"Оршил Констракшн" ХХК-ийн үүсгэн байгуулагч М.Насантогтох Монгол Улсын Гавьяат барилгачин цол хүртлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар барилга, дэд бүтэц, орон сууц, бүтээн байгуулалтын салбарын хөгжилд оруулсан олон жилийн хөдөлмөр, бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн "Оршил Констракшн" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Маймаагийн Насантогтоход Монгол Улсын Гавьяат барилгачин цол”-оор өнөөдөр /2026.07.06/ шагналаа.

М.Насантогтох нь 1972–1982 онд ерөнхий боловсролын Улсын тэргүүний 28-р сургууль,1989–1993 онд Цагдаагийн дээд сургууль, 2004 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй.

Тэрээр 2003 онд “Оршил Констракшн” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2006-2010 онд Орчлон "Констракшн" ХХК-нд Гүйцэтгэх захирал, 2010 оноос одоог хүртэл "Оршил Констракшн" ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна. Өдгөө түүний удирдлага дор 20 гаруй жилийн хугацаанд орон сууц, үйлчилгээний барилга, амралтын цогцолбор зэрэг олон бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэн, нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.

Энэ хугацаанд “Оршил Констракшн” ХХК нь 20 гаруй төслийг ашиглалтад оруулж, 1500 гаруй айл өрхийн гал голомтыг бадраасан бөгөөд 2022 онд “Токио Резиденс”, 2024 онд “Парко Ривера” төсөл тус тус “Шилдэг барилга” шагналаар шагнагджээ. Хамгийн сүүлд 2025 онд “Art 26 cottage” 26 айлын ногоон хаус хотхоныг ашиглалтад оруулж орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулж, чанар, инженерийн шийдэл, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн үндэсний бүтээн байгуулагч компанийн байр суурийг бататгасаар байна.

Монгол Улсын хот бүтээн байгуулалт, барилгын салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж яваа эрхэм Маймаагийн Насантогтоход халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top