Газар зүйн нэрийн жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой тогтоолын төслийг хэлэлцлээ

Ж.Сондор | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.14/ хуралдаан ирвэл зохих 30 гишүүнээс 17 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, А.Ундраа, Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Ц.Идэрбат, С.Лүндэг, М.Мандхай, Б.Мөнхсоёл, Т.Мөнхсайхан, Ц.Мөнхбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Б.Уянга нар хүрэлцэн ирснээр 10 цаг 17 минутад 56.7 хувийн ирцтэй эхэлсэн. Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул уг хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр танилцуулав.

Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий "Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт"-ыг баталсан бөгөөд, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг аж.

Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 214805 газар зүйн нэрийг бүх төрлийн масштабтай байр зүйн болон газрын зураг, атласт тусган тэмдэглэж, улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тусгай хэрэгцээний газрын байршил, хил заагийг тогтоох, хаягжуулах, соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд болон иргэд төрсөн газар нутгаа нэрийн дагуу байршлаар нь хайж олох зэргээр өргөнөөр ашигладаг байна.

 

 

Тогтоолын төсөлд тусгасан газар зүйн нэрүүдийн хувийн хэргийг бүрдүүлэн, мэдээллийн санд бүртгэж ашиглахаар бэлтгэж буй талаар Б.Энхбаяр сайд танилцуулгадаа дурдсан.

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт монгол хэлнээс өөр хэлээр нэрлэгдсэн газар зүйн нэрүүд байгааг тогтоож, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр тус аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх монгол хэлнээс өөр хэлээр нэрлэн баталсан 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгох, үүний зэрэгцээ 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр төсөлд тусгажээ.

Сүхбаатар аймгийн нутагт Улсын Их Хурлаар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэр байгааг 2021-2022 онд орон нутгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлын дагуу тогтоосныг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн төсөл дэх газар зүйн нэрүүдийг геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, нийтэд сурталчлан таниулахаас гадна  2026-2027 онд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

 

 

Тогтоолын төсөл батлагдсанаар газар зүйн албан ёсны нэрийг бүх төрлийн газрын зурагт тэмдэглэж, олон нийтэд зөв нэрээр сурталчлан таниулж, хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах, хамгаалах болон монгол үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалан хадгалж, хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой  хэмээн төсөл санаачлагчид үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд газар зүйн нэрийг монгол хэлээр болгосны дараах хэрэгжилтэд нь хэн, хэрхэн хяналт тавих талаар, цаашлаад газар орны нутгийн нэрийг өөрчлөхгүйн тулд ямар арга хэмжээ авбал зохилтойг илүүтэй лавлаж байлаа.   

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн нэг дэх хэсэгт  “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл гэж”, Монгол хэлний тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан хэргийг бол монгол хэлээр хөтлөн явуулна” гэж тус тус заасныг Ажлын хэсгээс хариултдаа онцлоод Улсын Их Хурлын 2003 оны 43 дугаар тогтоолоор Монгол Улсын газар зүйн нэрийг баталсан бөгөөд тогтоолыг дөрвөн жил тутам  шинэчилж байх үүрэгтэй. Гэхдээ уг  тогтоолд 2017 онд нэг л удаа өөрчлөлт оруулж, Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул болгосон гэв.

Мөн  аймаг, орон нутгийн Засаг дарга нар газар усны нэрийг монгол хэл дээр буюу Улсын Их Хурлын тогтоолыг мөрдүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд цаашид хяналт тавьж ажиллана хэмээн хариулж байлаа. Түүнчлэн Эрүүгийн тухай хуульд газар усны нэрийг албан ёсны баримт бичигт өөр хэлээр орчуулж нэрлэхийг хориглосон. Мөн Зөрчлийн тухай хуульд энэ төрлийн асуудлыг тодорхой зохицуулсан гэх тайлбарыг Ажлын хэсгээс өгсөн.

“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 68.2 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top