(lacrimulae falsae)
Уйтгартай дуу нь зүрхний хэмтэй адилхан
Утас тасарлаа.
Бид хоёрыг холбож байсан ч
Би биш чи эхэлж тасалсан, сайн сайхныг хүсээд
Баярлалаа. Гэвч инээмсэглэж л болохгүй
Бүх хүчээ дайчлан нулимс унагах ёстой
Шударга үнэний багийг хуу татаж хаяад
Шархадсан араатан мэт гийнаж гасла.
Омог бардам харцаа үхтэл нь ташуурдаж
Оршуулгын цуваа шиг нурууг нь бөхийлгө
Орчлон чамд огт хэрэггүй мэт царайл
Орхиж одсон тэр л бүсгүйг үгүйлж буй мэт
Нүдээрээ нүх сүв болгоныг тэмтэрч
Нэг ч хүнтэй үг бүү дуугар
Нартай өдөр ч цув нөмөрч
Нэвт норсон мэт дагжин чичир
Намаг шалбааг таарсан ч гутлаа бүү хайрла
Найр хуримын дэргэдүүр чихээ таглаж өнгөр
Утасных нь дугаарыг устгачихсан мөртлөө
Залгахыг нь хүлээж буй мэт байн байн хар
Унаган хайр гэх мэт гунигийн дуу аялж
Замд таарсан танил ч шороо үмхтэл нь гутар
Эрх чөлөө өөрөө аминаас ч үнэтэй учир
Энэ бүхний төлөө түүнд цэцэг илгээ
Чамгүй бол би амьдарч чадахгүй гэж
Час улаан 99 сарнайн дунд гэрээслэл хавчуул
Эргэлзэж тээнэгэлзэх нь бүсгүй хүний зан
Эвий дээ надад үнэхээр сайн байж гэж итгэг
Тэр цагт чи нүүрээ угааж болно
Тугал ч хариулдаг, туг ч барьдаг эр хүн гэдгээ харуул
Шуугисан олны дундаас онгон зүрхийг олж олзол
Шинэхэн орсон цасан дээр хир тогтож амждаггүй юм
Яруухан инээмсэглэж болно, одоо
Ялалтын уухайн дунд
Яг тэр утаснаас дуудлага ирнэ.
Гунигтай ч юм шиг баярласан ч юм шиг өнгөөр
Талархлаа илэрхийл
Гайхалтай нь орчлон дээр цаг хугацаа нисэж байна гэж
Анзаарсанаа хэл
Хүсвэл уулзаж хөлсөө гаргаж болох ч
Үүрийн таван жингээс өмнө гэрээ зүглэ
Битгий залгаарай би амьдралтай хүн гэж
Бага зэрэг бодлогоширсон, гэхдээ бардам хэл.
Уг нь чамд боломж байсан, би хүлээсэн
Уужим хорвоо даанч хүнээр дутах юм даа гэж нэмж дарамтал
Хаалга хаахдаа санаа алд, чих байтугай зүрх нь дэлстэл
Харин гадаа нар мандаж байна. Чиний нар.
А.Арман 2010/07/18
Сэтгэгдэл ( 2 )
нээрэн гоё шүлэг байна. сайн орчуулжээ.
ёоооо юу уншчихав аа !!!!!! энэ чинь хаанахын зохиолч вэээээ ингэж бичдэг хүн байдиймаа !!!!!!!!!