Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр долоодугаар сард улсын инфляц 13% хүрч сүүлийн гурван жил хагасын дээд үзүүлэлтээ үзүүллээ. Ийнхүү өсөх болсон нь мах болон хүнсий бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой байна. Ялангуяа шатахууны хомстлоос үүдсэн үнийн дарамт бараа, үйлчилгээний зах зээлд нөлөөлж эхэлжээ.
Тухайлбал хүнс, ундаа, усны үнэ жилийн өмнөхөөс 25.5% өссөн байна. Энэ нь нийт инфляцын 53.7 хувийг дангаар бүрдүүлсэн үзүүлэлт юм. Түнчлэн мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 52.4% өссөн нь анхаарал татахуйц тоо юм.
Энэ оны хоёрдугаар сард 6.5% байсан инфляц ийнхүү таван сарын дотор хоёр дахин нэмэгдэж, Төв банкны зорилтот түвшнээс даруй зургаан нэгж хувиар даваад байна. Монголбанк зургаадугаар сарын хурлаар бодлогын хүүг 12% хэвээр үлдээсэн. Төв банк энэ удаагийн инфляцын өсөлтийг түр зуурын нийлүүлэлтийн шок гэж дүгнээд инфляц дунд хугацаанд зорилтот түвшинд эргэн очно гэж төсөөлөөд байна. ОУВС зэрэг олон улсын байгууллагууд инфляцын өсөлт он дуустал үргэлжлэх боловч аажмаар суларна гэж таамаглаж буй.

Сэтгэгдэл ( 0 )