Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг "Форд" "ярьдаг" автомашин дэлхийн зах зээлд гаргана. Германы Хановер хотод зохиогдсон олон улсын технологийн яармаг дээр тус компанийн "Форд Фокус" төлөвлөгөөний хэлтсийнхэн ирэх онд "ярьдаг" автомашиныг Британийн зах зээлд нийлүүлэхээ амлав.
Америкийн автомашин үйлдвэрлэгчдийн гадаад дахь хамгийн том зах зээл Европ, тэр дундаа Британи юм. Дэлхийн хамгийн дэвшилтэт дуу хоолойны системтэй автомашиныг Британичууд ирэх оноос хөлөглөх боломжтой болжээ. "Форд" компани "ярьдаг" машиныг хэдийнэ бүтээсэн бөгөөд 100 үгийн сантай хүлэг Хойд Америкт худалдаанд гараад гурван жил өнгөрч буй. Тэдний шинээр гаргах ярьдаг машин 10 мянган үгтэй байх гэнэ. Жолооч цэсний сонголтоос машин юу хэлж чадахыг үзэх боломжтой аж.
"Одоогоор 10 мянган үгийн сантай байх ч ирээдүйд асуулт бүрт хариулдаг автомашины эхлэл болохоороо онцлог юм" гэж "Форд"-ын ерөнхийлөгч Алан Мулалли ярьжээ. Хэлний өөр өөр аялга, үгийн өргөлт бэрхшээл учруулж буй ч компанийнхан "Sync" хэмээх шинэ технологийн үгийн болон мэдээллийн санг нэмж 19 хэлээр ярьдаг болгохоор ажиллаж буй. Ингэснээр жолооч нар ойрын ирээдүйд хүлэгтэйгээ ярилцаж цагийг зугаатай өнгөрүүлж, бүр танин мэдэхүйн мэдлэгээ ч нэмэх боломжтой гэнэ.
Учир нь автомашины мэдээллийн санд эртний үйл явдлын талаархи мэдээлэл хадгалаатай байх аж. Гэхдээ тун ойрын ирээдүйд ярьдаг машин бидний асуултад дарсны дараа хариулдаг байх юм. Учир нь хүмүүс бие биетэйгээ чөлөөтэй ярилцдаг шиг тийм технологид өнөөгийн шинжлэх ухаан хараахан хүрээгүй байна. "Форд"-ын мэргэжилтнүүд ирээдүйн "ярьдаг" машины дуу хоолойгоор дэлхийн хамгийн алдартай одод болох Шер, Дэвид Хассельхофф нарыг сонгожээ. Тус компанийн маркетингийн албаныхан эмэгтэй жолоочид Дэвид Хассельхоффын дуу хоолой, эрэгтэй жолоочид Шерийн дуу хоолой тааламжтай сонсогдоно гэдэгт итгэлтэй байгаа аж.
Жүжигчин Хассельхофф 1980-аад оны телевизийн цувралд автомашин үйлдвэрлэгч KIT компанийн техникт дуу оруулсан нь олон хүнд ихэд таалагджээ. Харин дуучин Шерийн "робот" юм шиг дуу хоолой хэрэглэгчдэд хамгийн их таалагдахыг урьдчилсан судалгаагаар тогтоожээ. Судалгаагаар ирээдүйн техникийн эмэгтэй дуу хоолой Шерийнх шиг байх гэнэ. "Форд"-ын инженер Жейсон Жонсоны хэлснээр, тун ойрын ирээдүйд машины интернэттэй холбогддог хиймэл дагуулын төхөөрөмжийг "Sync'-тэй холбоно.
Ингэснээр "Хамгийн ойрхон шатахуун түгээх станц болон ресторан хаана байна", "00 ормоор байна" зэрэг асуултад таны машин орон нутгийн газрын байршлын тусламжтайгаар хариулахаас гадна шатахуун дуусч байгааг хэлэх аж. "Форд"-оос гадна "BMW", "Мерседес-Бенз" зэрэг зарим автомашин үйлдвэрлэгчид дуу хоолойны систем хэдийнэ суурилуулсан байна.
Э.Төгс
Сэтгэгдэл ( 0 )