BC.Game баг mzinho-г элсүүлэхээр зэхэж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Олон улсын цахим спортын BC.Game баг энэ оны эцэс гэхэд дэлхийн шилдэг таван багийн эгнээнд багтах зорилгоо биелүүлэхийн тулд Монголын шилдэг тоглогчдын нэг mzinho-г бүрэлдэхүүндээ элсүүлэхээр сонирхож байгаа талаар HLTV олон эх сурвалжид тулгуурлан мэдээллээ.

BC.Game баг бүрэлдэхүүнээ эцэслэн бүрдүүлэхээр шинэ тоглогч хайсаар байгаа бөгөөд энэ хугацаанд дөрвөн удаагийн Major тэмцээний аварга Эмиль “Magisk” Рэйфийг багийн ахлагч (IGL)-аар элсүүлж, мөн Азбаяр “Senzu” Мөнхболдыг The MongolZ багаас зээлээр тоглуулсны дараа албан ёсоор бүрэн эрхтэй гишүүнээ болгосон юм.

Хэрэв энэхүү шилжилт амжилттай хэрэгжвэл Монголын хамгийн авьяаслаг хоёр CS2 тоглогч дахин нэг багт хүчин зүтгэх болно. 2025 оны аравдугаар сард The MongolZ баг гэнэтийн шийдвэрээр Senzu-г үндсэн бүрэлдэхүүнээс хасахад mzinho түүнийг өөрийн “насан туршийн найз” хэмээн тодорхойлж байсан юм. Тэрбээр “Бид хоёр анхнаасаа л хамт байсан. Бид 12–13 настай байхдаа л тоглоомдоо өөрсдийн стикертэй болно гэж мөрөөддөг байсан. Major-ын финалд хамт шалгарсандаа үнэхээр баяртай байна.” хэмээн бичиж байв.

Одоогоор олон улсын 1xBet брэндийн түнш The MongolZ болон BC.Game багууд энэхүү мэдээлэлтэй холбоотой албан ёсны тайлбар өгөөгүй байна. Хэрэв mzinho BC.Game-д нэгдвэл тус багийн гүйцэтгэх захирал Али Муханнедын дэвшүүлсэн дэлхийн шилдэг таван багийн нэг болох зорилгод томоохон түлхэц болох юм.

Дөнгөж 19 настай mzinho өнгөрсөн жилүүдэд The MongolZ багийн гол хүчний нэг болж, багтайгаа хамт BLAST.tv Austin Major тэмцээнд дэд байр эзэлж, Esports World Cup-ын аварга болсон зэрэг олон улсын өндөр амжилтыг үзүүлээд байна. Хэрэв энэхүү хэлцэл албан ёсоор баталгаажвал Монголын Counter-Strike-ийн хамгийн хүчирхэг дуэтийн нэг болох Senzu болон mzinho олон улсын тавцанд дахин мөр зэрэгцэн тоглох боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top