Бvсийн нэмэгдэл улстөржилтөд барьцаалагдаад удлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 08

Цөөн хүн ам, өргөн уудам нутаг, улс орны хөгжилд нөлөөлж тодорхой хэмжээгээр сааруулдаг байх. Амьдрал ахуйгаа бодож, ажлын байр хайж, үр хүүхдээ их, дээд сургуульд суралцуулах гэж орон нутгаас хот, сууринг зорих нүүдэл тасрахгүй, улам бүр нэмэгдсээр байна.

Ийм шилжилт хөдөлгөөнийг сааруулах, хязгаар нутгийг эзэнгүйдүүлэхгүйн тулд нийслэлээс алс нутгийнханд Бүсийн мэмэгдэл олгох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Жекей, А.Тлейхан, Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу, Д.Оюунхорол зэрэг 20 гаруй гишүүн санаачилсан. Гэвч санаачилгаас хэтэрсэнгүй. УИХ-аар хэлалцэх нь бүү хэл байнгын хорооны босгоор давж чадахгүй хоёр удаа бүдэрлээ.

Уг нь бүсийн нэмэгдэл олгох шинэ зүйл биш. 1970, 1980-аад онд өндөр уулын, говийн бүсийн нэмэгдэл олгодог байжээ. Тухайн үеийн төр засгаас авч хэрэгжүүлсэн эл арга хэмжээ хязгаар нутгийг эзэнтэй, иргэдийг ажил орлоготой болгосон” оновчтой шийдвэр байсантай олон хүн санал нийлнэ.

Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан аймгийн иргэд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүдийг очих бүрт чихнээс нь хонх уядаг хамгийн олон удаа санал гарсан, хамгийн удаан хүлээлгэж шийдвэрлэгдээгүй үлдсэн асуудал, энэ.

Тухай бүрт шийдвэрлэнэ, арга хэмжээ авна гэж бүгд хэлдэг. Сонгуулийн үеэр “супер” амлалтад тооцогдоно. Бүсийн нэмэгдэл олгох хуулийн төсөл яагаад амилахгүй байна вэ.

Дургүйд хүчгүй гэдэг. Байнгын хороогоор хэлэлцэх болоход цөөн гишүүний атгаг санаанаас болж шийдэгдээгүй өнөөг хүрсэн. Нийслэлийн Багахангай, Багануур дүүргийг алслагдсан бүсэд оруулах тухай ярина, тулгана. Төвийн бүсийн аймгийн зарим төлөөлөл ч ийм утгаар асуудалд хандаж нэрмээс болдог нь нууц биш.

Энэ бүхнийг дахин сонгогдохоо бодсон хувийн тоглолт гэж ойлгохоос өөр аргагүй. Одоо бол хязгаар нутагт ажилладаг хил, гааль, татварын байцаагч, эмч, багш зэрэг төрийн албан хаагчид нэмэгдэл авдаг. Тэр бүс нутагт амьдардаг, ажил, орлого байхгүй жирийн иргэдийг тийм хангамжтай болгох санаа яваад байгаа нь хуулийн төслийн гол утта агуулга.

Бэлэн” мөнгө өгөхгүй гэхэд хилээр нэвтрэх бараа, хүнсний бүтээгдэхүүн, шатахууныг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас тодорхой хувиар чөлөөлж, хөнгөлөхөд алс нутгийн иргэдийн амьдралд дэм болж тус нэмэр өгнө гэсэн агуулгаар төслийг өргөн барьсан.

Гацаанд орсон хуулийн төсөлд төрийн албан хаагчдын цалинг 20 хувь нэмэх, таван жил ажилласан бол зургаан сарын цалинтай тэнцүү хэмжээний урамшуулал өгөхөөр тусгажээ. Алслагдсан 82 сум, говийн бүсийн 70, нийт 152 сумын иргэнд бүсийн нэмэгдэл олгох тооцоо гарсан.

Нийслэлээс 800 км, түүнээс хол сумын иргэд орох гэнэ. Баруун аймгуудад гэхэд нийслэлээс очих бараа бүтээгдэхүүний үнэ, тээврийн зардлаас шалтгаалаад өндөр болж бэлэн мөнгөний байнгын гачигдалд байдаг иргэдийн амьдралд хүндээр тусдаг.

Сумын тэтгэврийн хөгшид дэлгүүрийн эзэнд тэтгэврийн дэвтрээ тэвхийтэл хураалган барьцаалах үзэгдэл энүүхний жишээ. Малчид, сумын төвийн малтай иргэн шинэ он дөнгөж гарав уу, үгүй юу хавар ноолуураар төлөхөөр тооцож өр тавина. Ийм дүр зураг хаа сайгүй бий. үүнийг улам тодруулах биш бүдгэрүүлж арилгах ёстой эрхмүүд хойш сууж, хойрго хандахаар хүлээж цөхөрсөн иргэд төв сууринг зорихоос аргагүй.

Нийслэлээс хол амьдардаг тэдний буруу биш учраас бүсийн нэмэгдэл хэмээн хямдхан үнэтэй бараа, хүнсний бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхэд төвийг чиглэсэн их нүүдэл тодорхой хэмжээнд саарна. Улстөржилтөд барьцаалагдсан Бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг дэмжих эрх парламентын мэдэлд бий.

Харин улс орон, ард түмнийхээ төлөө зүтгэх зүтгэлийг хувийн эрх ашгаасаа дээгүүр тавих эрх УИХ-ын гишүүдэд байхгүй. Өдрөөc өдөрт багаас сум, сумаас аймгийн төв, аймгийн төвөөс нийслэл рүү шилжин цөөрсөөр байгаа хязгаар нутгийнхнаа харж үзэх, төр засгаас дэмжих цаг болжээ.

Хэдий болтол дүлий дүмбэ оргиж суух вэ. Монгол хүн оршин суух газраа сонгох эрхийн заалт үндсэн хуульд бий. Тийм байдаг гээд туниж үнэрхэлгүй эзэнгүйдэх дөхсөн алс нутгаа сахин суугаа иргэдээ элбэг хангалуун биш ч элэг доог болохооргүй амьдруулах юм сан. Ийм эрх мэдэл төрийн түшээдэд бий.

Бүсийн нэмэгдэл олгосноор бүгдээрээ ажил, орлоготой болохгүй ч бага боловч итгэл найдвар бэлэглэнэ, баярлуулна. Бүтээн байгуулалт өрнөж, стратегийн ордууд эхнээсээ эдийн засгийн эргэлтэд орж байгаа үед хязгаар нутгаа эзэнтэй байлгавал төвлөрлөөс эхлээд олон асуудал шийдэгдэнэ. Заавал бэлэн мөнгө өгье гээгүй юм билээ, төсөл санаачлагчид.

Улсын төсөвт ямар нэгэн дарамт учруулахгүй. Бараа бүтээгдэхүүн, амьдралын өртгийг нь багасгаад өгөхөд болно. Түүнээс биш хязгаар нутгийнхан төр засгаас өглөө босонгуут бүсийн нэмэгдэл нэхэх хүмүүс биш. Эзэнгүйдэх шахсан нутгаа сахин суугаа тэд төр засагтаа баярлахаас биш гомдохгүй. Тиймээс улстөржилтөөс ангижирч удтал дуншсан хуулийг батлаад, баярлуулах хэрэгтэй байна. Бүсийн нэмэгдэл улстөржилтөд барьцаалагдаад хэтэрхий удлаа.

Эх сурвалж: “Монголын үнэн”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top