Тамирчдыг алтан медаль, аваргын алдраар нь хүндлэх зүйн хэрэг. Гэвч бас өөр нэг өнцөг бий. Амжилтад хүрч чадаагүй ч гэсэн бусдын төлөө өөрийгөө зольж, амьдралынхаа хамгийн чухал тулаанд ялж чадсан хүнийг жинхэнэ ялагч гэж хэлж болох биз ээ. Тийм нэгний тухай түүхийг хүүрнэе.
...1894 оны дөрөвдүгээр сарын 12. АНУ-ын Сэнт Пол хотод нэгэн хүү мэндэлснийг Билли гэж нэрлэжээ. Энэ хүүгийн нэрийг хоёр зууны дараагаар буюу 2010 онд Боксын Алдрын танхимд мөнхлөх болно. Билли энэ хорвоод удаагүй ээ, дөнгөж 29 настайдаа явчихсан юм.
Аав нь цагдаа. Хууль дүрэм сахиулсан энэ эрийн гэр бүл ядуу тарчиг гэхээргүй. Гэхдээ хүү Билли нь аавынхаа мөрийг дагасангүй. Эрүүл мэндэд халтай, амь өрссөн мэргэжлийн боксчны замналд дурлажээ.
Билли Мискэг бокс тоглож эхлэх үед Миннесота мужид бокс хууль бус спорт байлаа. Тиймээс ихэвчлэн хаалттай хаалганы цаана, нууцаар тулаан болно. Хамгийн гол нь тулааны мөрий их байж. Биллиг боксын хүрээнийхэн “Аянгын ниргэлт” гэж хочилжээ. Нам цохидог хүчтэй нударгатан тул тодорхойлж өгсөн хоч нь. Мискэ дунд жингээс замналаа эхлүүлжээ.
Билли бууж өгөхийг үзэн яддаг. Ямар ч хэцүү тулаан, хүчтэй өрсөлдөгч байлаа дуустлаа үзэлцэнэ. Үнэндээ Мискэ бокст тийм дуртай байсан уу, эсвэл гэр бүлээ сайхан амьдраасай гэж хүссэндээ мөрийний мөнгөнд халгисан мэргэжлийн бокст орсон уу гэдгийг одоо хэн ч тогтоон хэлж чадахгүй билээ.
1918 онд Билли тухайн үеийн боксын нүүр царай, од нь болсон Жек Дэмпситэй тулаан хийхээр боллоо. Энэ тулаанд Дэмпси оноогоор ялсан ч дараа нь ярилцлага өгөхдөө “Тэр гэнэт сэргээд намайг хариугүй цааш нь харуулчих дөхлөө. Үнэндээ би аргаа барж байтал ашгүй эцсийн хонх дуугарлаа” гэж хэлж байжээ. Дэмпсиг дэлсээд унагачих дөхсөн 24 настай залуу боксчныг ирээдүйд их юм дуулгана, аягүй бол аварга болно гэж боксын хүрээнийхэн үнэлж эхлэв.
Бие нь нэг л зовиуртай байх учир Билли эмчид үзүүлжээ. Гэтэл эмч түүнийг бөөрний ховор төрлийн эдгэршгүй өвчтэйг дуулгаад зогсохгүй таван жилээс илүү амьдрахгүй гэж хэлсэн байна. Боксын тухайд бол бүр бодоод ч хэрэггүй гэж.
Билли эмчээс энэ аймшигтай мэдээг сонсчихоод гарахдаа гэрийнхээ хэнд нь ч, юу ч хэлэхгүй гэж шийджээ. Эхнэр Мэридээ “Бөөр жаахан өвдсөн байна гэнэ. Хэдэн эм бичиж өглөө” л гэж. Ингээд боксоо ч орхисонгүй. Биллигийн амьдрал дөнгөж сэргэж, яг сайхан болох гэж байтал ийм аймшигтай төгсгөлийн тухай дуулаад ямар ч байсан гэр бүлээ эзний хувиар авч явна гэж өөртөө амласан бололтой. Автомашины бизнес эрхэлж байсан нь бүтэлгүйтэн дампуурч, ихээхэн хэмжээний өрөнд орлоо. Ядаж байхад өвчин зовиур улам нэмэгдэнэ. Гэлээ ч амьдрах ганц арга болсон боксоо тэр үргэлжлүүлж, 30 тулаан хийсэн юм. 1921-1922 онд Билли Мискэ 21 тулаан хийхдээ ердөө ганц хожигдсон нь үнэхээр сэтгэгдэл төрүүлэм.
Гэвч жил ирэх тусам бие нь муудаж, сульдаж байлаа. Дахиад Жек Дэмпситэй тулаан хийхээр болжээ. “Би Биллиг өмнөх шигээ чанга биш байгааг мэдэрсэн. Би түүнийг ёстой ярзайтлаа үзэх байх гэж эмээж байсан юм. Гэтэл тэр зүгээр л өрөнд ороод, мөнгөний төлөө гарсан юм билээ. Надтай тулалдсанаар багагүй мөнгө олж, хэсэг зуур амарч, эмчилгээ хийлгэх боломж гарах байж” гэж Дэмпси хожим дурсан ярьжээ. Дэмпсид ялагдсан тулааныхаа шанд Билли 25 мянган ам.доллар хүртжээ. Гэвч их өрөнд унасан түүнд энэ мөнгө хангалтгүй байлаа. Мөнгө ч дуусч, үхэл хаалгыг нь өнөө маргаашгүй цохих гэж буйг мэдэрсэн Мискэ Зул сарын өмнө сүүлчийн тулаанаа хийхээр менежер Жек Рэддид ханджээ.
- Жек, би тулаан хиймээр байна.
- Тоглож байгаа байлгүй дээ. Наад бие хаагаа хараач!
- Үгүй ээ, яасан ч байсан тулаан хийе.
- Үгүй ээ, би ийм юмыг зөвшөөрөхгүй.
- Сонсож бай. Би бараг дуусч байгаагаа мэднэ. Удах ч үгүй биз. Мэри болон хүүхдүүдээ Зул сараар аз жаргалтай байхыг сүүлчийн удаа ч болтугай хармаар байна. Дахиад надад Зул сар гэж байхгүй. Тиймээс надад хараал идсэн ганцхан тулаан бэлдээд өгчих. Би энэ Зул сарыг онцгой сайхан болгомоор байна. Мэри болон хүүхдүүд минь насан туршдаа санаж дурсаж яваг.
- Чи ийм байдалтай тулаан хийвэл рингэн дээр ч үхэж мэднэ шүү дээ.
- Би тулаанч биз дээ? Гэртээ тэргэнцэр дээр үхсэнээс рингэн дээрээ үхвэл үхэг... гэх яриа тэдний дунд болжээ.
Ингээд Рэдди түүнд Брэннан гэх өрсөлдөгч олж өгч, тулаан хийхээр боллоо. Брэннаныг гуравдугаар раундад нам цохиж унагаад Билли сүүлчийн ялалтаа байгуулав. Брэннан 1924 оны зургаадугаар сарын 15-нд буудуулж нас барсан юм. Харин үүнээс өмнө Билли Мискэ өөд болсон.
Брэннаныг ялсаныхаа шанд Билли 2500 ам.доллар шагналд авчээ. Энэ мөнгөөрөө өр тавиад хоосорчихсон гэртээ мебель авч, эхнэрийнхээ насаараа мөрөөдсөн төгөлдөр хуурыг мөн авч, хөвгүүддээ дугуй, харин охинтой чихмэл бамбарууш бас хүүхэлдэй авч өгсөн байна. Үүнээс ч гадна бас бага зэрэг мөнгө үлдсэн тул эхнэртээ өгчээ. Ингээд Зул сараа тэд үнэхээр сайхан хийлээ. Билли оройжингоо инээн хөгжилдөж, гэр бүлийн аз жаргалыг бүрэн мэдэрчээ.
Маргааш нь Билли Мискэгийн бие өвдөж, Рэддиг дуудан гэрээсээ холхон байхыг хүсч буйгаа хэлжээ. Хүнд өвчинд тэсвэрлэж ядан зовж буйгаа эхнэр, хүүхдүүддээ харуулж, сонсгохыг хүсээгүй юм билээ. Мөн тэр өдөр эхнэр Мэридээ эдгэршгүй өвчин туссанаа хэлжээ.
Биллиг тэр даруй эмнэлэгт хүргэж, зургаан хоногийн дараа амьсгал хураасан юм. Энэ бол 1924 оны нэгдүгээр сарын 1-ны өдөр байлаа.
“Тэгэхэд би зургаан настай байсан ч гэлээ Зул сарын баярын өдрийг одоо ч тодхон санадаг. Ээж төгөлдөр хуур дарж байсныг санаж байна. Мөн аавын төрхийг санадаг. Тэр тулааныг бидний л төлөө хийсэн гэдгийг тэр өдөр тэнд байсан бүх хүн мэдэрч байсан” хэмээн хожим хүү нь ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Аав хүн гэр бүлийнхээ төлөө бүхнийг хийнэ