.jpg)
Дэлхийн хэмжээний Tier 1 (S-Tier) ангилалд багтдаг Counter-Strike 2-ийн хамгийн том тэмцээнүүдийн нэг болох PGL Cluj-Napoca 2026 тэмцээний хагас шигшээ тоглолт The Mongolz болон Furia багуудын хооронд болж, The Mongolz 2:1 харьцаатайгаар ялалт байгууллаа. Ингэснээр The Mongolz энэ сарын 22-ны өдөр Vitality-тай шөвгийн дөрөвт өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.
The MongolZ байр сууриа эргүүлэн авч чадах уу?
Одоогийн байдлаар чансаагаараа 9-т бичигдэж байгаа The Mongolz чансаагаараа 2-т бичигдэж байгаа Furia багийг ийнхүү буулган авсан нь олны анхаарлыг дахин The MongolZ-ийн зүг татаад байна. Учир нь дэлхийн чансааны ТОП-1 гэх тоо цагтаа The MongolZ-ийнх байсан. Тэд одоо чансааны 1-т бичигдэж буй Vitality-тай өрсөлдөж өөрсдийн байр сууриа дахин бататгах боломжтой болж байна.
Азийн багуудын хувьд дэлхийн чансааны 1-т бичигдэх нь маш ховор тохиолдол бөгөөд The MongolZ энэ амжилтаараа esports-ийн түүхэнд шинэ хуудас нээсэн. Одоогийн байдлаар HLTV-д 9, Valve-ийн чансаанд 11-д бичигдэж байгаа The MongolZ-ийн хувьд шинэ бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнд эргэн ирсэн нь анхаарал татаад байна.
.jpg)
Шинэ тоглогч Cobrazera гэж хэн бэ?
Багийн шинэ гишүүн У.Анарбилэг буюу Cobrazera нь 2023 оноос хойш мэргэжлийн түвшинд өрсөлдөж байгаа тамирчин бөгөөд "The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд 1 жил 10 сар тоглосон нэгэн. Rifler байрлалд тоглодог түүний рейтинг 1.16. Энэ нь түүнийг өндөр гүйцэтгэлтэй тоглогч гэдгийг илтгэнэ. Хурдан шийдвэр гаргах, зөв байрлал эзлэх чадвар нь түүнийг clutch хийх боломжийг нэмэгдүүлж байгаа бөгөөд The MongolZ багийн 2026 оны CS2 улиралд бүс нутгийн тэргүүлэх багуудын нэг болох зорилтыг алхам алхмаар ойртуулсаар байна.
Тэрээр энэ удаагийн тоглолтод анхны тайзны тоглолтоо хийсэн. Тэмцээний үеэр өгсөн ярилцлагадаа Cobrazera "Багийнхан маань сайн тоглогчид гэдгийг би маш сайн мэдэх учраас би сандралгүй, тайван тоглож чадлаа. Тэд маань миний талд байгаа шүү гэж бодож тоглосон.
Үнэхээр хүнд тоглолт байлаа. Гэхдээ бид ялж чадлаа. Тэдэнд амархан байхааргүй замуудыг сонгож тоглосон. Ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. Дараагийн тоглолтод ч мөн ирж дэмжээрэй" гэжээ.

PGL Cluj-Napoca 2026-аас тэд юу хожих боломжтой вэ?
Румын улсад зохион байгуулагдаж буй PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд шилдэг 16 баг өрсөлдөж буй. Шагналын сан нь 625,000-1,250,000 ам.доллараар хэмжигдэж буй энэхүү тэмцээнд дэлхийн чансааны шилдгүүд болох NAVI, G2, Vitality, FURIA, MOUZ, The MongolZ багууд өрсөлдөж байгаа.
2025 оны Cluj-Napoca тэмцээн маш амжилттай болсон тул энэ удаагийн арга хэмжээ илүү өргөн хүрээг хамарч, үзэгчдийн тоо хоёр дахин нэмэгджээ. Тиймдээ ч уг тэмцээнийг Esports-ийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох гол тайз болж байгаа гэж шинжээчид үзэж байна.
Тиймээс энэхүү тэмцээн The MongolZ-ийн хувьд тун ч чухал тайз. Тэд энэ тэмцээнээс уналтад ороод байсан нэр хүнд, цаашлаад их хэмжээний шагнал хүртэх боломжтой болно.
.png)

Сэтгэгдэл ( 0 )