Хятадын компани ганц бие ажилтнуудаасаа гэрлэхийг шаарджээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 24

Хятадын “Shuntian Chemical Group” компани ганц бие болон гэр бүлээ цуцлуулсан ажилтнууддаа 2025 оны есдүгээр сарын сүүл гэхэд гэрлэх шаардлага тавьжээ. 28-58 насны ажилтнуудад тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд ажлаас нь халах аж.

“South China Morning Post” хэвлэлд бичсэнээр, гуравдугаар сарын сүүл гэхэд гэрлээгүй ажилтнууд өөрсдийгөө шүүмжилсэн ил захидал бичих ёстой. Хэрэв зургаадугаар сарын сүүл гэхэд ганц бие хэвээр байвал компанийн зүгээс тэдний ажлыг дүгнэнэ. Харин есдүгээр сарын сүүл гэхэд гэрлээгүй байх аваас ажлаас халагдах аж. Шаньдун мужийн Линьи хотод байрладаг “Shuntian Chemical Group” компани нийт 1.2 мянган гаруй ажилчинтай.

Тус сонины тодруулснаар, орон нутгийн хүний нөөц, нийгмийн хангамжийн товчоо тус компанийн удирдлагаас эл бодлогоосоо татгалзахыг шаардсан байна. Учир нь энэхүү шаардлага нь БНХАУ-ын хөдөлмөрийн хуультай харшилж байгаа гэнэ. Харин “Shuntian Chemical Group” компанийн удирдлага энэхүү шийдвэрээ улс орныхоо эрх ашгийн төлөө гаргасан гэж үзэж байна.

2024 онд Хятад улсад нийт 6.1 сая гэрлэлт бүртгэгдсэн нь өмнөх жилийнхээс 20.5 хувиар буурч, хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Хятадын залууст гэрлэх сонирхол үгүй болсон нь эрх баригчдад залуу гэрлэгсдэд мөнгөн тэтгэлэг олгох зэрэг урамшууллын арга хэмжээ авахад хүргээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu