Энэ сарын 11-нд BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса 2024 оны MTV Video Music Awards-д соло уран бүтээлүүд болох "New Woman", "Rockstar" зэрэг дуунуудаа толилуулсан билээ.
Уг шагнал гардуулах ёслолоос хоёр дахь удаагаа "Шилдэг К-Поп" төрөлд ялалт байгуулсан анхны соло уран бүтээлч болсон тэрээр тайзан дээр ам барьсан гэх шүүмжлэлд өртөж эхэлжээ.
АНУ-ын алдарт New York Post сонин түүний үзүүлбэрийг "Энэ үдшийн хамгийн муу үзүүлбэр" хэмээгээд "K-flop" гэж тодорхойлжээ. Ам барихын сацуу дууныхаа үгийг мартсан мэт харагдах Лисаг тун ч бэлтгэл муутай байсныг интернэт хэрэглэгчид шүүмжлэн BLACKPINK хамтлагт байхдаа хэзээ ч ийм алдаа гаргаж байгаагүй тухай дурдсан байна.
Өмнөд Солонгосын интернэт хэрэглэгчид түүнийг зөвхөн к-поп уран бүтээлд тохирсон хэмээгээд АНУ-ын зах зээлд соло цомгоо гаргаж, шагнал гардуулах ёслолд хүртэл оролцож байхдаа амьдаар дуулсангүй хэмээн шүүмжилжээ.
MTV Video Music Awards болон бусад төрлийн шагнал гардуулах ёслолд оролцож буй дэлхийн хэмжээний алдартнууд ам барих тохиолдол олон байдаг. Гэвч тэднийг олон нийт тэр бүр шүүмжилдэггүй тухай дурдан, Лисагийн ур чадварыг магтах хүмүүс ч олон байв.
Сэтгэгдэл ( 0 )