ДОХИО | Инфляц өслөө

Б.Сэцэн | Zindaa.mn
55 минутын өмнө

Инфляцыг таван хувьд барина гэж МАН уулга алдаад хоёр жил, эрх мэдлийн төлөө засгаа хоёр ч удаа тонгороод жил ч хүрээгүй байхад инфляц хоёр оронтой тооноос буусангүй. Өнгөрсөн есдүгээр сард улсын хэмжээнд 12.9%-д хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 0.6%, өмнөх оны мөн үеэс 3.9% өссөн үзүүлэлт. Нэг ёсондоо дөрөвдүгээр сараас хойш Монгол Улсын инфляц хоёр оронтой тооноос буусангүй.

Харьцуулая л даа. Монголбанкны бодлогын хүү одоо 12.5% байгаа. Үүнээс ч их, бүр цаашлаад арилжааны банкнуудын хадгаламжийн дундаж хүүнээс тус, тус илүү байгаа гэсэн үг юм. Гэвч Монголбанк инфляцыг саарна гэж тооцсон. Учир нь бодлогын хүүгээ чангаруулж байгаа учраас гэж оношлоод байгаа. Гэвч дэлхий даяар бодлогын хүү сулархад дагаж сулруулаагүй Монголбанк, дэлхий даяар улам чангаруулж байгаа энэ цаг үед бодлогын хүүгээ хэрхэн тооцох вэ гэдэг том асуулт. АНУ-Ираны дайн мөддөө дуусахгүй, Украин-Оросын дайн эцэслэх яагаа ч үгүй байгаа энэ цаг үед Ойрх Дорнодод байдал улам л хүндэрсээр байна. Гэтэл манайд дотоодын бүтээлч үйлдвэрлэл байхгүйгээр барахгүй хоёр хөршөөсөө экспорт, импортын хараат байгаа нь манай инфляц улам өсөхийн л цондон.

Монголбанк уг нь инфляцын өсөлт оны төгсгөлд 8-9% хүрч саарна гэж "зөгнөсөн". Гэвч IX сард инфляц 12.9% боллоо. Энэ нь өмнөх сараас 0.6%, өмнөх оны мөн үеэс 3.9% өссөн үзүүлэлт.

Монголбанкны төсөөллөөр оны эцэс гэхэд инфляц 8-9% болж саарна. Гэвч бодит байдал өөрийг хэлж байгаа. Монголын банкны холбооноос инфляц 18 хувьд хүрч болзошгүйг анхааруулсан. Учир нь төсвийн тодотгол, 2027 оны төсвийн тэлэлт, шатахууны хомстол түүнээс үүдсэн үнийн нэмэгдэл ийнхүү өөдрөг төсөөллийн бараан сүүдэр гэж дүгнээд буй. ОХУ-ын дотоодод газрын тосны үйлдвэрлэлийн гарц буурч, Украины мэдээлж байгаагаар нийт үйлдвэрлэлийн 70-аад хувьд нөлөөлсөн. Нөлөөлөл нь манайд инфляцын өсөлт болж бууна. Ингээд Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ. Зээл гээч юм мань мэтэд олдохоо байна. Мөнгөний эргэлт саарна. Саарахдаа үнэ тогтворжих ёстой. Гэтэл манайд тэгдэггүй. Хэсэг бүсээ чангалж байгаад л мөнчгөрөөрөө зүтгэнэ. Авчиг дарга нар үүнийг нь мэдэхгүй. Сонгууль гэж шоудна. Ард түмнээ бодно гэж уянгална.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top