Хордлогонд орсон сулбагар Майкл Жонсон хэрхэн мөнхийн домог болов

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09


Майкл Жонсон гэхээр гэдгэр гэж жигтэйхэн гүйгч олны санаанд орж буй нь лавтай. Өвөрмөц цэх гүйлттэй, алтан шаргал пүүзтэй энэ тамирчин 1992 оны Барселонагийн олимпын наадамд амжилт гаргаж чадаагүй юм.

Олимпын наадмын хамгийн хурдан тамирчидтай уралдахаас ердөө 14 хоногийн өмнө амарч, булчингийн массаа нэмж байх ёстой атал хордлогонд орчихоод бие нь суларч гүйцжээ. Ганцаараа ч биш агент нь хүртэл мөн хордлогонд орчихож. Хордлогын улмаас жин хасагдаж, булчингууд нь суларчихсан гүйлтийн зам дээр гарч ирлээ. 200 метрт баараггүй түрүүлнэ гэж харж байсан үзэгчид хагас шигшээд зургаадугаар байр эзлээд хасагдахад нь цочирдлоо. Олимод түрүүлэх гэж дуулиантайхан очсон тамирчин шигшээ уралдаанд ч шалгараагүй нь зарим тамирчны хувьд дааж давшгүй харуусал, хямрал. Харин Жонсон тэгж гутарч, харуусаж суусангүй ээ.

Сувгаа ганцхан товчлуур дээр дараа сольчих шиг өөрийгөө богинохон хугацаанд дахин сэргээж, АНУ-ын 4х400 метрийн буухиад магнайлан гараад дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлэв. Гүйлтийн замд 44:73 секундын амжилт үзүүлсэн нь хөлийнх нь эрч буураагүй, хүслийнх нь гал унтраагүйг илтгэлээ. Энэ бол түүний эргэн мандсаны эхний үүр цайж буй нь байлаа.
 


1993 онд Жонсон өмнөх жилийнхээ “өшөөг авахаар” зам дээр шүдээ зуун гарч ирэв. Улсынхаа аварга болчихоод Дэлхийн АШТ-д очоод 400 метр болон 4х400 метрийн буухиад түрүүллээ. Цаг нь 42:91 секунд. Энэ бол хүн төрөлхтөн дотроос энэ зайд хэний ч үзүүлээгүй амжилт. Жонсон зөвхөн дээд амжилт тогтоогоод зогсохгүй хүний хүрч болох, болохгүйн заагийг давуулж, гайхшруулав.

1995 он бол бүрэн ноёрхлын жил. Гетеборгийн ДАШТ-д XX зуунд хэнбугай нь ч хийж чадаагүйг хийж үзүүлэв. 200 болон 400 метрийн зайд түрүүлээд дээр нь нэмээд 4х400-гийн буухиад магнайллаа. Нэг ёсондоо Хааны гурван титэм нэг толгойд багтжээ. Гэхдээ Хаан маань Домог арай болоогүй байв. Домог болохын тулд Олимпын наадамд түрүүлэх ёстой.
 


1996 оны Атлантын олимп ч үүдээ цэлийтэл нээж, 4 жилийн өмнө хордлогын улмаас тэмцээнийг эрт орхисон Майкл Жонсон хэн бэ гэдгээ харуулах зам дээр гарлаа. Урьдчилсан гүйлтэд 200 метрт 19:66 секундын цаг тэмдэглүүлж, алмайруулав. Энэ бол 17 жилийн турш эвдэгдээгүй Дэлхийн дээд амжилтыг эвдсэн цаг. Ингэж л тэр болохгүй, бүтэхгүй зүйлийг болгоно, бүтээнэ гэж сөрж босож ирэв. Бид нар бүгдийг сөнөөнө, бид нар бүгдийг бүтээнэ гэдэг шиг 1992 онд сөнөөсөн бол 1996 онд бүтээхээр очжээ.

Атлантын стадионыг тойруулан зассан зам руу олны нүд орчих шахан ширтэнэ. Халуун наранд хайлчих шахсан олон тамирчин дундаас өнөөх Майкл Жонсон цойлон гарч ирээд зогсохгүй 200 болон 400 метрийн зайд түрүүллээ. Олимпын хошой алтан медаль цээжинд нь гялалзах болов.
 


400 метрт 43:49 секунд, харин 200 метрт 19:32 секунд. Өөрөө өөрийнхөө дээд амжилтыг эвдэж, өөрөө өөрийгөө даван дийлсэн Майкл Жонсон зөвхөн ноёрхоод зогсохгүй домог болон мөнхөрч, спортыг урлаг гэдгийг харуулж, бишрүүлсэн юм.

Тэр зөвхөн гүйсэн төдий биш хурдны тухай ойлголтыг өөрчилсөн юм. Хордлого, суларсан булчин, харамсалтай хасагдалтаас олимпын алтан медаль хүртэлх түүний зам бол сэтгэлийн тэнхээ, даван туулах асар их хүчний түүх домог билээ.

Одоо Майкл Жонсон Grand Slam Track тэмцээн сэдэж, эхнийхийг нь зохион явуулаад байна. Ямайкийн Кингстонд болсон энэ тэмцээнд Дэлхийн шилдэг тамирчдаас зарим нь очиж, үзэгчдийн суудал хоосон харагдсан ч гэлээ байнгын давтамжтай, бай шагнал өндөртэй энэ тэмцээн сараас сар, жилээс жил яг л Майкл Жонсоны бүтэлгүйтлээс эхэлсэн гайхамшигт замнал шиг сэргэн сэхэх биз ээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu