Инфляц. Дундаж орлоготой Монгол Улсыг дэгээдэж мэдэх гох дэгээ нь өнөөх л инфляц. Бусад улс орнуудынх хуурамч ташаа мэдээлэл, геополитикийн ойлгомжгүй байдал гээд “мега” асуудлууд байхад манайх харин өнөөх л инфляцтайгаа зууралдах нь. Ерөнхий сайдыг Давост даналзаж байхад, Дэлхийн эдийн засгийн чуулган ойрын хугацааны хамгийн том эрсдэл нь инфляц гээд дүгнэчихлээ.
Отсоор ирсэн эрсдэл
Одоогоос гурван жилийн өмнө Давост дэлхийн “мундгууд” чуулж байхад Монгол Улсын эрсдэлийг инфляц гэж тооцож байлаа. Тухайн үед Дэлхийн эрсдэлийн тайланд “Монголын эдийн засгийн тогтвортой байдалд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл” гэж дүгнэж байв. Дэлхий дахин цар тахлын дараачаас нар үзэх гэж тэмцэж байхад дундаж болон дунджаас доогуур орлоготой улс орнуудын гол эрсдэл нь угаасаа инфляц байсан л даа. Тухайн үед Монгол Улсын инфляц 9% байлаа. Хүнсний үнийн өсөлт 3.2 нэгж хувийг эзэлж, инфляцын голж шалтгаан болсон. Дээрээс нь хүнснээс бусад бараа, үйлчилгээний өсөлт 4.7%, импортын барааны үнэ 6-8.7% өсчихсөн. Импортын хэт хамаарал, гадаад зах зээлийн савлагаа, дотоодын нийлүүлэлтийн хомстол инфляцыг өдөөдөг гол хүчин зүйл нь. Инфляц өсөхөөр дагаад өрхийн худалдан авах чадвар буурч, зээлийн төлөлт саарч, төсвийн дарамт нэмэгдэнэ.
Монголын байдал хоёр жилийн өмнөхөөс сайжирсангүй. Импортын хэт хамаарал, мөнгөний хэт хатуу бодлого инфляцыг өдөөх гол хүчин зүйл боллоо...
Отсоор буй эрсдэл
Үндсэн хуульдаа гар дүрж, гишүүдийн тоо 126 болоод, дарга тодорч мандаад, дарга ангийн тэмцэл эрчимжсээр ирсэн Монгол Улсад голлох эрсдэл нь инфляц байсаар байна. Хэчнээн дарга сольж, солигдоод отсоор ирсэн инфляцыг анзаарч харах сөхөө байсангүй. Сүүлд сөрөг хүчнээ жийж, сүр нь сарнисан засаг ойрын дөрвөн жилдээ инфляцыг 5%-д барина гэж амлаж байв. Одоо амлалт нь мартагдаад Ерөнхий сайд нь солигдсон. Амаараа төр хэмнэх ёстой гэх атлаа дэд сайдуудыг нэмээд, бүтцээ улам данхайлгаад байдаг.
Монгол Улсын инфляц 2025 онд 7.5%-д хүрсэн. Ерөнхий үзүүлэлтээрээ 2024 оноос буурсан мэт боловч гол агуулгаараа улам дордсоныг дараах тоо илтгэнэ. Тухайлбал импортын барааны үнэ 30.6%, дотоодын барааны үнэ 53.2%, хүнсний бүтээгдэхүүний үнэ 28%, орон сууц, түлш, цахилгааны үнэ 22.4%, боловсролын үйлчилгээний үнэ 18.6% нэмэгджээ. Өсөөд, өсөөд л байж. Дээрээс нь улсын төсөв 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ нь 2024 оныхоос 33.8% өссөн үзүүлэлт. Төсвийн урсгал зардал 32.9 их наяд төгрөгт хүрч мөн л түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн.
Дэлхийн эрсдэлийн тайланд 2024 онд Монгол Улсын гол эрсдэл нь инфляц гэж дүгнэж байв. 2026 онд байдал яг л хэвээрээ...
Тооцож болох онош
Манай инфляцын гол шалтгаан нь импортын хэт их хамаарал. Бүтээгч үйлдвэрлэлийн үнэр ч үгүй манай улсын хэрэглээний барааны ихэнх нь гаднаас орж ирдэг тул валютын ханшийг савлуулж, инфляцад шууд нөлөөлдөг. Импортын барааны хамаарлаас гадна уул уурхайн хоёр ч том төслөө дагаж гадаад валют орж ирдэг учраас инфляцад шууд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь энэ. Дээрээс нь хөрш Хятадын эдийн засгийн удаашрал, дотоодын эрэлт, нийлүүлэлтээс манай зах зээл хамаарч байдаг. Эх орончид дургүйлхэж мэдэх ч бодит байдал нь энэ. Өнгөрсөн жил нүүрсний импортын биет хэмжээ нэмэгдсэн ч, орлого нь дагаад буурсан нь Хятадын зах зээлд нүүрсний үнэ унасантай холбоотой. Дээрээс нь дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээ тааруу. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн улирлын шинж чанартайгаар тасалдаж, дэд бүтэц сул нь үүний гол нөлөө. Зам тавиад хөгжөөд байгаа юм биш үү гэж дарга анги дургүйцэж болно л доо. Гэхдээ бодит байдал нь ийм байна. Зөвхөн нүүрс дээр л жишээлэхэд биет хэмжээ өсөж байгаа ч одоо байгаагаасаа нэмэгдэх боломжгүй. Мухар төмөр зам, том тэрэгний зохион байгуулалтгүй байдал нь үүнд дарамт болно. Хятадын эрэлтийг манайх угаасаа хангаж чадахгүй. Тэгэхээр алс хэтдээ орлого нь буурна гэсэн үг. Улс төржилгүйгээр мухар төмөр замуудаа холбож, дэд бүтцээ сайжруулахгүйгээр нүүрсний орлого үүнээс нэмэгдэх боломжгүй гэдгийг бодит байдал харуулна.
Дэлхийн Төв банкнууд бодлогын хүүг аажмаар бууруулах хандлагатай байна. Харин Монголбанк яг эсрэгээрээ 2023 оны 12-р сард 11% болгосноос хойш өөрчилсөнгүй.
Эмнэж болох жор
Ер нь өнгөрсөн 30 жилд гадна, дотнын олон мэргэжилтнүүд үглэсэндээ. Мөнгөний бодлого хатуу байж болохгүй, импортыг орлох үйлдвэрлэл байгуул, нийгмийн хамгааллын зорилтот бодлого боловсруул гэж хэлж л байсан. Даан ч бодлого боловсруулагчид тоогоогүй. Зарим нэгэн хөгшин бурхинууд “Гаднынхан юугаа мэддэг юм” гэж цодойж ч байгаа харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ гадаад зах зээлийн нөхцөл байдал, дотоодын шалтгаан нөхцөлд таарсан мөнгөний уян хатан бодлого хэрэгтэй. Яг одоогийн байдлаар Монголбанкны бодлогын хүү 11% байна. Нэг ёсондоо 2024 оныхоос өөрчлөгдөөгүй хатуу бодлого хэвээр байна гэсэн үг. Цаад санаа нь инфляцыг л барих гэсэн зорилготой. Хатуу бодлого үргэлжилж байгаа учраас иргэд, ААН-үүд зээл авахад хэцүү болно гэсэн үг. Хэцүү байхын хэрээр зээлийн хүү өндөр байгаа нь ийм учиртай. Дээрээс нь өр, орлогын харьцааны дээд хэмжээг 45% болгож нэмэгдүүлээд байдаг. Уг нь дэлхийн олон улс орны Төв банкнууд бодлогын хүүг аажмаар бууруулах хандлагатай байгаа. Гэвч манайх эсрэгээрээ. Зээл олгохгүй, олгосон хүү өндөр байгаа нь бизнесийн идэвхийг бууруулж, иргэдийн хэрэглээ саарна. Идэвх суларсан учраас мөнгөний эргэлт саарна. Үүнийгээ дагаад эдийн засгийн өсөлт саарч болзошгүй.
“Хүнсний хувьсгал” гэж Ерөнхийлөгчийн попордог сэдвийг нэн даруй урт хугацааны ажил хэрэг болгох учиртай. Дотоодын хүнс, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байж бид инфляцын хүлээснээс ангижирна. Гэвч бид жижиг, дунд нэрээр томчууд нь идээд, Хөгжлийн банк нэрээр мэдээлэлд ойр нэгэн нь хөлжчихөөд байдаг гэмтэй. Хавтгайрсан халамж бус үнэхээр инфляцын нөлөөнд өртөх эрсдэлт бүлгийг чиглэсэн нийгмийн хамгааллын зорилтот бодлого хэрэгжүүлж байж өнөө маргаашийн инфляцын дарамтаас гарна.
Монголбанк одоо богино зайн тоглолт л хийж байна. Дунд хугацаандаа хөгжье, инфляцын хүлээснээс салъя гэвэл мөнгөний уян хатан бодлого баримталж, урт хугацааны бодлогоо тодорхойлж байж хөгжинө. Өөр юу ч биш...
Сэтгэгдэл ( 0 )