгтэй хүн хэдий ч моринд их дуртай. Аав минь сайхан адуутай, морь сайн таньдаг, хурдан удмын сайхан сүргийг бүрдүүлж цогцлоосон хүн байсан. Би аавынхаа бэлдэж өгсөн адуун сүргийг маллаж, 1993 онд наймдугаар ангиа төгсөөд 16-17 наснаас бие дааж хурдан морь уясанаас хойш 30 жил адуу дагаж, уйгагүй морь уяж явсаар энэ хүрлээ. Одоо би 48 настай. 2009 онд анх сумын алдарт уяач болсон юм.10 жилийн дараа Аймгийн алдарт уяач цолд хүрсэн бол түүнээс мөн 10 жилийн дараа Монгол Улсын Алдарт уяач цол хүртэж, адуучин, уяачийн амжилтаа ахиулж ирлээ.
-Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг шүү дээ. Ахуй, соёлын өгөгдөл нь аль хэдийн танд байжээ?
-Аав минь 1989 онд намайг өөрийн талын хүргэн болох Тогоонхүү гэж хүн дээр хүргэж өгсөн юм. Тэр хүнээс морь уях уяачийн эрдмийг сурч аваг гэсэн нь тэр. Би Тогоонхүү ахын олон ч морийг унаж, уяачийн эрдмийг өвлөсөн дөө. “Тэр хүний хэлсэн ярьсныг сайн сонсож, сурч аваарай. Хүний хэлж ярьж байгаагаас сайныг нь сурч, мууг нь гээж, авах гээхийн ухаанаар хандаарай” гэсэн аавынхаа захиасыг биелүүлж явсан. Багаасаа моринд дуртай байсан болохоор аав минь “Хүүдээ сайхан адуу бэлдэж өгнө” гэж ярьдаг, тэгж зорьж байсан юм байна билээ. Тэрийг нь уламжлан авсан. Дуудах нэрийг аав ээж минь өгсөн бол дуурсагдах алдрыг өөрөө олж, тэднийгээ баярлуулахсан гэж, зөв хүн байхыг хичээж, адуугаа сайхан өсгөж, уяж хурдлуулж явья гэж зорьсон. Аавынхаа бэлдэж өгсөн адуун сүргээс том, жижиг наадамд олныг уяж хурдуулсан. Анх аавынхаа бор азаргыг 1994 онд Баянмөнх уулынхаа тахилгад уяж аман хүзүүдүүлж байлаа. Түүнээс хойш морь уяж, тасралтгүй айраг, түрүүтэй явж байна.
“МИНИЙ ААВЫН БУЯН ЗАЯА” ГЭЖ БОДДОГ ДОО
-Баянмөнх хайрхан бол азарганы дүртэй уул, энэ нутгийн адуу хурдан байдгийн учир тэр гэж зарим хүн сүсэглэдэг юм билээ. Тэгэхээр та Баянмөнх уулын тахилгад бор азаргаа аман хүзүүнд давхиулснаас хойш тасралтгүй айраг, түрүү авчээ?
-Сумын наадамд бол анх 1999 онд аавтайгаа хамт Халзан суманд хурдан хээр морь, халтар даага хоёроо авч очиж уралдуулаад, нэгийг нь дөрөвт, нөгөөг нь таваар давхиулж байсан. Тэр бол миний анх морио айрагдуулсан наадам.
-Аавынхаа хэлж захиж байснаас юуг нь амьдралд хэрэгжүүлж байна?
-1990 онд Баянмөнх уулын анхны тахилгад аав хээр азаргаа уралдуулна гэж байсан юм. Нэг өдөр хичээлээс иртэл “Хээр азарга минь доголчихлоо, уралдуулахаа болихоос” гээд сууж байна. Би моринд дуртайг хэлэх үү, тэрүүхэн үедээ “Азарга доголчихлоо” гээд орилж /уйлж/ байснаа мартдаггүй юм. Тэгэхэд аав минь “Миний хүү битгий уйл. Аав нь хүүдээ гүйцэгдэхгүй хурдан адуу бэлдэж өгнө өө” гээд аргадаж байсан нь сэтгэлээс гардаггүй. Аавын минь тэр бодол, хэлж байсан зүйлүүд биелсэн. Сүүлийн үеийн их хурдан адууг “Миний аавын буян заяа” гэж боддог доо. Зориод очсон наадмаасаа айраг, түрүү алдахгүй, аавынхаа болон нутгийнхаа нэрийг дуурсгаж л явна.
-Таныг аав ээжээс олуулаа гэж сонссон. Танаас өөр уяач гарав уу?
-Бид эцэг эхээс наймуулаа. Хоёр эмэгтэй, зургаан эрэгтэй. Надаас өөр морь уядаг хүн байхгүй. Хүүхэд, дүү нараас уяач гарч ирж магадгүй. Багаасаа моринд дуртай байсан болохоор аав минь намайг адуучин болгоно, уяач болгоно гэж зорьж бэлдсэн, аавынхаа тэр хүслийг биелүүлж яваа гэж боддог доо.
БААЯА СААРАЛ МАНАЙ ААВЫН УНАГАН АДУУ БАЙСАН
-Уулбаяныг адууны “Цөм нутаг” гэдэг учиртай. Унаган адуунаас өөр угшлын адуу танайд байна уу?
-Манай хурдан улаан азарга бол аав 1967 оны үед цэрэгт явахдаа шүдлэн үрээ авч орхиод явж байсан гэж ярьдаг юм. Тэрийг нь хүргэн ах Балтав гэж хүн уяж байсан гэнэ билээ. Бааяа саарал гэхээр нутгийнхан андахгүй. Тэр бол манай аавын унаган адуу байсан гэнэ билээ. Тэр улаан адууны дээд талыг яривал ээжийн өргөж авсан аав Дуулигийн Дугарсүрэн гэж хүний хурдан улаан азарганы удамтай гэж ярьдаг. Улаан азарганы төл гүүг Уулбаянд багш байсан Түвдэндаржаа гэж хүний хээр азарганд шүдлэнд нь оруулж хар бор унага гарсан гэдэг. Тэр хар бор унагаараа азарга тавьснаар, тухайлбал хээр, улаан хоёр адуу нийлж манай адуун сүрэгт хурдан адуу бий болсон гэж ярьдаг. Тэрний төлийн төл нь манай Жигүүр хээрийн эцэг хээр азарга юм. Баяндэлгэр сумын Тэрбишийн Амарбаатар 1998 оны намар намайг гэр барихад адуу бэлэглэж байсан юм. Тэр үед бор халиун охин даага Уулбаян сумын Бух гэж газрын зүүхэн талд Зүүн Сэхүүл гэдэг газар очиж барьж авч байлаа. Бөгтрөгтэй халтар гүүний халиун даагыг тэгж авчирч тамгалж, сүүлд сайхан гүү болохоор нь хурдан хээр азарганыхаа төлийн төлийг тавьж, хурдан хээр морьд минь гарсан даа.
-Түрүү авсан наадмууд бол бүгд сайхан биз ээ. Урам авсан мартдаггүй наадам гэж бас байдаг байх, уяач хүнд?
-1999 оноос хойш айраг тасралгүй явсан. Би сумын алдарт уяач цолыг 2009 онд аавтайгаа хамт нэг өдөр авсан түүхтэй. Миний аав хурдан удмын адуун сүргийг бий болгож өгсөн болохоор аавыгаа алдар цол аваагүй байхад би авахгүй. Аавыгаа тэр цолыг авсаны дараа авах нь зүйтэй, аливаа юм эрэмбэтэй, журамтай байдаг гэж боддог, тэр үгээ шулуухан хэлчихдэг байсан. Хүн ер нь юуны түрүүнд ээж аавыгаа дээдэлж явдаг, тийм ч байх учиртай. Тэгээд нэг өдөр аав бид хоёр сумын алдарт уяач болж байсан түүхтэй, 2009 онд. Бас нэг хүн авсан нь манай найз Билгүүнбаатар сумын алдарт уяач болсон. 2011 онд хурдан халиун азарга маань Хэнтий аймагт түрүүлсэн. Анх удаа аймгийн наадамд морь түрүүлгэсэн жил тэр юм. Аавынхаа нэр дээр уяж уралдуулсан. Ингээд 2012 онд аав минь аймгийн алдарт уяач болсон. Тэгэхэд аав минь “Би ч зүтгэлээ, миний хүү ч их сайхан уяж хурдлууллаа. Аав нь их баярлаж байна” гэсэн. Аавыгаа их л баярлуулсан байх гэж боддог наадам тэр. 2011 онд Хэнтий аймагт халиун азаргаа түрүүлгэснээс хойш гурван жил дараалан аймгийн наадамд цээжинд давхисан. Аавынхаа алдарт уяач цолыг айргаар мялаасан гэж боддог. 2013 онд аав минь бурханы оронд одсон. 2014 онд Уулбаян сумынхаа 90 жилийн ойгоор хурдан хээр азаргаа хязаалан үрээнд нь дөрөвт давхиулж байлаа.Тэр зун би аймгийн алдарт уяач цол хүртсэн юм. Улсын наадамд 2018 онд хурдан халтар азаргаа уралдуулсан, 38-аар орсон. Зүүн бүсэд Сүхбаатар, Хэнтий, Сэцэн ханы уралдаан гээд бүгдэд нь морио уяж уралдуулж сайхан наадсан.
-Уулбаян нутаг уяач олонтой байх. Дээхнэ үеийн сайн уяачдын тухай дурсахгүй юу?
-Дээхнэ үед манай баруун биед Туушаа Тогоонхүү гэж надад анх уяачийн эрдэм сургасан багш байв. Даага их сайн уядагсан. Борын Мөнгөн гэж өвгөн байсан, Баазар гуай гээд баруун бие, Баян баг тэр чигээрээ уяач сайтай. Тэднээс суралцаж ирсэн шүү дээ, манай үеийнхэн.
АДУУ, ХҮН ХОЁР ХАМТДАА УРАГШЛАХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ
-Уяач хүний баримтлах ёс дэг нарийн биз?
-Уяач болно гэдэг юуны өмнө морио сайхан эдлэх хэрэгтэй. Морио маш гоё нандин авч явж, сайхан унах хэрэгтэй. Адуугаа хайрлаж, өглөө сүргийнхээ захад очоод ажиглаж, хаана аль нь яаж байна, ямархуу байна гэдгийг анзаарахаас эхлээд адуучин хүний, уяач хүний адуугаа авч явах арга ухаан эхэлнэ.
-Адууны соёлыг авч яваа уяач хүн жудагтай байх ёстой гэж та түрүүнд хэлсэн. Уяачийн эрхэмлэх зүйлүүд гэвэл юу байх вэ?
-Жудаг гэдэг зүйлд олон юм багтана. Морио сайхан унах, сайн уях нь түүний нэг л хэсэг. Морь, малаа уралдааны цагаас хожигдуулахгүй байх, үнэн ч шударга байх, адууныхаа захад муу үг хэл гаргахыг цээрлэх гээд баримтлах дэг бий, бий. Миний аав бидэнд “Аливаа хүнтэй мэндтэй устай бай. Өөртөө хариуцлагатай бай. Наадмын дэг журмыг яс барих ёстой гэж” захидаг байлаа. Бид тэрийг нь ягштал баримталж ирсэн. Дээдчүүл бол уяан дээр хэл ам хийхийг цээрлэдэг, мориныхоо дэргэд хүнтэй ам муруйдаггүй гэж захидаг байсан. Сүүлийн үеийн залуус жудаг муухан болжээ. Хэрүүл, хэл амтай наадах муухай шүү дээ. Дээхнэ үеийнхэн жудагтай, ярьсан хэлсэн үг нь үнэн, жудагтай сайхан байжээ.
-Хэл ам татлах, хэрүүл шуугиан гарах нь эрлийз адуу орж ирдэг болсонтой холбоотой байх. Тиймээс Уулбаянчууд “Монгол адуугаараа уралдъя” гэсэн уриалга хүртэл дэвшүүлээд байгаа юм аа даа?
-Сүүлийн үед эрлийз, хурлийз адуу орж ирж, наадам наадам биш болж, хэл ам татлах болсон. Манай Уулбаян бол дээр үеэсээ өвгөд дээдсүүд сайхан адуу бэлдэж өгсөн хурдны өлгий нутаг болохоор бид монгол адуугаа дээдэлж, монгол адуугаа уралдуулж, өв уламжлалаа дээдэлж явахыг чухалчилж үздэг. Ингэхгүй бол энэ бүх өв уламжлал минь эвдрэх, гээгдэхэд тулж ирээд байна шүү дээ. Монгол адуу бол эрс тэс уур амьсгалтай Монгол оронд зохицсон, зуд турхан болоход тамиртай, уяж уралдуулахад урамтай, уналга, ачлага даахдаа сайн сайхан хүлэг. Монгол адуу хурдтай байсан, өвгөд дээдсүүд монгол адууныхаа хурдыг багасгаж уралдуулж байсан гээд ярьдаг. Бид тэр уламжлалыг авч явах хэрэгтэй. Бид болоод дараагийн үе, үр хүүхдүүд маань үүнийг уламжилж яваасай гэж боддог. Сүүлийн үед эрлийз адууг хурдан гэж хошуурах болжээ. Би бол монгол адуугаа гайхамшиг гэж боддог. Дан монгол адуугаа уяж амжилтад хүрсэн болохоор монгол адуугаараа наадъя, монгол адуугаараа уралдъя гэж байгааг дэмждэг. Монгол адуугаа бид байлгах ёстой. Байлгах байлгахдаа хуучны уламжлалт дэг ёсоо барьж, адуугаа хайрлаж, адуучин хүний ёс жудгийг дээдэлж, адуу, хүн хоёр хамтдаа урагшлах ёстой гэж боддог. Энэ жил Уулбаян сумын 100 жилийн ой болж байна. Манай сумын Уяачдын холбоо санаачлан “Монгол адуугаараа уралдъя” гэсэн уриалга дэвшүүлсэн. Ер нь сүүлийн үед манай сум л монгол адуугаараа уралдъя гэж уриалдаг, уралдуулдаг, үүний төлөө тэмцдэг болоод байна. Гэхдээ манай сумд эрлийз хурлийз адуу маш бага. Манай суманд бараг л орж ирээгүй, байхгүй. Дан монгол адуугаа уралдуулж наадаж байгаа. 100 жилийн ой маань сайхан болно байх. Түүхт ойн наадамдаа монгол адуугаа уралдуулж, уяачид жудаг ёсоо сахиж, сайхан наадна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр Уулбаян сумын 100 жилийн ойд эрлийз адуутай хүн ирэхгүй байх. Монгол адуугаараа уралдана гэдэг нутаг орныхоо хийморийг сэргээсэн, энд тэндээс зорин ирсэн наадамчин олныхоо магнайг тэнийлгэсэн сайхан баяр наадам болох нь дамжиггүй.
ДАН МОНГОЛ АДУУГААРАА УРАЛДДАГ СУМ НЬ УУЛБАЯН БОЛЧИХООД БАЙНА
-Тэгэхээр танай сумын Уяачдын холбоо дэгээ сайн барьдаг, уяачид нь жудаг ёсоо сайн сахиж иржээ дээ?
-Уулбаян сумын “Орлойн түмэн Эх” морин спорт, уяачдын холбоо 2024 онд ажил үйлсээрээ ММСУХ-ны сумын шилдэг салбар холбоогоор шалгарсан. Олон ажил санаачилж ажиллаж байгаад нь талархаж байдаг. Тэр дотроо монгол адуугаараа уралдъя гэсэн санаачилга гаргаж, уриалга дэвшүүлж байгааг бид бүхэн дэмжиж байгаа. Ер нь Сүхбаатар аймгийн хэмжээнд дан монгол адуугаараа уралддаг сум нь Уулбаян болчихоод байна.
-Уяачдын нэг тулгамдсан асуудал нь уралдаанч хүүхэд, тэдний аюулгүй байдал, эрүүл мэнд байдаг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Энэ асуудлыг ярихаар эргээд эрлийз морины тухай ярих болдог. Тэр их чацтай, хурдтай араб, англи адууны нуруун дээр хүүхэд тогтох хэцүү, осолдох явдал их гардаг. Нөгөө талаас монгол адуу, монгол хүүхэд хоёр бол эрт дээр цагаас хоорондоо дасан зохицсон байж. Одоо бол цаг үе өөр болсон, бодох юм их бий. Уралдаанч хүүхдээ бид анхаарах ёстой. Одоо бол би морьдоо хүүгээрээ унуулдаг. Өөрийн ч бай, хүний ч бай хүүхдээр морио унуулж байгаа үед бол хөтөлгөө салгадаггүй. Бид сайхан наадаж байгаагийн нөгөө талд хүүхдүүд минь байгаа. Тэгэхээр бид чинь бас хатуу л тоглоомоор тоглож байгаа улс шүү дээ. Бээлийхэн чинээ хүүхдээр морь унуулчихаад хамгаалалтын хувцас хэрэгслээс эхлээд олон юманд анхаарах л ёстой.
БИ ГҮҮНДЭЭ ХАРАМЧ УЯАЧ БАЙГАА ЮМ
-Адууныхаа цусыг сайжруулахад өөр газраас адуу авчирч байна уу?
-Аав минь адууныхаа цусыг сайжруулах зорилгоор голдуу гүүн дээрээ хурдан удмын азарга авч тавьж байсан. 1999 онд аав минь Халзан сумаас хээр азарга авирч байлаа, Ж.Отгонбаатар гэдэг залуугаас. Мөн Монгол Улсын Алдарт уяач Ж.Шуну гуайгаас халтар азарга авсан. Мөнххаан сумын Зоригоо гэж залуугаас буурал азарга авч байсан. Ер нь Халзан сумаас Д.Мөнхсүрэн ахаас нэг азарга авч байв. Ааваас хойш Уулбаян сумын Осоржамаагийн хурдан хар азарга, “Магнай хар”-ыг дүүтэйгээ хамтраад авч байлаа. Аав минь надад “Миний хүү, гүүгээ сольж болохгүй, сайн азарга авч тавьж байгаарай” гэж захиж байсан, өөр юм нээх хэлээгүй. Бид тэр л зарчмаар явж ирсэн.
-Одоо бодож байхад тэр нь ямар зарчим байж вэ?
-Эргээд бодоход, адуунд гүү их чухал байж. Хурдан адуутай болоход гүү чухал байжээ, тэр зарчмыг л аав минь баримталж байсан шиг байгаа юм. Удмаа мэднэ, ийм гүүнд тийм азарга тавина гэдгээ сайн мэддэг. Гүүгээ хадгалж, гаднаас угшил сайтай азарга авчирч тавьж байсан.
-“Цөм” сүргийг тэгж хамгаалдаг байж ээ?
-Ерөөсөө зарчим нь тийм. Болж өгвөл сайн азарга авдаг байсан, тийм л байж.
-Хүмүүс хурдан адууны наймаа их хийж, үнэ цохиж авдаг явдал бишгүй бий. Та адуугаа зардаг уу, хүмүүс гуйж ирэх юм уу?
-Хүний амьдрал хойно, зарах, наймаа хийх юм байлгүй яах вэ. Зарсан, хүнд өгсөн адуунууд бишгүй сайхан хурдалж байна. Олон сайхан адуу зарсан байна. Ах дүү нартаа бэлэглэсэн нь ч байна. Бүгд хурдалж байна.
-Хаана ямар адуу хурдалж байгааг асууж болох уу?
-Увсын бүсэд хурдалсан буурал морь байна. Аймгуудын наадамт түрүүлж, айрагдсан бол зөндөө.
-Манайхан бол хурдны генийг хамгаалж үлдэхийн тулд гүү, охин даага, үрээгээ гадагш нь зардаггүй гэж сонссон юм байна?
-Би гүүндээ харамч уяач байгаа юм. Гүүгээ хайрлах нь аргагүй, яах аргагүй цөм сүргийн генийг авч явдаг юм чинь тэр. Сүүлийн үед нутагтаа бол ах дүү нартаа өгч байгаа. Ер нь бол гүүнээс л хуран адуу гарна. Гүүгээ хадгалах ёстой. Өөрийн адууны гүүг мэднэ шүү дээ, тийм удамтай гээд.
ЗАЛУУС МОРИО САЙН УЯЖ БАЙНА
-Өнгөрсөн өвөл цаг агаарын байдал хүндхэн, зуд боллоо. Хаваржилт бас хүндэрлээ. Адуугаа яаж авч үлдэв?
-Ойрын 20 жилд болоогүй хүндхэн өвөл боллоо. Маш хүйтэн, цас ихтэй байлаа. Манайх сумын нутгийн зүүн бие рүү Тээх гэдэг газарт нутагладаг юм. Адуугаа баруун хойд толгод руу гаргаж, тэнгэр эвгүй үед шөнөд нь тууж өглөө бөөгнүүлж аваад байсан. Өвлийг сайхан давлаа, адуу маань ноён нуруутай онд орсон.
-Хөдөө сүргийн бэлчээр яваа цагаан өвсний адуу, нэмэлт бордоотой, байнгын тэжээлтэй, арчилгаа ихтэй, машинаар ачуулж ирдэг морьтой уралдахад хол зөрүүтэй санагддаг?
-Нэг үе цагаан өвсний л адуу уралддаг байлаа. Сүүлийн үед 2000-аад оноос уяачид морьдоо тэжээдэг болсон. Цагаан өвсний морь, тэжээлийн морь хоёр өөр шүү дээ. Тэгэхээр орчноо дагаад тэжээхээс яах вэ. 2004 оноос эхлээд морь тэжээсэн.
-Тэжээлийн морины онцлог нь юу байдаг юм бэ. Цагаан өвсөөрөө уралдаад байж болохгүй юу?
-Манай дээдсүүд бол цагаан өвсний мориороо уралдаж ирсэн. Зун ногоогоороо уядаг байсан. Одоо тэжээлийн морь уядаг болсон. Тэжээлийн морь бол тэжээл иднэ, спортын төрөлд дөхөж очих юм даа. Мөнхийн бэлтгэлтэй байгаа гэсэн үг. Тамирчин шиг жилийн дөрвөн улиралд тэжээлгээд, ямар ч үед морь бэлэн байна гэсэн үг. Тэгэхээр зүгээр нэг цагаан өвсний морь тэрэнтэй уралдахад ямар байх вэ. Тийм болохоор морь үзүүр дээр сууна гэж байхгүй. Сүүлийн үеийн залуу уяачдын уяж буй морьд гараанаас гарлаа гэхэд урд хойноо орох юмгүй, бараг л байр нь солигдохгүй давхиж ирнэ шүү дээ. Яг л “тамирчин” хүн шиг, залуус морио тэгж л уяж байна. Сайн л уяж байна.
АЛДРАА АЙРГААР МЯЛААНА ГЭДЭГ БИЛЭГ ДЭМБЭРЭЛТЭЙ ЮМ ДАА
-Бөхчүүд “цол дагаж бяр нэмнэ” гэж ярьдаг. Уяачид яадаг юм бол?
-Цол дагаад бяр гэж бас байна аа. Цолоо дагаад морио сайн уях л юм даа, айраг түрүү авна, алдраа айргаар мялаана гэдэг билэг дэмбэрэлтэй юм даа.
-Залуу уяачдад хандаж хашир уяачийн байр сууриас үг хэлээч гэвэл та юуг онцлох бол?
-Адуугаа хайрлаж яв, морио сайхан эдэл. Болж өгвөл монгол адуугаараа наадаарай гэж хэлнэ дээ. Би 16-17 наснаас морь уяж, ингэхдээ дандаа монгол адуугаа уралдуулж, одоо 48 нас хүрлээ. Одоо хэрнээ би мориныхоо нуруунаас буудаггүй. Морио гар салахгүй унана. Адууныхаа дэргэдээс салдаггүй.
-Хүмүүс машинаар малаа хариулдаг болсон, адуугаа ч гэсэн...?
-Энэ жил цас зудтай байсан ч гэсэн би мориноосоо салаагүй.
-Танай хүүхдүүд удам залгаж морь уяж байна уу?
-Бага хүү минь хурдан морь унаж байна. Том хүү морь уяна, дунд хүү хотод мэргэжлээрээ ажилладаг. Бүгдийг нь малчин болгоод яах вэ, өөр өөрийн замаар, өөрсдийн хүслээр яваг гэж боддог.
ХАЛТАР АЗАРГА МИНЬ НАМАЙГ ОЛНЫ ТАНИЛ БОЛГОСОН ТҮҮХТЭЙ
-Та том ойн наадмуудад хэр одтой, азтай нааддаг уяач вэ. Уулбаян сумынхаа 100 жилийн ойд та морьдоо уяж байна уу?
-Би Уулбаян сумынхаа 80 жилийн ойд 2004 онд хурдан халтар азаргаа дөрөвт оруулж байлаа. Аав минь ч тэр үед байсан юм. 2011 онд бүсийн наадамд соёолон азарга 11-т хурдуулж байлаа. 2012 онд бүсэд Жигүүр хээр даага уралдаж долоод давхисан, их бороотой жил байсан даа. 2013 онд Жигүүр хээрийн ах хурдан Халиун азаргаа Хэнтийд 11-ээр давхиулсан. Сумын наадамд бол айраг өнжөөгүй ээ. 2016 онд соёолон азаргаа Халзан сумын 90 жилийн ойд түрүүлгэсэн. Халзангийн дов надад ээлтэй. Анх их морь, даага айрагдуулж байлаа. 2016 онд соёлон азаргаа давхар уяагаар аймгийн бүсийн наадамд уралдуулж 12-т оруулсан. Хэнтийн Сэцэнханы наадам надад ээлтэй байсан, морьд сайхан уралдсан. 2018 онд улсад уралдаад 38-т орсон доо, дээр ярьсан. Алтан-Овооны тахилга наадамд анх удаа явж хурдан Жигүүр хээрээ аман хүзүүнд давхиулж байлаа. Халтар азаргаа гурван жил дараалан хурдлуулж, халтар азарга минь намайг олны танил болгосон түүхтэй. Миний аавын бий болгож, хүүдээ үлдээсэн хурдан буян бишгүй сайхан цол, эрэмбэд хүргэлээ. Би ч өөрөө их чармайсан. Аавынхаа нэр алдрыг гаргана гэж хичээсэн. Нутаг, аав хоёрынхоо нэрийг гаргаж, гурван жил дараалан их насны морь аймгийнхаа наадамд хурдлуулсан, ийм амжилт манай аймгийн түүхэнд ховор юм гэсэн.
-Ингэхэд ах дүү нарынхаа морийг та л уяж байна уу?
-Манайхан аав ээжээс наймуулаа гэж би дээр ярьсан. Морь уядаг нь би л байна. Дээрээ дөрвөн ахтай, би айлын тав дахь хүү. Хоёр ах минь бурхан болсон. Доороо нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. Ах дүүсийнхээ морьдыг би ганцаараа уядаг, тэд маань намайг харин сайн дэмждэг. Аав минь амьд сэрүүн байхдаа их дэмждэг байлаа. Түүнээс хойш ах дүү нар минь ихээхэн дэмждэг. Ах дүүс, хань ижил, үр хүүхдүүд минь бүгдээрээ дэмжсэнээр уяачийн ажлаа сайн хийлээ, морьд минь хурдаллаа, төрийн өндөр цолд хүрлээ. Уяач хүний ар гэрийг гэр гийгүүлээд үлдэж буй гэргий, хүүхдүүд нь авч явдаг. Ардаа санаа зовохгүй явж байж л гэрийн бараа харахгүй, морио сайн уяна шүү дээ. Миний ханийн аав Моононгийн Нэргүй гэж хүн байсан. Ээж нь Жамбалсүрэнгийн Батцэнгэл гэж хүн бий. Гэргий маань айлын том охин, доороо таван дүүтэй. Айлын том хүүхэд ажилсаг, дүү нараа авч явдаг болохоор тэр байх. Хурдан морь, сайн хань хоёр таарах нь эр хүний бас нэг аз байх гэж боддог. Миний сайн яваад ханийн минь түшиг их. Сайн ханьтай хүн амжилтад хүрнэ гэдгийг би биеэрээ үзэж яваа хүн.
-Алтан-Овоо руу амьтан бүхэн хошуурч байхад нутгийн хүн, уяач анх удаа очлоо гэж даруухан ярьж суугаа нь сонирхолтой санагдлаа. Нээрээ анх удаа очсон гэж үү?
-Алтан-Овоог заавал дэргэд нь очиж шүтэх биш юм л даа. Хаа холоос ч сэтгэлдээ бодож, зүг рүү нь залбирчихад тэр чин сэтгэл мөн бол энд хүрээд л оччихно. Тэгж л боддог, нутаг усныхаа уул овооны нэрсийг хэлээд залбирдаг, ээж аав минь ч тэгж л захиж сургадаг байлаа. Уулбаян сумын нутагт Алтан Овоо гэж бий, зүүн бэлд нь миний аав өсөж торнисон гэж ярьдаг байлаа. Шилийн Богдоо ч үзээгүй, Алтан Овоогоо ч үзээгүй, 2018 онд Д.Мөнхсүрэн ахтай хамт уяа морьдоо хөтлөөд тахилга, наадамд явж байлаа. Улсын наадамд ч хамтдаа явж байсан даа, бид хоёр. Мориор гарч овоондоо залбираад, морио уралдуулсан. Аман хүзүүнд давхисан, азтай наадам байлаа.
Сэтгэгдэл ( 0 )