АМЬДРАЛЫН ӨНГӨ I Хилчин, аав хүү хоёр

2025 оны 02 сарын 01

Нэг. Хүү нь ааваа дурсав

Дүүрэнгийн Жамсран гуай 1908 онд одоогийн Завхан аймгийн Алдархаан сумын нутагт төржээ. Багын найз Батын Доржтой айл саахалт, хоёул морь унаж, мал хариулж өссөн гэдэг. Түүний отгон хүү эдүгээ гавьяаны амралтаа эдлэн суугаа ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэргийн эмч Ж.Пүрэвхүү ахмад дайчин аавынхаа тухай хэрхэн хуучилсныг товч сийрүүлюү.

“Гэрийнхэн нь түүнийг лам болгоно гэцгээдэг байжээ. Харин аав угаас дургүй байсан учраас цэрэгт явахыг хүсч энэ тухайгаа Дорж найздаа нууцаар хэл хүргүүлсэн байна. Ингэж Булган сумын отрядад цэргийн алба хаажээ. Энэ үед хилийн цагийн байдал тайван биш. Оспаны дээрэмчид хил орчмоор дээрэм тонуул хийж байв. Эндээсээ Туулайтын суманд алба хаах болж, мөн Дорж генералын бие хамгаалагч, морь хөтлөгчийн үүргийг гүйцэтгэхийн хамт түүнээс тусгай даалгавар авч ардын сайн дурын групийн гишүүдтэй хил хягаараар явдаг байжээ. Тэд тусгай үүрэг гүйцэтгэн 14-30 хоногоор явдаг байсан юм билээ. Ингэж явахдаа хилийн тулгаралт, байлдаанд нэг биш удаа оролцож, хэр мэргэн буудагч болохыг харуулж байсан гэдэг. Аав  хилд үүрэг гүйцэтгэж явахдаа казах  хэл  муугүй сурсан нь их хэрэг болсон гэж ярьдаг сан. Миний санаж байгаагаар хүүхдүүд бидэнд даргад үүрэг гүйцэтгэж явсан тухайгаа ер ярьдаггүй байсан. Би бага байсан болохоор ер сонирхож асууж байсангүй. Нэгэн удаа л лав Оспаны дээрэмчид манай хот руу довтлоход эгчийг хашаатай өвсөнд нууж орхиод тэдэнтэй буудалцан гэр орон, мал хөрөнгөө хамгаалж байсан тухай миний эгч Хорлоо хуучилсан юм. Би төрөөгүй байсан болохоор тэр бүгдийг мэдэхгүй л дээ. Харин баруун хилийн цэргийн 65 жилийн ой, Баруун хилд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойгоор эгчээсээ нэлээд зүйлийг асууж, мэдэж авсан минь энэ.

Аав цэргийн албыг таван жил хаагаад халагдаж, эндээ хил орчмоор нутаглан, хилчдэд туслах сайн дурын группийн гишүүнээр 20-лод жил ажилласан юм билээ. Дараа энь Булган суманд суурьшин амьдарч, “Жаргалын зам” нэгдэлд насаараа мал маллаж байгаад, 1978 онд өвчний учир өөд болсон доо. Аав  минь залуу зандан ахуйдаа энэ нутгийн бүсгүй, миний ээж Бонжоо овогтой Богшроготой ханилан  сууж долоон хүүхэд төрүүлж өсгөсөн буянтай буурлууд байлаа. Миний том ах Ж.Сүхээеэ / Булган сумын харьяат Канюдаагийн нөхөр/ эгч Ж.Хорлоо / Пэрэнлэйгийн эхнэр/, эгч Ж.Орломсүрэн Ч.Идэшийн эхнэр/, эгч Ж.Цэндсүрэн /Ц.Дамиран багшийн гэргий/, ах Пүрэвдорж /эхнэр Аюурбадам/  эгч Цэрэнхүү /нөхөр Ширэндэв/ би отгон хүү Ж.Пүрэвхүү /гэргий Ж.Бямбаа / юм.

Одоо миний дөрөв дэх эгч Цэндсүрэн л гэхэд  80 насны босго алхаж, амьд сэрүүн байна. Миний аав баруун хилийн торгууд түмний дунд олон жил ажиллаж амьдран залуу зандан насандаа Оспан, Гоминданы дээрэмчидтэй тэмцэж, тусгай үүрэг биелүүлж байсан болохоор отгон хүү нь болох би хоёр тангараг өргөж, аавынхаа цэргийн алба хаасан хилийн цэргийн 0130 дугаар ангид их эмч, эмнэлгийн албаны даргаар 10  жил ажиллаж, хилчин  офицер ахлагч, тэдний гэр бүл, үр хүүхдийн эрүүл энхийн манаанд зогсож явснаараа ямагт бахархаж явдаг юм.

 

Хоёр. Хилчин аавын хилчин хүү

 

“Пүрэвхүү эмч” гэхээр түүний нэг үеийн хилчид андахгүй байх. Олон жил хилчид, тэдний гэр бүлийн эрүүл энхийн төлөө чагнуураар зэвсэг хийн, эмчийн төдийгүй эр цэргийн тангарагтаа үнэнчээр биелүүлэх чин  сэтгэлээр зүтгэж явсан хөдөлмөрч нэгэн билээ. Тэрбээр  өнгөрсөн зууны 1976 онд АУДЭС-ийг дүүргэж, НАХЯ-ны сайдын тушаалаар Ховд аймгийн Булган сум дахь алдар түүхт хилийн отрядад томилогдон, тэртээ 1940-өөд онд аавынхаа алба хааж байсан ангид очсон нь түүний хувьд аз завшаантай тохиолдол болж, ихэд бэлгэшээж байсан гэдэг. Оюутан цагийн энгийн амьдралаас огт төсөөлөөгүй цэргийн амьдралд цэргийн алба хаасан түүнд эхэндээ ойлгохгүй, мэдэхгүй зүйл алхам тутамд тулгарч байсан ч хатуу шаардлагатай, халамж түшигтэй дарга нар хамт ажилласан сайхан сэтгэлт  нөхдийн тус дэм, өөрийн мэрийлт зүтгэлээр шинэ амьдрал ахуйд удалгүй дасаж  мэргэжилдээ эзэн эмч “цэргийн хүн болох замаа засчээ.

Тэр үед тус ангийн эмнэлэг ердөө нэг л их эмчтэй, төвдөө болон хоёр комендатурт нэжгээд бага эмч, гурван сувилагчтай үүрэг гүйцтэтгэж байв. Хилийн отряд нь Ховд, Баян-өлгий, Говь-Алтай гурван аймгийн өргөн уудам хилийн хэсгийг хариуцан хамгаалах тул эмнэлгийн дуудлага ирэх үед ганц их эмч хаанаа ч хүрэлцдэггүй байжээ. Баян-Өлгийн заставт дуудлагаар очиж дөнгөж ирчихээд гэртээ ч орох завгүй буцаад яаралтай дуудлагаар Говь-Алтайн комендатур луу төмөр хүлгийн жолоо залах нь энүүхэнд. Өдөр шөнө, халуун хүйтэн алжаал ядралыг үл ажран явахад байгаль цаг уурын саад бэрхшээл мундахгүй. Баян-Өлгийн чигт өндөр уул, даваа гүвээ ихтэй, өвөл цастайд зам, харгуй, хаагдаад бүр хэцүү Говь-Алтай руу бол говь тал хэдий ч зам элсэрхэг, зундаа аагим халуун, машин тэрэгний ус халахаас эхлээд аль хэцүүг хэлж барах билээ. Тангараг өргөсөн эмч, хилчин офицер учраас татгалзах шантрах, зовлон тоочих эрх байхгүй шүү дээ. Хилийн заставт хэн нэг нь хүндээр өвдөх,бэртэх, гэмтэх, жирэмсэн эх төрөх зэрэгт яалт үгүй яаралтай дуудлага ирнэ. Аранзал залуу насны аагаар давж явснаа одоо эргээд бодоход сайхан байдаг юм гэж тэрбээр даруухнаар  хуучилж билээ.

Түүний хувьд хилийн заставт дуудлагаар очиж хүндрэлтэй  төрсөн эх, үрийн амийг аварсан, ахуйн ослоор бэртэж гэмтсэн, олгой ургасан цэргийн албан хаагчид цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн олон тохиолдол бий. Тэр бүгдийг энд бичвэл нэлээдгүй урт цуваа хөвөрнө. Нэг удаа Говь-Алтай аймгаас хугацаат цэргийн албанд  татагдаж ирсэн Сүрэнжав гэдэг байлдагч сургалтын төвд хоносон уу, үгүй халуурч, суулгаж бөөлжөөд их сандаргасан тул гэдэсний хижиг туссан байж магадгүй гэж үзээд, Булган сум дундын эмнэлэгт аваачин зөвлөлдөөд, эмч З.Батсүхтэй хамтран хагалгаа хийсэнд нарийн гэдэс нь таван хэсэгт цоорсон байжээ. Ингээд гэдсийг нь оёж, тайран эмчилснээр тухайн  цэрэг эдгэрч, алба хаагаад халагдсан байна. Оношлогоо зөв байсан учраас цэргийн амийг цаг алдалгүй аварч чаджээ. Дараа нь хамт олноосоо “Онош Пүрэвхүү” нэр хүртсэн гэдэг.

“Будаг” нь ханхалсан  дэслэгч анх ирснээ бодвол хоёр жилийн нүүр үзэж, хуучрах янз орж байх энэ үед нь буюу 1978 оноос нэг их эмч нэмэгдсэнээр эрх биш ачаа хөнгөрчээ. Харин 1980 онд шүдний их эмчтэй болсноор гурвуул ээлжлэн дуудлагандаа явах болж, эмнэлгийн ажил ч ихэд цэгцрэн урагшилж, гар сэтгэл нийлсэн сайхан хамт олон бүрдсэн байна. Эмнэлгийн албаны даргын хувьд Пүрэвхүү эмч ангийнхаа офицер ахлагч,тэдний гэр бүл, хүүхэд цэрэг түрүүч нарыг улирал бүрд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгийг Булган сумын эмэлгийн эмч нартай хамтран явуулахын сацуу үсчин, гэрэл зурагчин, гуталчин авчран, хавсарсан үйлчилгээ тогтмол үзүүлж хэвшсэн нь зохих үр дүнгээ өгч байжээ. Үүний зэрэгцээ жилд нэг удаа Хилийн цэргийн хөдөлгөөнт бүлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг хи лийн заставуудаар явуулж, эмнэлгийн үзлэгт бүрэн хамруулан шаардлагатай хүмүүсийг эмчлэх ажлыг шат дараалан зохион байгуулж байв. Анх ажил хүлээн авахад нь аймгийн төвд нэг бага эмч, гурван сувилагч цэрэг асрагч ажиллаж байсан бол эмнэлэг өргөжин тэлж, их эмч гурав, бага эмч нэг, сувилагч, асрагч тус бүр гурав, лаборант, ахлах тогооч, бүгд 13 хүний орон тоотой  ажиллах болсон байна. Энэ нутагт 10 жил алба хааж, энх цагийн хилчдийнхээ эрүүл энхийн төлөө унд ар гэр, унтах амрахаа умартан хөдөлмөрлөж явсан эл эмчийн амьдралд амь өрссөн алдаж оносон зүйл аль олон тохиолдохыг хэлж барах билээ. Ер нь эх орныхоо торгон хилийг өдөр шөнөгүй хамгаалж яваа хилчин хүний алба, амьдрал аливаа адал явдлаар дүүрэн байдаг хойно доо. Сургамж болох үүднээс түүний сонирхолтой хуучаас товчхон сийрүүлье.

Баян-Өлгийн Их Жаргалантын застав руу эмнэлгийн үзлэг, шалган туслах ажлаар хошууч Д.Гончиг, байлдагч Дэлгэрсайхан хэдүүл явж байх замд Булган гол үертэй байсан тул хүлээхээс өөр аргагүй болж, гурав хоног үерт боогдон  сүүлдээ өлсөж ядарсан байна. Нэг нугас буудаж унагасан нь голын нөгөө эрэг даган урсаад явчихсан тул хоосон хоцров. Ингээд аргаа барж байтал азаар нэг казах  айлынхан мэдэж,  хоол унд залгуулснаар барахгүй голын цаад эрэгт  заставаас хилчид ирж баярлуулжээ. Усны шуугианд хүний дуу дуулдахгүй байсанд бичсэн бичгээ чулуунд уяж дүүгүүрдэн, хэл амаа ололцсон байна.

Ид халуун 1987 оны наймдугаар сарын дундуур говийн алслагдсан нэгэн заставаас дуудлага ирсэн учир цэрэг жолоочтойгоо хоёул яаралтай гарчээ. 100 гаруй км яваад элсэнд сууж хоёр өнжөөд арга буюу 50 орчим км явган алхсаар азаар худаг таарч цангаж үхэх аюулаас аврагджээ. Таван литр ус аваад цааш зүтгэсээр Алтай сумын сумын ойролцоох Хөхтолгойн агаараас хамгаалах цэргийн салбарт хүрч унаатай залгасан гэдэг. Нэг удаа Ярантын заставын Ихэртолгойн хилийн постоос яаралтай дуудлага ирэв. Отрядаас ажлын бүлэг томилон явуулжээ. Энд хэрэг мандсан байлаа. Малаа авахаар орж ирсэн урилгагүй зочныг заставын хилчид отож байгаад үхрээ туугаад буцаж гарахад нь “Зогс”команд өгсөн ч үл биелүүлэн хил рүү давхижээ. Хилчид дүрмийн дагуу анхааруулан, улмаар морийг нь буудаж унагаахаад явгарсан хил зөрчигч цааш зугатсан тул буудсан байна. Хилийн дотогш 54 мерт алагдсан хил зөрчигчийн хүүр хэвтэж байв. Ийм л явдал болсон байлаа. Хоёр тангараг өргөсөн эмч хүний хувьд Пүрэвхүү ахмад хамгийн түрүүнд хайрцагтай эм тангаа бариад цэрэг жолоочтойгоо давхиад очжээ. Хилийн  манааг бууны ашигтай тусгалаас хол зайд гүн тийш татсан байв. Энд жинхэнэ ”халуун цэг” үүсэж, хилийн цаахна хятадууд буугаа шагайгаад хэвтэж байсан гэдэг. “Залуу байсан болохоор айхыг юман чинээ боддоггүй зоригтой байж дээ” гэж тэрбээр хожим өгүүлж билээ. Уг нь зохих дүрмийн дагуу ажилласан ч хилийн цагийн байдал ээдрээтэй үед хил дээр буу дуугаргасан хэргээр Д.Баатар дэслэгч сүүлд нь асуугдаж юм юм л болсон байх. Хоёр орны харилцаа тийм ч сайнгүй байсан цаг л даа. Гэхдээ энэ таагүй явдлаас хойш хятадууд хил зөрчихөө больсон гэдэг. Хаа хаанаа сургамж авсан хэрэг. ОХУ-ын Ленинград хотноо Цэргийн төв эмнэлэгт анх ирснийхээ дараа хилчлэд үзлэг хийж Монгол орныхоо хилээр тойрсон тухайгаа сонирхолтой үг өгүүлдэг юм. Цагийн сайханд анх Баян-Өлгий отрядад цагаан онгоцоор тэндээсээ Ховд, Говь-Алтай, Баянхонгор,Өмнөговь, Дорноговь аймгийн хилийн бүх заставаар дамжин 46 хоног явж, хилчдэдээ газар дээр нь эмнэлгийн тусламж үзүүлэн Замын-Үүдээс галт тэргээр ирж байсан цагаас хойш эх орныхоо дархан хилийг хэдэнтээ тойрчээ. Түүний сэтгэлд тод үлдсэн бас нэгэн дурсамж бол 1999 оны зүүн хойд хилд гэмт хэрэг, хилийн зөрчлийг таслан зогсоох, малын хулгайтай тэмцэх зорилгоор ХЦУГ-аас зохион байгуулсан хилийн тусгай ажиллагаанд эмнэлгийг хэмсгийн удирдан оролцож, хоёр сар шахуу үүрэг гүйцэтгэсэн явдал юм. Энэ үеэр хилийн отряд, заставуудаар явж олон ч удаа хилчдэд эмнэлгийн тусламж үзүүлсний дотор Сагилын заставт 12 настай хүүд эмч Мөнхжаргал, сувилагч Батдулам, лаборант Ням-Очир нарын хамт олгойны яаралтай мэс засал хийж, амийг нь аварсан үйл явдал багтана. Мөн хил зөрчөөд буудуулж шархадсан. Туяа болох Дөрөө нуурт живж осолдсон цэргийн биед үзлэг хийх зэрэг хойшлуулшгүй олон ажилд үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. Пүрэвхүү эмч 1989 оны долоодугаар сараас НАХЯ-ны болон Хилийн цэргийн төв эмнэлэгт 12 жил ажиллаад 2003 онд цэргийн тэтгэвэрт гарсан ч тэрбээр гар хумхин суусангүй 2004 оноос СБД-ийн Нэгдсэн эмнэлэг болон Шидэт зөгий “Хаппивератас” “Нууц увдис” зэрэг эмнэлэгт 16 жил тасралтгүй ажиллаж, хүн ардынхаа эрүүл энхийн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Аранзал залуу насаа Монгол орныхоо торгон хилд үдсэн алтан гарт энэ эмчид гавьяатын алдар ойрхон санагдсаныг хэлэхгүй байж яахан чадах билээ. 

Чөлөөнд байгаа хурандаа Ш.Доржбал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu