Монголын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийг грек мэргэжилтэн Василлис Фрагкиас дасгалжуулж байгаа билээ.
Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард сагсан бөмбөгийн “BCH Knights” багтай “Ахлах дасгалжуулагч”-аар ажиллах гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм. Ингэснээр Монголын Үндэсний сагсан бөмбөгийн шигшээ баг болон “BCH Knights” багийн дасгалжуулагчийн албыг давхар гүйцэтгэж эхэлжээ.
Гэтэл Үндэсний дээд лиг эхлэхтэй зэрэгцэн дасгалжуулагч Василлис Фрагкиас Монголын сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож буй нэр бүхий тамирчдыг шинэ улиралд өөрийн дасгалжуулж буй “BCH Knights” багийн бүрэлдэхүүнд тоглохгүй бол Монголын сагсан бөмбөгийн шигшээ багаас хасна хэмээн сүрдүүлж байгаа аж.
Тэрээр Монголын сагсан бөмбөгийн бүх тамирчдыг нэг философи дор зангидаж, Европын жишгийг нэвтрүүлэх хүсэлтэй хэмээн нэгэнтээ хэвлэлд ам нээж байсан юм. Гэвч дасгалжуулагч Василлис Фрагкиас өөрийн дасгалжуулж буй хувийн эзэмшлийн багт тоглохгүй гэдгээ илэрхийлсэн тамирчдыг ийнхүү сүрдүүлж байгаа нь мэргэжлийн бус, ашиг сонирхлын зөрчилд тооцогдох үйлдэл болж байна хэмээн салбарынхан үзэж байна. Түүнчлэн сагсан бөмбөг сонирхогчдын зүгээс түүнийг Үндэсний шигшээ багийн эрх ашгаас илүү хувийн хэвшлийн багийн ялалтыг тэргүүнд тавилаа хэмээн шүүмжилж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )