Намсрайжавын Бүтэнбаяр. Энэ нэрийг сонсохоор сэтгэлд нэг л танил агаад дотно санагддаг билээ. Арга ч үгүй дээ. Ард түмнийхээ дунд зуун дамжин дуурсагдах алдрын эзэд аав, хүү хоёрыг мэдэхгүй монгол хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй биз. Улсын филармони хэмээх их айлыг үүсгэн байгуулсан Ц.Намсрайжав гуайн үйл хэргийг өдгөө хүү Бүтэнбаяр нь үргэлжлүүлсээр явна. Тэрээр зуун, зуун дамжин өртөөлөх суут хөгжмийн бүтээлийн хөг аялгууг хөтөлсөөр явна. Түүгээрээ хүний сэтгэлийг хөдөлгөж хөгжим хэмээх гайхамшигт зүйлийн амт үнэрийг мэдрүүлж явдаг эрхэм билээ. Ингээд энэ удаагийнхаа "Хоймрын зочин"-оор Улсын филармонийн удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярыг урилаа.
-"Хөгжим бол хүний сэтгэлийг хөдөлгөгч хүч юм" гэж нэгэн нэртэй хөгжмийн зохиолч хэлсэн байдаг. Та бол хөгжмийн хүн. Тэр дундаа удирдаач хүний хувьд хөгжмийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Ертөнцөд олон янзын шуугиан байдаг. Хайр, хар, хов, хэрүүл, аз жаргалыг илтгэсэн гэх мэт. Тэр шуугиануудын дээд яруу найраг нь хөгжим юм. Хөгжим гэдэг үнэхээр хүний сэтгэлийг хөглөж, хөдөлгөж байдаг тийм гайхалтай зүйл юм даа.
-Та Улсын филармонийн удирдаачаар 20-иод жил ажиллалаа. Энэ том байгууллагыг аав тань анх үүсгэн байгуулсан байдаг. Хүүгийн хувьд эцгийнхээ үйл хэргийг хэр сайн авч явж байна даа?
-Өөрийнхөө сэтгэлээс гаргаж болох бүхий л чадварыг дайчлан ажиллаж байна. Эцгийнхээ үүсгэн байгуулж дэлхийд гаргаж ирсэн энэ байгууллагыг байгууллагын дайтай авч явна гэдэг тийм ч амар зүйл биш юм. Аав маань 1957 онд Москвад хөгжмийн дээд сургууль төгсөж ирээд анх Монгол Улсад симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан хүн. Энэ байгууллагаа ирээдүйд улам сайн авч явах үүднээс 1972 онд "Соёл Эрдэнэ" хамтлагийг "Баян монгол" жааз найрал хөгжимтэй нэгтгэж Улсын филармонийг үүсгэн байгуулсан түүхтэй. Сонгодог урлагийг хөгжүүлэх их үйлсийг нь хожим төр засаг үнэлж, Улсын филармонийг аавын нэрэмжит болгосон доо. Харин сүүлд "Соёл эрдэнэ" хамтлаг Соёлын төв өргөөний харьяанд очоод оронд нь Морин хуурын чуулга манайд ирсэн юм.
Аавынхаа үүсгэн байгуулж, тулгын чулууг нь тавьсан энэ байгууллагад үлдсэн насаа дуустал ажиллах болно доо.
-Монголын хөгжмийн ноён оргилуудын нэг бол таны эцэг. Мэдээж аавынхаа тухай дурсан ярих сайхан дурсамж олон байдаг байх?
-Аав маань Архангай аймгийн Тариат сумын хүн. 1930-аад оны үед лам нар Тариат суманд танк хүлээд бослого гаргаж байх үед эмээ маань аавыг үүрээд арми даган тогоог нь барьж байсан гэдэг. Ингээд жилийн дараа аав, эмээ хоёр маань Улаанбаатарт орж ирсэн гэж ярьдаг байсан. Тэр үед аав гурван настай байсан. Долоон настай байхдаа Бөмбөгөр ногоон театрт туслах хөгжимчнөөр орж, урлагт хөл тавьсан гэдэг. Дараа нь угалзан бүрээ үлээж, сонгодог хөгжимд мэргэшсэн. 1951 онд буюу 21 настайдаа "Гавьяат жүжигчин" цол аваад дараа жил нь Москвад хөгжмийн удирдаачаар суралцсан юм. Тухайн үедээ Г.Хайдав, Л.Мөрдорж гуай нартай хамт суралцаж байсан гэдэг.
-Аавын тань зохиосон "Халуун элгэн нутаг" дууг тухайн үедээ муу дуу гэсэн нэр өгч голж байсан гэдэг. Харин өнөөдөр энэ дуунд зориулаад хөшөө хүртэл босгочихсон байна?
-Аавын маань уран бүтээл олон биш ч чанартай. "Ээждээ", "Халуун элгэн нутаг" гэх зэрэг цөөхөн хэдэн дуу бий. "Халуун элгэн нутаг" дууг анх нэг кинонд зориулж хийгээд олигтой дуу болсонгүй гээд гологдсон гэдэг. Бөөн хэл ам болж байж арай гэж нэг юм кинондоо оруулсан гэсэн. Энэ дууг анх дөнгөж хөдөөнөөс ирээд байсан нэрд гараагүй залуу дуучин дуулсан гэнэ лээ. Тэр хүн нь одоо энэ кино найруулагч
Эрдэнэбулган гуай юм. Залуудаа дуучин байсан хүн шүү дээ. Сүүлд нь л кино руу орчихсон болохоос биш. Аав маань "Би ард түмэн дуулах дуу хийлээ" гээд сайн, нэртэй дуучнаар дуулуулахыг хүсээгүй юм байна лээ. Үнэхээр ч өнөөдөр энэ дууг ард түмэн л дуулж байна даа. Аав маань төрөлхийн байгалиас заяасан авьяастай мундаг хүн байжээ.
-Та өөрийнхөө бага насныхаа тухай дурсахгүй юу. Аав, ээж хоёр тань хоёулаа урлагийн хүн байсан болохоор сонирхолтой санагдаж байна?
-Аав, ээж хоёр маань урлагийн хүмүүс болохоор манай гэр чинь хоёр дахь филармони болно шүү дээ. Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Т.Лувсаншарав гээд урлагийн томчууд бүгд л манайд цугладаг. Манайх долоо хоногийн гурван өдөрт жүжиг драмтай хонодог байлаа.
-Таны ээж Гавьяат жүжигчин хүн байсан бөгөөд залуудаа хорвоог орхисон гэдэг. Ээжийнхээ талаарх бодлоо хуваалцаж болох уу?
-Манай ээж алдартай хийлч Цэрэндулам гэж хүн байлаа. "Хэнтийн өндөр"-ийг манай ээж шиг тоглосон хийлч Монголд одоогоор байхгүй байна. Ээжид маань багш гэж байгаагүй гэдэг. Өөрөө төрөлхийн байгалиас заяасан урлагийн авьяастай хүн байсан. Тухайн үед хийл тоглодог хүн ч ховор байсан байх. Хөөрхий дөө, ээж минь их богино насалсан даа. Дөрвөн хүүхэд төрүүлээд 33 насандаа өөд болсон. Тухайн үед төр засаг хүчээр урлагийнхнаа захиргааддаг үед ээж минь амиараа хохирсон юм. 1960-аад оны эхэн үед манай ээжийг Олон улсын фестивальд явуулахын тулд таван сартай жирэмсэн байхад нь үр хөндөлт хийлгээд аваад явсан юм байна лээ. Үр хөндөлт хийсэн эмч нар нь дотор нь юм үлдээгээд тэр нь үрэвсэж хүндрээд өөд болсон. Тэр Дэлхийн долдугаар фестиваль гэдэгт дэлхийн сонгодог зохиолыг хуучир хөгжмөөр тоглож алтан медалийг нь авсан. Яахав алтан медаль авсан боловч амиа л оронд нь өгч дээ. Ээж маань нас барахаасаа өмнө гавьяат цолоо авчихсан байсан юм.
-Дөрвөн өнчин хүүхэдтэй үлдсэн аав тань хэцүү л байсан байх даа?
-Ээжийг өөд болсны дараа аавд хэцүү байсан. Дөрвөн эрэгтэй хүүхэд хоёр гараасаа хөтлөөд явах хэр баргийн эрэгтэй хүнээс гарах сэтгэлийн тэнхээ биш шүү дээ. Хамгийн гол нь миний аавын царайд ядарсан, шаналсан, амьдралын төлөө зовсон шинж байдаггүй байсан. Хэдэн хүүхдэдээ муугаа үзүүлж болохгүй гээд өөрийгөө их барьдаг, нулимсаа залгидаг хүн байж. Аав минь хэдэн хүүхдээ бүгдийг нь дээд боловсролтой болгож, амьдралд нь залгуулсан даа.
-Удирдаачийн мэргэжлийг манайхан сайн ойлгодоггүй. Харин мэргэжлийн хүмүүс болохоор хэр баргийн хүн эзэмшиж чадахааргүй мэргэжил гэдэг?
-Дохиур барьсан хүн бүхэн удирдаач хийж чадахгүй. Энэ мэргэжлийг тайлбарлахад хүн бараг ойлгохгүй. Үүнийг чинь сурдаг юм. Өөрийн санаа бодол, хөгжмийн мэдрэмжээ хүнээр дамжуулан гаргана гэдэг хамгийн хэцүү зүйл. Хөгжимчин хүн бодож байгаа зүйлээ хөгжим барьж суугаад тоглож болно. Харин удирдаач хүн бол хүнээр дамжуулж, өөрийнхөө чадвараа гаргадаг.
-Та яагаад удирдаач болохоор шийдсэн юм бэ. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн их ховор байдаг байх?
-Намайг 1964 онд зургадугаар ангид байхад улсын төлөвлөгөөний дагуу Ленинградад 20-иод хүүхэд явуулсан юм. Тэдний дунд би явсан. Тэгээд Орост дунд болон дээд сургуулиа төгсөөд 1977 онд буцаж ирсэн. Хөгжим бүжгийн сургуульд найман жил ажилласны дараа нь 1985 онд дахин Орос руу явж байлаа. Тэнд удирдаачийн мэргэжил эзэмшээд 1990 онд эх орондоо ирсэн. Монголд өнөөдөр гарын арван хуруунд багтахаар л удирдаач бий. Тоолоод үзэхэд Монгол Улс зургаахан мэргэжлийн удирдаачтай.
Тийм ээ, Н.Бүтэнбаяр бол тэр л цөөхөн хэдхэн удирдаачдын нэг. Удам дамжсан урлагийн хүн гэж түүнийг л хэлнэ. Тэрээр эцгийнхээ залгамж халааг үргэлжлүүлж, Улсын филармонийг өнгөтэй сайхан авч явна. Өнгөрсөн жил хүн төрөлхтний дуулал хэмээн нэрлэгддэг Бетховений IX симфонийг Филармонийн их тайзнаа эгшиглүүлсэн билээ.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )