Үндэсний их баяр наадмын дараах эхний өдөр буюу долдугаар сарын 14-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Тухайн өдөр ГССҮТ болон салбар эмнэлгийн амбулаторийн тасгаар нийт 184 хүн үзүүлж, 150 иргэнд боолт эмчилгээ хийсэн байна. Мөн яаралтай дөрөв, төлөвлөгөөт 67 буюу нийт 71 мэс засал хийжээ.
Тус төвийн хэвтэн эмчлүүлэх тасгуудад нийт 565 өвчтөн байснаас 20 хүн шинээр хэвтэж, 167 өвчтөн эмнэлгээс гарсан байна. Одоогоор 417 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд Эрчимт эмчилгээний тасагт 22 өвчтөн байгаагаас 17 нь насанд хүрэгч, тав нь хүүхэд аж.
Харин Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу 2026 оны долдугаар сарын 10-13-ны хооронд ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар нийт 2006 хүн үйлчлүүлжээ. Үүнээс 1251 нь насанд хүрэгч, 755 нь 0-18 насны хүүхэд байна.
Наадмын өдрүүдэд төв болон салбар эмнэлэгт нийт 84 хүнд яаралтай, 67 хүнд төлөвлөгөөт мэс заслын тусламж үзүүлсэн байна.
Мөн зам тээврийн ослын улмаас 370 хүн яаралтай тусламж авсны 230 нь насанд хүрэгч, 140 нь хүүхэд байжээ.
Мориноос унаж гэмтсэн нийт 74 тохиолдол бүртгэгдсэнээс 0-9 насны 13 хүүхэд, 10-18 насны 21 хүүхэд байсан байна. Тэдгээрээс уралдааны мориноос унаж гэмтсэн таван хүүхэд ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.

Сэтгэгдэл ( 0 )