Цэндийн Дашзэвэг Монголын номер нэг лимбэчин байлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 15

Зохиолч, сэтгүүлч Даг.Жамъян

       Нэгэн үе “Ар Бээжин” хэмээн алдаршиж байсан Улиастай хотыг нөмөрлөсөн суварган улаан уул бий. Тэр сайхан уулыг Баян-Улаан гэх бөгөөд хормой бэлийг нь хажсан тэнүүн сайхан шаргал хөндийд ухаан төгөлдөр хүмүүсийн амьдрал эхэлсэн, төгссөн намтар цадиг оршмуй. Би их түүхийн хуудсыг бодол санаандаа эрхээсээр хөлийн хөх толгойн энгэр түшиж явлаа. Бодолдоо шандуурсан миний нүдэн харцанд нэгэн хөшөө өртөв. Зогтусан алмайрлаа. Наран ургах зүг хазайсан гантиг чулуун дээр “Ц.Дашзэвэг 1927-1972” гэсэн бичээс дурайж харагдав. Шуудхан алхаж бэсрэгхэн хөшөөний бэлийг түшсэн гантиг чулуун хавхлагийг хүч шавхан тэгшилж суухдаа ийн бодлоо.

           Энэ эрхэм хүнтэй хэрхэн танилцсан билээ. Өө нээрэн тийм шүү дээ. За байз, тэр чинь 1959 оны хаврын дунд сар. Аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан С.Бүрнээбаатар хэмээх сайхан хүмүүсийн сор болсон тэр эрхэм намайг дуудаад өөртэйгээ хамт Улаанбаатар явахгүй юү гэсэн шүү дээ. Би тэр даруй зөвшөөрч бид хоёр Улиастайгаас гарсансан. Есөнбулагийн төвд хоноглоод өглөө нь тэндээс гарахын үед жолоочдоо хандан “Завхан хүрэх шуудангийн машин өчигдөр гарсан байх ёстой. Өнөөдөр бидний замд таарна. Зогсоож уулзана шүү” гэснээ над руу эргэж “Тэр машинаар нэг хүн ирэх ёстой юм. Тэр бол чамтай хамтран зүтгэх учиртай хөгжмийн зохиолч. Чи Өвгөний Баасанжавын шүлгээр хийсэн “Мөнгөн долгио” гэдэг дууг мэднэ биз дээ” гэж асуув. Би түгдэрсэн ч үгүй “Мэдэхээр барах уу” гээд аялахчаан болтол дарга эр хар дуугаар паржигнатал хөхөрснөө “Чи чинь дуулах нь хөөе.Цэрэн даргын өглөө амсуулсан юмны хүч байгаа. Ингэхэд чамтай танилцах Дашзэвэг бол сайн ч хөгжимчин, сайхан ч залуу.Сургуулиа төгсөж чадалгүй ирсэнд нь майга Мядаг сүрхий хатуурхсан дуулдана лээ. Өнгөрсөн хойно амаа барихын үлгэр болно биз” гэсэн шүү юм ярьж явтал шуудангийн “Газ-51” гараад ирэв. Бүрнээ дарга “Яг мөн. Зогсоогоорой Галаарив минь” хэмээн дуу алдтал нөгөө машин ч болзоотой юм шиг зогслоо. Машины бүхээгнээс толгой цухуйлгасан жолооч миний сайн танил Тувааннайдан байсан учир би машинд нь Дашзэвэг гэдэг хүн яваа эсэхийг лавлатал шуудангийн тэрэгний тэвшинд шаваарч суусан хүмүүсийн дундаас өөрт нь нэлээд томдсон юм уу гэмээр шар дээл хөдөрсөн махлаг бор залуу гарч ирснээ “Би байна” гэсэн хоёрхон үг хэлээд бууж ирэв. Бүрнээ дарга мөнөөх залуу хоёр хуучин танилын ёсоор тэврэлдэн уулзаж, цөөн хором боловч хөөрхөн хуучлаад авлаа. Дарга маань гашуун юманд жаал ээлтэй болчихсон үе. Түүндээ ч татагдсан юм уу, ерөөс тэгэж уулздаг юм уу бүү мэд. Доош тонгойсноо нэг лонх юм гаргаад ирэв. Аяны замд байнга хамт явдаг ногоон сияанаа гаргаад нөгөө нөхөрт мэлтэлзүүлэн барьж байна. Тэр нөхөр өгсөн идээг нь ганц амьсгаагаар хөнтөрч орхив. Дахин нэг хийлээ. Лонх нь хоосров. Суудлаас хөндийрсөн нөгөө эр “Олон жил машин гэдэг унаагаар хол яваагүй болохоор бага зэрэг ядарч явна. Танд баярлалаа. Энэ нөхөр чинь хэзээ ирэх хүн бэ” гэсэн хэдэн үг чулуудаад над руу харж байна. Би дотор хүнтэйгээ “Энэ нөхөртэй хамтран зүтгэвэл пянгий нь даахгүй юм шиг байгаа” гэсэн бодол өвөрлөснөө мартсангүй. Хэд хоногийн дараа гэртээ ирээд хашаан дотор алхаж явтал нөгөө нөхөр маань аймгийн Соёлын ордны хаалган дээр зогсохыг харав. Бор ногоон костюм өмсөж, лаакан хар шаахай хөлд жийсэн нөхөр маань гялалзсан хар халимагаа арагш нь илбэж байна. “Энэ нөхөртэй одоо уулзая” гэж шийдсэн нь нийслэлээс тээж ирсэн юмаараа дайлж, цаашдын зорилгоо танилцуулах гэсэн хэрэг л дээ. Дуудлаа, ирлээ, нөхөрсөн ёсоор тэврэлдэн золгов. Яриа маань хэдэн цаг үргэлжилж, үүх түүхээ ярилцсаны эцэст ойрын үед бичсэн хэдэн шүлгээ уншиж, хоёр гурван дууны шүлэг үзүүлэв. Юманд хянуур анхааралтай ханддаг нь мэдрэгдэж байна. Намайг сонжин харж өөртөө янзтай мушилзсанаа “Илүү хувь байвал энэ хоёр шүлгээ надад өгчих” гэсэн нь “Намын жолоодлогоор, Морин хуурын эгшиг” хоёр байв. Миний өгснийг цүнхэлж аваад бодлогошрон сууснаа “Бид хоёр уран бүтээлээ дуугаар эхэлмээргүй байна. Би нэг хүний тухай сонин түүх сонслоо. Намжилын Гоожив гэдэг хүн. Тэр аж үйлдвэрийн комбинатад нягтлан хийж байгаад түүнээ дур мэдэн орхиж, хот хөдөөг холбосон том панзчин болсон гэнэ. Панз наймааны ажил алс хэтдээ явуур муутай юм байна гэдгийг ухаараад нэгдлийн гишүүн болж “Алдар” нэгдлээс мянган хонь авч малласан байна. Тэр үед нутгийнхан нь нэгдлийн даргаа зэмлэж “Чононд хонь хадгалууллаа шүү” гэлцэхэд нь гүдэс шулуун зантай дарга нь “Би хүн, чоно хоёрыг ялгахтайгаа байгаа шүү” гэснээс хойш олон жил өнгөрсний хойно нөгөө нөхөр нь хөдөлмөрийн баатар болсон” тухай нэгэн түүх байна. Түүнд түшиглэсэн дуурь ч юм уу хөгжимт драм ч юм уу хиймээр санагдаад болдоггүй гэснээ өрөөсөн хөлөө өвдөг дээрээ ачин сууж яриагаа үргэлжлүүлсэнийг санаж байна.

