АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп Парисын Дарь эхийн сүмийг сэргээн засварласны дараа нээх ёслолд оролцохоор бямба гарагт Парист хүрэлцэн очих юм байна.
“Таван жилийн өмнө гарсан сүйрэлт гал түймрийн дараа бүрэн сэргээн засварласан гайхалтай гоё түүхэн Парисын дарь эхийн сүмийн нээлтэд оролцохоор би бямба гарагт Парис руу мордоно” гэж Трамп нийгмийн Truth Social сүлжээн дэх хуудастаа бичжээ.
Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялснаасаа хойш Трампын гадаадад хийх анхны айлчлал нь энэ байх юм.
Олон зууны турш Парисын хамгийн алдартай барилга байсан Парисын Дарь эхийн сүм нь дэлхийн түүхэн дурсгалт газруудын жагсаалтад багтдаг юм. 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны орой сүмд гарсан гал түймрийг дараа өдрийн өглөө л бүрэн унтрааж чадсан байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сүмийг таван жилийн дотор бүрэн сэргээн засварлах үүрэг өгсөн аж. Харин сүмийг бүрэн төгс сэргээн засварлах ажил 2029-2030 онд дуусах юм байна. Парисын гол сүмийг сэргээн засварлах ажлын нийт өртөг 850 сая евро болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )