
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан өнөөдрийн хоёр дахь хэлэлцүүлэг “Тогтвортой бэлчээрээс итгэлцэлд суурилсан худалдаа хүртэл: Аюулгүй, тэсвэртэй, нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн тогтолцооны төлөөх Монгол Улсын нэгдсэн санаачилгууд” сэдвийн хүрээнд боллоо.
Монгол Улсын мал аж ахуйн салбарыг тогтвортой бэлчээр, малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, стандарт, баталгаажуулалт, экспортын худалдааг уялдуулсан нэгдсэн тогтолцоогоор хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилгуудыг ХХААХҮЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн олон улсын оролцогчдод танилцуулав.
Түүнчлэн эрсдэлд суурилсан махны аюулгүй байдлын баталгаажуулалтын үндэсний тогтолцоо, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, гүүний саамын үйлдвэрлэл, бэлчээрийн доройтлыг бууруулах болон худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлэх санаачилгыг онцлов.
Хэлэлцүүлгийг “Yolda Initiative and AMNC”-ийн Гүйцэтгэх захирал, доктор Энгин Йылмаз удирдан явуулсан бөгөөд Монголын махны холбооны зөвлөх М.Сувдмаа холбооны саналаа тусгаж танилцуулга, саналаа хүргэв.
Монгол Улс “Бэлчээрээс зах зээл хүртэлх” тогтвортой, аюулгүй, нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн тогтолцоог хөгжүүлэхийн төлөө олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, хувийн хэвшилтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.






Сэтгэгдэл ( 0 )