Дэвид Бекхэм Английн шигшээг удирдах хүслээ хэлж, Тухель ил шүүмжлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 10

Ирэх бямба гаригт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Хаан Чарльз нэрт хөлбөмбөгч Дэвид Бекхэмд Сэр хэргэм олгох болно. Эх орныхоо өмнө гавъяа байгуулсан цөөн эрхэмд олгодог энэхүү хүндэт шагналыг Бекхэм 50 насандаа хүртэх юм.

Дэвид Бекхэм саявтархан CBS-т өгсөн ярилцлагадаа өөр нэгэн хүсэл мөрөөдөл байгаагаа нуулгүй ярьжээ. Энэ бол Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах юм.
 

“Миний хүсэж байгаа ганц ажил бол одоо эх орныхоо шигшээ багийг удирдах. Магадгүй 10 жилийн дараа хүсэл минь биелж мэдэх юм. Ямартай ч одоохондоо шууд үсэрч очоод энэ ажлыг хийчихье гэж яарахгүй. Хэрвээ тэгвэл олон жилийн турш дасгалжуулагчаар ажиллаж, энэ ажлыг хийх туршлага сууж, гавъяа байгуулсан хүмүүсийг үл хүндэлсэн явдал болно” гэжээ.

Гарет Саутгэйтийн зөөлөн бодлого, шигшээ багийг эргэн сэргээж, үзэгчдийг стадионд дахин ирүүлсэн нь түүнд тун таатай сэтгэгдэл төрүүлснийг ч дурдсан байна.
 


“Гаретын ажлын арга барил, хандлага Холбооныхонд таалагдсан. Хэцүү цагт шигшээ багаа зөв удирдсан нь таатай санагдсан. Саяхан түүнд Сэр хэргэм ч олголоо. Шигшээ багийн амжилт, мөн фанатуудын хувьд Гарет гавъяатай хүн.

“Уэмбли”-д шигшээ баг тоглож байхад үзэгчдийн суудал хоосон харагддаг болчихсон байсныг Гарет л амжилтаараа өөрчилж, дүүргэсэн. Түүний ажлын үр шим фанатуудыг буцаан стадионд аваачсан. Шигшээ багаараа бахархах, баярлах мэдрэмжийг дахин төрүүлсэн” хэмээн Дэвид Бекхэм өгүүлжээ.

Дасгалжуулагч болохыг хүсэж байсан талаар нь асуухад “Үнэндээ би хүсээгүй юм. Харин академийн хүүхдүүдтэй бол ажиллахыг хүсдэг байлаа. Хүүхдүүдтэй ажиллах их дуртай. Харин багийн дасгалжуулагч хийе гэж өмнө нь бодож үзээгүй. Магадгүй би сайн дасгалжуулагч болох байсан байж мэдэх л юм. Учир нь надад шигшээ багийг удирдах санал тавьж байлаа.

Харин Парисын олимпын наадамд найз Тьерри Анри маань Францын шигшээгээ амжилттай удирдаж буйг хараад дасгалжуулагчаар ажиллах хүсэл төрснийг нуухгүй” гэжээ.
 


Дэвид Бекхэм Мэжор лигийн “Интер Майами”-г үүсгэн байгуулагч, эзэн нь. Түүний клубт Луис Суарес, Лионель Месси нарын зэрэг одод тоглодог. Тэднийг дасгалжуулж үзмээр санагддаг эсэхийг лавлахад “Үгүй ээ, би зүгээр хамт тогломоор санагддаг. Харин дасгалжуулагчаар бол үгүй. Мессигийн дасгалжуулагчаар ажиллана гэдэг аймаар биз дээ. Түүнд юу хийхийг нь заах хэрэг үү? Та төсөөлж байна уу, үүнийг” хэмээн хариу асуужээ.

Английн шигшээ багийг одоо герман дасгалжуулагч Томас Тухель удирдаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн чансааны 173-д бичигдэж буй Андоррагийн шигшээг 0:1-ээр хожсон нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Тухель ч шигшээ багийнхаа тоглогчдыг ажилдаа хайхрамжгүй хандлаа гэж хэвлэлээр шулуухан шүүмжилсэн юм.
 


Харин дараа нь хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Муу тоглосны бурууг би ганц хоёр хөлбөмбөгчид тохохгүй. Харин ч хөлбөмбөгчдөө хамгаална. Манай багийнхан хэмжээндээ хүрч тоглож чадаагүй нь үнэн. Та нарт хэлснийгээ л би хөлбөмбөгчдөдөө хэлсэн. Ер нь хий хоосон магтаалаар яахав, шулуухан хэлчихсэн нь дээр.

Та нар бүгдээрээ тоглолтыг үзсэн атал би сайн тоглолоо гээд яриад байж болохгүй биз дээ. Ингэж хэллээ гээд ямар ч хор уршиг болохгүй. Бид шүүмжлэлийг давж гарч чаддаг болох ёстой. Хөлбөмбөгчид ч шударга шулуухан ярилцдаг байх хэрэгтэй. Тэгж байж л дээрдэнэ. Гэхдээ заавал сөрөг талыг нь яриад яахав. Бид хамтдаа суралцаж, сайжрах болно” гэж мэдэгдсэн юм.

ДАШТ эхлэхэд ердөө 12 сар л үлдсэн тул хэрвээ энэ янзаараа тогловол шүүмжлэлийн гал улам бадрах нь тодорхой. Зургаан сарын турш Гурван арслангийн жолоог атгаж буй Томас Тухелийн жинхэнэ нөлөө одоо хүртэл харагдахгүй байгааг Английн хэвлэлүүд анхааруулсаар байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu