Саад тотгор ер нь хаа холоос биш дэргэдийн нөхдөөс л ирдэг аж. Өмнөх хийгээд одоогийн засгийн Сангийн бүх хэргийг атгаж буй Б.Жавхлан саад гэдгээ танихгүй сайд хийж яваа нөхөр. Татвар нэрээр сааж төсөв түнтийтлээ дүүрсэн. Дүүрчихсэн төсөвөөр аймаг бүрд соёлын төв босгосон. Үүнийгээ “Соёлын төв бол иргэд цуглах гол газар” гэж зөвтгөсөн авч начир дээрээ эрчим хүчний под станцгүй аймаг олон байна. За тэгээд инфляцыг 5%-д барина гэж амладаг мөртлөө “эх орны хишиг”, “баялгийн сангийн өгөөж” гэх олон чамин хаяг хадаад мөнгө тараадаг. Дандаа сонгуулийн өмнө шүү.
Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг. Үүний зарлага нь 32.9 их наяд. Төсвийн суурь тэнцэл нь 2.07 их наяд төгрөг буюу ДНБ-ний хоёр хувьтай дүйж байна. Арай тодорхой хэлбэл улсын төсвийн орлогоос зээл, өрийн хүүгийн төлбөрийг хассаны дараах тэнцэл гэж ойлгож болно.
Тэнцвэржүүлсэн тэнцэл 2026 онд -1.5 их наяд төгрөг байхаар баталсан. Арай өөрөөр хэлбэл төсвийн алдагдал 1.5 их наяд хүрсэн байна аа л гэж ойлгоход болно. Тэнцвэржүүлсэн тэнцэл гэдэг нь угтаа төсвийн нийт орлогоос нийт зарлагыг хассан л дүн юм. Манай тохиолдолд ирэх онд 1.5 их наядын алдагдалтай байгаа учраас алдагдлаа нөхөхийн тулд гадаад, дотоод эх үүсвэрээс зээл авах шаардлагатай болно гэсэн үг.
“Данхар төрийг хумьж, хариуцлагыг бататгах алхам” гэж Б.Жавхлан сайдтан хэлж байж. Төрийн өмчийн хороонд тайлан өгдөг 122 компани Монгол Улсад байна. Үүний 99 нь толгой компани байна гээд бод.
Ирэх оны төсвийг мөн л өөдрөгөөр төсөөлсөн. Алдагдалтай гэсэн авч сахилга бат сайжирч байгаа. Сайжирч байгаа мэт боловч сахилга сул болсоор байгаа. Гэсэн ч сайд өөдрөг төсөөлж. УИХ-аар эцэслэн баталсан 2026 оны төсвийн тухай хуульд 90 сая тонн нүүрс экспортлохоор тусгажээ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудад экспортын орлогыг 16.7 тэрбум ам.доллар байна гэж тооцож, төсвийн нийт орлогын 27 орчим хувь буюу 9.3 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас бүрдүүлэхээр төлөвлөжээ. Хэдийгээр сүүлийн жилүүдэд нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч орлого олигтой өсөж өгөхгүй байгаа. Энэ нь БНХАУ-ын дотоодод эрэлтээ дагаад нөөц нэмэгдсэнтэй холбоотой. Нэг ёсондоо экспортын ганцхан сувагтай байгаа нь гол асуудал. Чухам иймээс коксжих нүүрсний тухайтад экспортын өөр түнш хайж байгаа юм. Монгол Улс он гарснаас хойш эхний есөн сарынб айдлаар 59.1 тонн нүүрс экспортлоод байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 26% өссөн үзүүлэлт. Энэ оны төсвийн тухай хуулььд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Эхний есөн сарын байдлаар 70 гаруй хувийн биелэлттэй байна.
Сангийн сайд он гараад л нэг асуудалтай тулгарна. Тэр нь нэмэгдэх тэтгэвэр. УИХ-аар баталсан төсвийн тухай хуульд ахмад настны тэтгэврийг 8.6% нэмнэ гэж тусгасан. Үүнд 145 тэрбум төгрөг зарцуулахаар болоод байна. Зөвхөн тэтгэвэр ч бус Хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг 20% буюу сард 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд 29.3 тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа. Яахав нэмэгдэж байгаа нь сайн хэрэг ч төсвийн зарлага нэмэгдэж урсгал зардал өсгөж, сангийн бодлогод дарамт үүснэ. Дарамт үүсгэхгүй гээд төрийн албан хаагчдын цалинг ташраар нь нэмээгүй ч эдийн засгийн төрөлжилт багатай Монгол Улсад огт нөлөөлөхгүй байх нь юу л бол. Үүн дээр нэмэгдээд багш нарын үндсэн цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 742 мянга, 11 сарын 1-нээс 2.8 саяд хүргэхээр болсон. Үүнд 518.6 тэрбум төгрөг зарцуулна. Эмч эмнэлгийн ажилчдын цалинг 15% нэмэгдүүлэхэд 190.3 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг ч мартах учиргүй. Дээрээс нь геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж манай гол худалдан авагчийн ааш аяг ямар байх вэ гэдгийг тооцоолох ёстой болно. Монгол Улсын хувьд 2025 оны эхний болон хоёрдугаар улирал чанга байсан. БНХАУ-ын дотоодод нүүрсний үнэ унахад л манайд чангаар туссан нь энэ шүү дээ.
Одоогоос гурван жилийн өмнө, ковидын дараахан төрийн өмчит компаниудын 30 орчим хувийг олон нийтэд нээлттэй болгох төлөвлөгөө танилцуулж байлаа. Гэвч сонгуулийн үнэр ч ханхийж, Засгийн газар “өөр дайсантай байлдаж” байтал энэ санаа мартагдсан. Сайд нэртэй саад ч үүнийг мартсан бололтой...
Эцэст нь уншигч танд Сангийн сайд Б.Жавхлангийн хэлсэн нэг үгийг сануулъя. “Данхар төрийг хумьж, хариуцлагыг бататгах алхам” гэж. Төсвийн хуулийг хэлэлцэж байхад тэрээр ингэж хэлж байв. Гэвч бодит байдал арай өөрийг хэлж байна. Төрийн өмчийн хороонд тайлан өгдөг 122 компани Монгол Улсад байна. Үүний 99 нь толгой компани байна гээд бод. Одоогоос гурван жилийн өмнө, ковидын дараахан төрийн өмчит компаниудын 30 орчим хувийг олон нийтэд нээлттэй болгох төлөвлөгөө танилцуулж байлаа. Гэвч сонгуулийн үнэр ч ханхийж, Засгийн газар “өөр дайсантай байлдаж” байтал энэ санаа мартагдсан. Сайд нэртэй саад ч үүнийг мартсан бололтой...

Сэтгэгдэл ( 0 )