“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий захирал С.Хүрэлбаатартай ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухаан монгол брэнд, уул уурхайгаас илүү мөнгө олно. Аялагч жуулчид хийгээд гадныхныг татна гэж та ярьж байна. Энэ тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлана уу?
-Өнөөдөр Засгийн газрын шидвэрүүдийг харахад дандаа уул уурхай, мөнгө яриад байх юм. Тэрийгээ бүтээн байгуулалт гэж нэрлэж байна. Ер нь хүн төрөлхтний нийтлэг жишиг мөнгө олох, баяжихыг аз жаргал гэж боддог хандлага руу явчихлаа. Энэ маш буруу. Нийгмийн зонхилох давхарга сэхээтнүүд байдаг. Тэд улс орноо авч явдаг. Өнөөдөр бид газрын баялгаа олборлоод явж байна, энэ цаашаа 40-50 жил л явах байх. Түүнээс хойш бид яах вэ. Тиймээс дэлхийн шинжлэх ухаан руу харж, эрдэмтдээ өнөөдрөөс бэлтгэж, түүний төлөө явахгүй, хүний оюун санаанаас бүтсэн зүйлээс хөрөнгө босгож амьдрахгүй бол бидэнд явах зам, гарах гарц олдохгүй мухардалд хүрнэ. Тухайлбал, Монголоос 60 тонн алт олборлоод зугатсан “Бороо гоулд”-аас бид ухсан нүх, овоолсон шорооноос өөр юутай үлдэв.
Оюу Толгойгоос юу хожив. Одоо нүүрсээ их хэмжээгээр гаргаж байна. Байгалийн баялгаас амьдарч буй энэ амьдралаа бид өөрчилмөөр байна шүү дээ. Монгол Улсыг авч явахын тулд эрдэмтэн мэргэдээ өнөөдөр ажиллах бололцоо, санхүүжилтээр нь хангаж өгөх ёстой. Энэ үгийг УИХ-ын гишүүн Д.Рэгдэл гуайд хандаж хэлмээр байна. ШУА-ийн ерөнхийлөгч, эрдэмтдийн төлөөлөл болж тэр хүн УИХ-д орсон шүү дээ.Тиймээс энэ чиглэлээр ажиллах ёстойг энэ дашрамд сануулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн хавар архины эмчилгээний тухай ярьсан. Архидалт өнөөдөр улс орон даяар их байна. Үүнийг эмчлэх ганц ч гаргалгааг том чуулган хүртэл хийгээд гаргаж чадаагүй. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн дотор улсын эмнэлгийн эмч нар, доктор, профессоруудаа цуглуулсан гэсэн. Түүнд нь би оролцоё гэсэн боловч чадаагүй. Анзаарч ажиглахад шийдэлд хүрээд юм хийчихсэн хүн өнөөдөр алга.Тиймээс анагаах ухааны асуудлыг өнөөдөр илүүтэй яримаар байна. Анагаах ухааны салбарт юм хийж чадах хүмүүсээ бид дэмжих ёстой. АНУ-д гэхэд анагаах ухаан нь өндөр хөгжиж байна. Дэлхий нийтэд байгаа эмийн шинжлэх ухаан маш өндөр хөгжсөн. Хэдийгээр эмийн шинжлэх ухаан өндөр хөгжсөн ч бие организмд явж байгаа урвал, мэдрэлийн системийн үйл ажиллагааны алдагдлыг хэзээ ч эмчилж чадахгүй. Үүний нэг жишээ нь АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден 80 орчим насандаа алхаж чадахгүй өнхөрч ойчиж, юу ярьснаа мэдэхгүй альцгеймерийн өвчнөөр өвдөж байна. Тэгсэн атал америкчууд манай анагаах ухаан өндөр хөгжсөн гэдэг. Тэрийг нь мэдэхгүй манайхан араас нь дагаад, анагаах ухаанаа хөгжүүлье гээд явдаг. Гэтэл тэр өвчнүүдийг эмчилж чадах уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд, бариа засалчид Монголд байна.Яагаад бид өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглаж чаддаггүй юм бэ. Энэ утгаар би “уламжлалт анагаах ухаан монгол брэнд, уул уурхайгаас илүү мөнгө олно. Аялагч жуулчид хийгээд гадныхныг татна” гэж ярьж байгаа юм. Арчаагүй байгаад нь бас бухимдаж уур хүрдэг юм.
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЭМЧИЛЖ ЧАДДАГГҮЙ УЛСЫН АНАГААХ УХААНЫГ БИД ДАГАЖ ДУУРИАГААД ЯАХ ЮМ БЭ
-Ингэхэд таныг Бүгд Найрамдах Беларус улсын өргөмжит консул руу тэнд очиж эмчилгээ хийж өгье гэж хандсан тухай сонсож байсан. Тэр юу болсон бэ?
-Беларусын ерөнхийлөгч Лукашенко гэж хүн нуруу нь өвчтэй, алхаж чадахгүй байдалд орсныг хараад өргөмжит консулд нь хандсан юм. Танай ерөнхийлөгчийг эмчилж өгье гэхэд эхэндээ утсаар ярьж байснаа хариу өгөлгүй алга болсон. Ерөнхийлөгчөө эмчилж чадахгүй байж тэнд тийм том анагаах ухаан байна уу. Нэг хэсэг В.Путины эрүүл мэнд, өвчний талаар дэлхий нийт шуугисан. Гаднаас нь харахад бол нурууны артикулиттэй хүн шиг байна лээ. Гэхдээ оросууд тэрийг эмчилж чадахгүй. Сүүлд интернэтээс харахад урд хөршийн тэргүүн толгой нь өвддөг, эм уудаг гэсэн мэдээ байсан. Өвдөлтийг эмээр дарж болдоггүй юм. Тэр хүнийг эмчлэх асуудал биш. Беларусын ерөнхийлөгч Лукашенког эмчлэх ч хэцүү биш.
Оросууд бол өвчин намдаах эмийг асар ихээр хэрэглэдэг юм билээ. Тэр эмийг хэт ихээр хэрэглэснээс эмийн хамааралтай болж дүйнгэ болдог. Сүүлдээ эмэндээ өвчин нь дарагдахгүй хүндэрнэ. Өвчин намдаах эмэнд хар тамхины бодис ордог. Хүнийг удаан сэргээх хар тамхины төрлийн бодисыг хятадууд их үйлдвэрлэсэн байдаг. Тэрийг манайд тээврийн жолооч нар их авч хэрэглэсэн тухай дуулдаж байсан. Тийм зүйлүүд чинь хүний сэтгэцэд нөлөөлөх муу нөлөөтэй. Хүнийг эрүүл байлгая гэвэл яах ёстойг миний номоос уншиж болно. Тэгж байж гэр бүл эрүүл, үр хүүхэдтэйгээ элэг бүтэн аз жаргалтай, инээд баясалтай явна. Манайхан бол хэлээд анхааруулаад байхад тоохгүй явсаар өвчнөө хүндэрсэн үед л эмчид очдог. Тиймээс би сүүлийн үед найз нөхдөөсөө ч зугаатахад хүрч байна. Ингээд найз нөхөдгүй болж байна. Хүрэлбаатар эмчилж өгсөнгүй гээд гомдоод бөөн юм болдог. Хэдэн жилийн өмнө наадах чинь хүндрээд ийм тийм болно шүү, эмчлүүл гээд хэлээд үгэнд ороогүй, үхэх болохоороо хүрээд ирдэг байж болохгүй шүү дээ. Олон жилийн өмнө нэг хүн нурууны өвчтэй хүүхдээ дагуулаад ирж байсан. Нэг курс эмчилгээ хийж өгөөд, цаашид тууштай эмчлүүлэхгүй бол болохгүй, яагаад гэвэл үе мөч нь ийм болно, тиймээс ингээрэй тэгээрэй гээд зөвлөсөн. Гэтэл алга болчихсон. 10 гаруй жилийн дараа хүрч ирээд “Та манай хүүхдийг хараачихсан. Таны хэлснээр гар, хөл нь татчихлаа” гээд ирсэн. Би хүнийг хараана гэж юу байх вэ, өвчнөө тууштай эмчлүүлэхгүй бол ийм болно шүү гэдгийг л хэлсэн. Яагаад надад мөнгөө төлөөд эмчлүүлж байсан хүнийг би хараах ёстой юм бэ. Хүмүүсийн өөрсдийн хариуцлагаас их юм хамаарч байна шүү дээ. Саяхан би ОХУ-ын Улаан-Үдэд очоод ирсэн. Судасны эмгэг гэж юу вэ, захын мэдрэлийн дарагдал гэж юу вэ гэх мэт миний өдөр тутам ярьдаг зүйлүүдийг тэнд огт мэддэггүй юм байна лээ. Тархины доргилт гэж манайхан ярьдаг. Тархи нь доргисон хүүхдэд яах вэ гэхээр гүйлгэнэ, нүдэнд нь юм харагдана, унтаж чадахгүй болно гэх зэргээр бид шинж тэмдгүүдийг маш сайн мэднэ. Жалгын нэг бариач тэрийг бариад хэвэнд нь оруулчихдаг. Гэхдээ бидний нэг гол алдаа юу вэ гэхээр цаана нь үүсгэгдэж байгаа, хүний хүзүүг дагасан артер эсвэл гүрээний артерийн судсанд нарийсал өгөх, дарагдал өгөх асуудлууд гарч ирдэг. Үүнийг манай эмч нар ч, бусад орны эмч нар ч олонх нь ойлгодоггүй юм байна.
-Тэр нь юу вэ?
-Тархины доргилтыг эмчилж чадахгүй байснаас бол архаг доргилтын хэлбэрт шилждэг. Тэрийгээ эм ууж намдаагаад явж байгаа хүн насаа яваад ирэхээр зөнөгрөлийн байдалд орчихож байна. Хөл дээрээ гишгээд явах тэнцвэрийн байдал нь алдагдчихаж байна. Тэрний жишээ нь АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден. Гэтэл дэргэд нь манай улсын хөнгөн атлетикийн тамирчин Ц.Раднаа гуай нас сүүдэр 90 гарсан хэрнээ марафонд гүйж, дэлхийн рекордыг тогтоож байна шүү дээ. Тэгэхээр дэлхийд нэгт орж байгаа гээд байгаа гэх атлаа, Ерөнхийлөгчөө эмчилж чадахгүй байгаа тэр анагаах ухааныг бид дагаж дууриах хэрэг байна уу. Сүүлийн үед генетикийн шинжлэх ухаанд бид хөрөнгө мөнгө зарцуулахгүй бол зарим талаар маш өндөр төвшинд хүрчихсэн байна шүү дээ. Тухайлбал, хүний бодол, оюун санааг компьютерт биччихсэн байна. Мартсан зүйлийг хэрэгцээтэй үед нь тэндээс уудлаад гаргаад ирж байна. Сингапурын шинжлэх ухаанд энэ бүхэн нэвтэрч, дэвшил болоод явж байна. Гэтэл бид бахь байдгаараа тулгаа тойрч хэрэлдээд, Солонгосын шинжлэх ухааныг шүтээд, АНУ-ын шинжлэх ухааныг гайхамшиг гэж мөргөж сөгдөөд боол нь болоод явж байна.
Д.РЭГДЭЛ ГУАЙД ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨЛӨӨЛӨЛ БОЛЖ УИХ-Д ОРСНЫГ НЬ САНУУЛЪЯ
-Гэхдээ л Солонгосын болон АНУ-ын шинжлэх ухаанд дэвшил гэж байгаа байх?
-Сайн юм бий. Юунд сайн бэ гэвэл, хавдар, нурууны цүлхэн үүсэх зэргийг сайн оношилдог. Дүрст шинжлэх ухаан буюу дүрс оношилгоо өндөр хөгжсөн. Ер нь оношилгоондоо их сайн байна. Даан эмчилгээндээ паг. Зөвхөн эм уулгаад байдаг. Ийм зүйлүүдтэй сая ОХУ-аар явахдаа нэлээд таарлаа. Интернэтээр мэдээ, мэдээлэл харж байхад Ж.Байден харуулдаж унасан тухай зураг, мэдээлэл гарлаа. Тиймээс бид тэдний анагаах ухааныг дагаж хөгжинө гэдэг утгагүй. Бас нэг асуудал бол хамаг хөрөнгө мөнгөө барилга байшин, зам руу оруулснаас анагаах ухаан, компьютер, техникийн шинжлэх ухаан зэрэг салбарууд руу зорилготойгоор “хаяж”, тэгж байж хөгжүүлмээр байна. Өнөөдөр Монголд асар их мөнгө эргэлдэж байна. Энэ ярилцлагаар дамжуулан УИХ-ын гишүүн, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл гуайд хаяглаж хэдэн үг дамжуулъя. Та шинжлэх ухааны салбарын хүн энэ салбар руу төсөвлөх мөнгийг юм хийж чадаж байгаа эрдэмтэн, судлаачддаа “Өшөө их юм хийгээрэй” гээд зүгээр л өгчих. Тэгж байж бид шинжлэх ухаанаа аварч чадаад зогсохгүй 30-40 жилийн дараа гэхэд өнөөгийнхөөс ч өндөр төвшинд хүрсэн байх болно. Байгалийн баялгаа ухаж идсээр байгаад дуусгахын цагт бидэнд юу үлдэх юм бэ. Үр хүүхэд, ач гуч маань гадныхны боол болно шүү дээ. Өнөөдөр Монголдоо үйлдвэрлэх эрх авахад бид 2-3 сая төгрөг төлж байж авахаар юм билээ. Бид дотоод хүч, боломжоо гаргаж ирж хөгжүүлэх хэрэгтэй. Аль нэг шинжлэх ухаанаа хөгжүүлж байж урагшилна. Тэгэхгүй бол харийнхны боол л болж байна. Генетикийн шинжлэх ухаан гэхэд хүний ДНК-г оношилж байна. Үүнийг Монголд хийх ёстой. Унгарын ДНК-гийн шинжилгээ маш өндөр төвшинд хүрсэн. АНУ, Англи, ОХУ бүгд тэр чиглэлээр өндөр төвшинд хүрсэн. Яагаад энэ чухал гэж байна гэвэл, би өөрөө тэнд ДНК-гийн шинжилгээ өгсөн юм.
-Хэр бодитой хариу гардаг вэ, ДНК-ийн шинжилгээ өгөхөд?
-Хувиар нь яг л гаргаад ирдэг юм байна лээ. Тиймээс Монголын эрдэмтэд энэ чиглэлээр болон өөр юу хиймээр байна вэ, тэр болгонд нь хүү багатай болон хүүгүй зээл олгодог болоосой. Тэр бүү хэл, наадахаа хөгжүүлээд гаргаад ир гээд үнэ төлбөргүй эрх зөвшөөрөл, тоног төхөөрөмжийг нь хүртэл аваад өгөх хэрэгтэй шүү дээ. Ерөнхийлөгчийн ивээл дор болсон эрэгтэйчүүдийн чуулганд би орж чадаагүйгээ дээр хэлсэн. Зөвлөхтэй нь уулзаад ч оруулаагүй. Тэр чуулганд зүгээр л нэг ярьдаг хэдэн хүн ороод яриад л өнгөрсөн. Ямар ч үр дүнд хүрээгүй. Чаддаг хүндээ хөрөнгө оруулалт хийгээч гэж төсөл бичиж өгч, мэдээлэл, танилцуулга бичиж өгөөд ч хүрдэггүй нь харамсалтай. Өнөөдөр Монголын ард түмэн архинд живлээ. Архаг архичин болсон 40-өөс дээш насныхныг нүдээ аниад хаяхаас өөр зам алга. Шинээр эхэлж байгаа 16-36 насны хүмүүст хийгдэх эмчилгээний асуудлыг гаргаж тавих ёстой юм байна лээ. Тэгж тууштай эмчилгээ хийх эмч бараг алга. Ийм зүйлүүдэд миний хувьд бухимдаж уур хүрдэг. Засгийн газар, Ерөнхий сайд маань улс ганцхан мөнгөөр, уул уурхайгаар хөгждөггүйг ойлгоосой гэж боддог. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрдэмтэн мэргэддээ мөнгө хаядаг болчихвол дэмжмээр байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч хэлсэндээ хүрч архичдыг эмчлэх эмчилгээнд сонгон шалгаруулалт зарлачих. Тэрэнд нь би ороход гараад ирж чадна. Архичдыг эмчлэх аргачлал, баг надад байна. Харин төсөв мөнгө алга. Ийм л байна.
ХАР, ЦАГААН СУДЛЫН ӨВЧИН ГЭЖ ЮУ БОЛОХЫГ ОЙЛГООГҮЙ БОЛ ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ
-“Монголын уламжлалт анагаах ухаанд хар судлын өвчин гэж бий” хэмээн та номондоо бичсэн байсан. Энэ ямар төрлийн өвчнүүд вэ?
-Хар судлын өвчин гэж бий, цагаан судлын өвчин ч гэж бий. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад нэг нь зүрх судасны системийн өвчлөл, нөгөө нь мэдрэлийн системийн өвчлөл гэж тайлбарлаж болно. Үүнийг ойлгоогүй бол ямар ч хүнийг эмчлэх боломжгүй. Дэлхийн анагаах ухаан өнөөдөр шинж тэмдгийн анагаах ухаан дээр явж байна. Одоо манайд орж ирж буй эмнүүд гэхэд шинж тэмдгийг л дарахаас эмчлэхгүй байна. Бас нэг гажиг зүйл бол эмч биш хүн бариа засал хийгээд, эмч биш хүн эм залаад явж байна. Энэ ямар хор холбогдолтой вэ гэвэл, одоо таны бөөр өвддөг үү, өвддөг.Зүрх өвддөг үү, өвддөг эм уугаад болохгүй байна гэж ярьж яваа хүн олон байдаг. Зүрхэн дээр очдог тэр системийг эмчлээгүй байж яаж тэр хүнийг эмчлэх вэ.Тодруулах юм бол, эмч нар зүрхний титэм судас нарийслаа, танд стенд /судас тэлэгч/ тавина гэдэг. Тэрийг тавьсан уу, тавьсан, тийм бол онц, үр дүн сайн байна л гэлцдэг. Гэтэл тэр хүний зүрхний судсыг нарийсгадаг ямар мэдрэлийн судал байдаг юм. Тэрийг олоод үүсээд байгаа агшилт юунаас болж байгааг оношилж, эмчлэхгүйгээр судас тэлэгч тавиад нэмэргүй. Яадаг вэ гэхээр тэр судас тэлэгчийн цаад талын салаанууд өшөө агшиж нарийсаад ирдэг, дахиад тэрийг тавих асуудал үүснэ. Тэр мэдрэлийн системийг эмчилж чадаагүй байж титэм судас нарийссан, стенд тавина, эм ууна. Тэр нь бизнес болчихсон. Тиймээс бүрэн эмчлэгдсэн хүн нэгээхэн ч алга. Нэг харамсалтай түүх ярья.Миний найзын эхнэр судас нарийсах өвчтэй байсан. Эмч нарт үзүүлтэл хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Надад найд, аваад ир эмчлээд өгье гэхэд “Том эмч нар хагалгаанд ор” гэсэн гээд явсан. Хагалгаагаар уушгины цаана байдаг мэдрэлийн хэсгийг тасадсан, үр дүнд нь бүх судсаар нь цус гүйсэн. Гэтэл зүрх нь гуравхан өдөр сайн ажиллаад дөрөв дэх өдрөө сэхээнд орж, хэд хоногийн дараа нас барсан. Энэ болгоны уг суурийг нь эмчлэх эмчилгээний аргачлалыг би ном болгож бичээд гаргаад тавьчихсан. Хааяа цахим орчинд тэрийгээ яриад байж байна. Ард түмэндээ нээлттэй гаргаж тавих гэхээр хөрөнгө мөнгө, санхүүгийн бололцоо алга. Өвчний уг урхагийг олж эмчлэх аргыг гаргаж тавьснаараа би дэлхийн анагаах ухаанаас 20-30 жилээр түрүүлж яваа.
-Дэлхий нийтэд үүнийг гаргаж тавибал монголчууд, Монгол Улс мөнгө олох бололцоотой гэж та хэлж байна уу?
-Тэгэлгүй яах юм бэ, энэ чинь бидний тархиа худалдах боломж. Монголын төр засаг оюуны потенциалтай хүмүүсээ дэмжиж, хөрөнгө хаяасай гэж боддог. Ганц би ч биш ийм инженер зохион бүтээгчид, үндэсний брэнд үйлдвэрлэгчид олон бий. Монгол инженер өнөөдөр автобус угсарч байна. Дэлхийд ховор литийн батарей хийх судалгаа хүртэл байсан шүү дээ. Гэтэл энэ болгон эрх мэдэлтнүүдийн мөнгө олох хэрэгсэл, шунал болоод явчихсан нь харамсалтай. Ингээд улс төр рүү ороод яривал маш их зүйл байна. Тэгэхээр бухимдахаас яах вэ. Салбар бүр тэргүүлэх эрдэмтдээ гаргаж ирж төсөв хөрөнгө өгч юм хийлгэж, дэмжвэл монголчууд яадгаа алдсан, юу ч хийж чадахаа байсан улс биш шүү дээ. Ийм асуудлаар Ерөнхийлөгчид хандаад, месэж хүртэл бичээд огт хариу өгөөгүй. “Та Ж.Баден руу яриадахаач, танай анагаах ухаан чинь эмчилж чадахгүй байна. Бүдэрч таварцаглаж унаад байгааг чинь эмчлэх эмч Монголд байна” гээд яриач гээд хандаад байхад намайг эс тоосон. Хоёр орны Ерөнхийлөгч хоорондоо зүгээр л утсаар ярьдаг. Гэтэл хүмүүс Ж.Байден, В.Путин нартай ярихад дугаар авдаг, урт дугаарлалт үүссэн гэж яриад байдаг. Адилхан л улсынхаа Төрийн тэргүүн, утсаар ярьж яагаад болохгүй байх вэ. Би У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг “Дэлхийн нэг номерийн Ерөнхийлөгч болгож өгье, тантай уулзъя, асуудлаа тавъя” гэхэд “Өө, нөгөө “Сэтгэшгүй” Хүрэлбаатар уу, тэгж ярьж байна уу. Яриад л явж байг дээ. Яаж намайг дэлхийн нэг номерийнх болгож чадах юм бэ, тэр чадахгүй” гэж миний таньдаг хүнд хэлсэн байгаа юм. Гэтэл миний оюун ухаанд тийм чадал байна. Манай Ерөнхийлөгчийн В.Путин өөрөө угтаж гүйж ирээд гарыг нь барьтал, Ши Жинпинь залгаад утсаар ярьтал дээш гаргачих гаргалгаа надад байна шүү дээ.
Сэтгэгдэл ( 6 )
Шинж тэмдгийг биш Шалтгааныг эмчлэх уламжлалт монгол анагаах ухааныг энергийн шинжлэх ухаантай хослуулах тухай нэн чухал асуудал шүү. Мэдэхгүй юмныхаа дайсан гэдгээр төр хандаж болохгүй, чадвартай хүмүүсээ ажиллуулах хэрэгтэй.
Ээ Базарваань!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
хавар бологүй сэн. өвчин нь хөдөлжээ
Энэ хүний хэлээд яриад байгааг анхаарч үзээсэй. Үл тоохын оронд оюун ухааныг нь ашиглах хэрэгтэй шүү.