   Тэр уулзалтаас санаа аваад нөгөө нөхөртэйгээ дотносож бүх зүйлийг нэг цэг дээр төвлөрүүлсний эцэст товч төдий төлөвлөгөө боловсруулж, нөхөртөө үзүүлэв. Дашзэвэг маань хоёр өдрийн дараа уулзахдаа “Юу ч атугай энэ төлөвлөгөөний дагуу нэгдүгээр үзэгдлээ бичээтэх. Тэгээд цааш нь ярилцъя” гэсэн нааштай үг цухуйлгасан билээ. Тэгээд л бүтэн гурван сар ноцолдсоны эцэст “Сэтгэлийн хавар” гэсэн нэртэй хөгжимт драмын жүжиг бослоо. Би жүжгээ батлуулахаар хот явж, Дашзэвэг жүжгээ дэглэх ажилтай үлдсэн юм. Уран бүтээл хийсэн хүнд главлетийн босго алхана гэдэг хэцүү давааны нэг байв. Санаснаас тэгтлээ их сандралгүй давчихсан санагдана. Завхандаа буцаад очтол Дашзэвэг маань онгоцны буудал дээр ирчихсэн зогсож байна. Уулзангуут л “За юу болов” гэхэд нь би “Даваагаа давчихаад ирлээ. Үүгээр сонин юутай вэ” гэтэл “Их ээ их. Манай аймагт аймгийн намын хороодын үзэл суртлын ажилтны зөвлөгөөн болох юм гэнэ. Жүжгийг маань намын хорооны товчоо, гүйцэтгэх захиргааны гишүүд уран сайхны зөвлөлийнхөн хянаж үзээд “Олон таван үггүй тоглуул. Эцсийн хариуцлагыг нь бид хүлээнэ” гэж айлгасан шүү хө” гэж хэлээд мушилзаж байсан нь нүднээ харагдах мэт. Нөгөө сүрт зөвлөгөөн болж дууссаны орой тоглосон жүжиг тараад байтал Ч.Лодойдамба гуай дуудлаа. Очлоо. Тэр их зохиолч урлаг судлалын том төлөөлөгч маань жүжгийн гол дүрийн хоёр жүжигчин, найруулагч, бүжгийн багш бид хэдийг хувийнхаа юмаар бяцхан дайлаад үнэтэй сайхан зөвлөгөө өгч жүжгээ улам сайжруулж, болж өгвөл жинхэнэ дуурийн хэмжээнд хүргэх санал гаргаж байсан юм.Түүнд нь үнэнхүү баярлаж урамшсан Дашзэвэг маань нэг юм эхэлвэл дуусгаж байж санаа нь амардаг зангаараа ажиллаж эхэлсэн дээ, хөөрхий. Эцсийг нь үзэлгүй эцэслэсэн нь даанч харамсалтай.  

   Нэгэн үе сумуудын соёл урлагийн гурав хоног аймгийн төвд болдог байлаа. Дашзэвэг маань Завхан аймгийн 23 сумын 10-т нь уригдан очиж тусласан юм. Түдэвтэй сумын гурав хоногийг бэлтгүүлэхээр очоод удаагүй байтал дуудлага ирэв. Тэр нь аймгийн төвд Хятад, Өвөрмонголын жүжигчид ирсэнтэй холбоотой бөгөөд тэдний ажил Дашзэвэгийн оролцоогүйгээр бүтэхгүй байсан нь тодорхой. Бид хоёр сумын мал эмнэлгийн “УАЗ-469”-ийг унаад гарч өгтөл унаа маань газрын тэхий дунд ч хүрэлгүй эвдрээд суучихав. Хэрхэх тухай хэлэлцээд “Шөнөдөө багтаж ир” гэсэн тушаалыг нь биелүүлэхийн тулд 24 км газар явган алхаж Яруу сум хүрэх хэрэгтэй болов. Шөнөжин алхах үнэнхүү бэрхшээлтэй байлаа. Тэр нь Дашзэвэгийн хугарсан хөл эдгэрч гүйцээгүй бөгөөд гишгэх тоолонд нь сүүж, чөмөг хоёр нь “түржигнэтэл зодолдоод” байсанд оршино. Гэвч манай хүн хором ч зогсохгүй алхана. Царай нь хөвхөр дааж, тулсан таягаа өргөж даахгүй мэт харагдавч тоосон шинжгүй харин ч үе үе онигоо ярьж, өөрийгөө тайтгаруулна. Хажууд нь яваа би сульдаж, хэдэн хором суумаар, бүүр хэвтмээр болох. Энэ тухайгаа хэлэхээр доогтой гэгч инээгээд “Би явж байна, Бээжин сууж байна” гэж хошигноно. Зөвхөн энэ аялал гэхэд л Дашзэвэгийн тэсвэр, тэвчээрийн наад захын гэрч. Бид алхсаар, хол газар хорсоор Яруу сумын төвд хүн амьтан сэрэх үеэр ирлээ. Буудал, суудал ч гэсэнгүй. Шууд л сум нэгдийн даргынд орчихлоо. Учир байдлаа цухас таниулаад аймгийн төв хүргүүлэх хүсэлт тавьсан нь ёсоор болов. Би хөлөө тэврэн хэвтэж өнжөөд оройхон бостол Дашзэвэг маань орж ирээд “Нэгдсэн концерт бэлэн болсон. Урд газрын жүжигчид чинь манайхныг бодоход арай өөр юм. Чи очиж үз” гэсэнсэн. Дашзэвэг маань удирдаачийн үүрэг гүйцэтгээд л зогсож харагдана. Эрхэлсэн ажил, мэргэжилдээ үнэнч байхын үлгэр жишээ. Тоглолтын төгсгөлд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Ч.Сүрэнжав хоёр орны жүжигчдэд баяр хүргэв.

   Тоглолтоос гараад явж байхдаа “Манай Монголын ийм том дарга хятадын хэдэн шаврай жүжигчин дагаад явж байх ч гэж дээ” гэснээ “Үгүй хө, энэ чинь хоёр орны харилцааны асуудал болж таарлаа шүү” гээд бодлогоширч явсан нь сэтгэлийн орчлонд хадагдан үлджээ. Нөмрөг сумын соёлын өдрүүдийн бэлтгэлийг хийлгэж байхдаа түүний бие үлэмж муудсан нь мэдрэгдэж байв. Наанадаж л тэвэрч суугаа хөгжмөө даахгүй алдчихаад байсан хэр нь “Зүгээрээ зүгээр, чи битгий саад хийгээд байгаач” хэмээн уцаарласан боловч биеийн алжаалыг умартан зүтгэсээр “Нөмрөг нутгийн тэнгэр”, “Хотгойдын аяз” хэмээх сайхан дуунуудыг бүтээсэн билээ. Мөн тэнд байхдаа “Хангайн магтаал”-ыг босгож өмнө бичсэн олон дууныхаа өяыг засаж, зарим нэгийг нь клавиртай болгосон юм. Ер нь зүгээр сууна гэж байхгүй л дээ. Хаана ч явсан бодож, сэтгэж, туурвиж, бүтээж л байх. Завхан аймгийн соёлын ордны том бригад Баянхонгор аймагт очиж тоглохоор ачааны гурван машинаар гарсансан. Буянт голыг дөнгөж гатлаад явж байтал намайг угзчаад “Чи энэ хонгор нутгийн тухай шүлэг бич. Намайг нэг ая зовоогоод байна” гэснээ аялж байна. Би машины донсолгоон дунд хэдэн мөр юм бичээд үзүүлтэл “Болмоор юм, гүйцээчих” гэнгүүтээ хөөрөг хөгжмөө эгэлдрэглээд авлаа. Тэгээд л “Баянхонгорын нутаг” хэмээх дуу машин дээр бүтэх нь тэр.

   Уран бүтээлийн гараагаа яруу найрагч Ө.Баасанжавын шүлгээр хийсэн “Мөнгөн долгио” дуу эдүгээ хүртэл чихний чимэг болж байгаа бол соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраагийн шүлгээр бүтсэн “Арван баатрын дуу”-г мэдэхгүй хүн ховор буй заа. Түүний зохиосон “Төрөлх хотын магтуу”, “Улиастайн үдэш”, “Дөрвөн голын урсгал”, “Морин хуурын эгшиг” зэргээс аваад “Уурагтай улаан цай” хүртэлх олон арван бүтээлийн талаар ярина гэвэл үлэмж хэмжээний цаг, цаас зарцуулах нь ойлгомжтой. Тэгээд ч зогсохгүй “Аман хуур”, “Сэтгэлийн дуудлага”, “Хил дээр” “Гологдсон хүүхэн” киноны хөгжмийг сонсож, сэтгэлийн цэнгэл эдэлсэн түмэн олны талархал түүний уран бүтээлийн цар хүрээг батлан харуулах бус уу. Тэр нэгэн жил Завхан аймгийн соёл урлагийн арав хоног Улаанбаатар хотноо болоход Ц.Дашзэвэгийн зохиосон олон дуу, бүжгийн хөгжим, симфони улсын драмын театрын алтан тайзнаа халгин, цалгиж үзэгч түмний сэтгэлийг хөвсөлзүүлж байсныг мартахын аргагүй.

Цэндийн Дашзэвэгийн уран бүтээлийн чансааг тодорхойлох бас нэг уран бүтээл нь “Тэмцлийн дуу” хэмээх дөрвөн ангитай симфони билээ. Тэр зохиолыг Ц.Дашзэвэгийн лимбэ, Жавзанноровын шанз, Тунгалагийн ёочин ийм гуравхан хөгжим амьдруулж, ардын хөгжлийн улсын уралдааны дэд байр эзэлснээрээ онцлог болсон юм. Хөгжмийн зохиолч Дашзэвэг түмэн олны хайрласан Монголын номер нэг лимбэчин гэдгээ ч харуулж чадсан билээ. “Аман хуур” киноны гол дүр Төмөрийн тоглосон хуурын аялгууг Дашзэвэг маань л тоглож, дэлгэцнээ амьдруулсан юм. Энэ нь түүнийг Монголын номер нэг лимбэчин гэдгийг нь бэлхнээ харуулна. Дашзэвэг маань ихийг бүтээсэн богинохон насандаа Дуурь бүжгийн улсын академик театр, Завхан аймгийн соёлын ордон, Кино үйлдвэр ийм л гурван газар ажиллаж амьдрахдаа хамтран зүтгэгч нөхдийнхөө хайрыг халуун сэтгэлдээ шингээсэн хүн байжээ. Миний өмнө хэдэн захидал дэлгээстэй байна. Бид хоёрын дотнын найз, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Цэвэгмидийн Гайтав нэгэнтээ “Чиний чацуутан хар Дашзэвэг шүлэг байна уу, өгөөч гэхлээр нь нэг юм өгөөд явуулчихсан. Одоо ая хийчихээ биз. Түүнийг нь чи аваад над руу явуулчихаарай. Би данхар Лууяад бариулчихна” гэсэн байхад нэрт зохиолч Намсрайн Банзрагч “Би Завханд очоод та хоёрыг олсонгүй. Сумуудын соёлын өдрүүдийг л “буудаж” явдаг болсон юм уу даа. Цаад “Зааргай” бид хоёр чинь нэг довны хоёр бөөрөнд өссөн юм шүү дээ. Аймгийн зарим удирдлага чинь та хоёрыг уудаг, савдаг гээд ам муутайхан байна лээ шүү. Цаадахдаа хэлээрэй. Миний мэндийг дамжуулаарай” гэжээ.

Бас нэг захиа байна. Монгол улсын гавьяат жүжигчин Рэнцэнноров “Даг минь, чи цаад нөхөртөө миний мэндийг дамжуулаад зэмлэсэн байна гэж хэлээрэй. Бүтэл муутайхан яваа гэж хүмүүс ярилцаад байна. Юуны өмнө сайн ханьтай бол. Архи, тамхиа багасга, нэрээ бодож мөрөө эргэж хар. Бид бүхний дотны анд “американ бор минь” гэж бичсэн байна шүү гээрэй. Тэгэхлээр цаадахь чинь сэрхийх байх. Уг нь авхаалж сэргэлэн, сайн муу аль ч юмыг амархан тусгаж авдаг сайхан чанартай хүн шүү, хөөрхий” гэж бичжээ. Энэ гурван хүний захиа түүний тухай бодож явдаг бүх хүний зүрхний үг байлаа. Захиа эргүүлж суухдаа манай Дашзэвэгийг хүүхэд ахуй насандаа өтгөн хар үстэй байснаар нь “Зааргай” хэмээн нутгийн бацаанууд хочилсон бол хожим хойно Дуурийн театрынхан өрөөсөн хөлөө өвдөг дээрээ ачиж суудгаар нь “американ” гэж авгайлж дээ хэмээн бодоод дотор хүнтэйгээ инээд хуваалцсан билээ.

Баян-Улааны энгэрээс буцаж явах замдаа Дашзэвэгийнхээ сүүлчийн удаа сууж, амьдарч асан дөрвөн давхар байшингийн гурав дахь давхрын өнцгийн цонхыг харж удаан зогсов. Бодолд янз янзын бодол эргэлдсээр… Бэрхшээл туулсан, бэртэж согтож үзсэн, жаргал эдэлсэн, жавар наранд хатуужсан нөхөрт минь хүйтэн цэвдэг хандаж, хүндэтгэл шагнал хүртээгээгүй зарим нэг хүний тухай нэхэн саналаа. Аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Охины Самбуугаас аваад олон мяндагтан хөөрхий түүнд минь ямар байдлаар ханддаг байв. Аймгийн гүйцэтгэх захиргааны дарга асан “толгой” Ёндонгоос өгсүүлээд тархийг нь эргэтэл загнаж суудаг, хичнээн зусарчид хөөрхий түүнийг яаж хавчдаг байлаа даа. Тэр бүхнээс үүдээд бие сэтгэлийн алжаалд орсон байхыг үгүйсгэгчдийн “арми”-ийн үлдэгдэл одоо ч бий. Хийсэн бүтээлийг нь булшилж, театрынхаа тайзыг “цэвэрлаж” амжсандаа сэтгэл ханагчид юу бодож суунам билээ. Аймгийн байтугай улсын театрын тайзнаа мөнхжих бүтээл байсаар атал эрхэм тэр хүний нэрийг хэлэхээс цэрвэдэг, гарынх нь шавь нар юугаар хүүдэгнэж алдрын төлөө амь тавин өрсөлдөж явна вэ. Ай хөглөгөр хөх тэнгэр минь. Бид хоёрыг анх танилцуулж, уран бүтээлийн замд хөтлөлцөн алхах гэгээн замыг нээж өгсөн тэр үеийн Завхан аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сэрээтэрийн Бүрнээбаатар мэт хүмүүс байсансан бол хүсээгүй байсан ч хөдөлмөрийн хүндэт медальтай хөдөөлүүлэх байсан биз. Гэлээ ч гэсэн Цэндийн Дашзэвэг гэгч эрхэм нөхөр маань амьд ахуйдаа уран бүтээлийнхээ хөшөөг босгосон хүн юм шүү. Ум сайн амгалан болтугай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top