Монгол хүний яс муудаа юу даа

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 16

Ийнхүү эмзэглэсэн олон хүний харууслыг ойрын өдрүүдэд хуваалцлаа. Хүн хүнээ дээдлэн хүндлэх өгөөмөр сэтгэлийг өвөг дээдэс минь монгол хүний яс гэж хэдхэн үгээр илэрхийлж, удамшуулан үлдээсэн. Өнөөдөр бид чинь ямар азгүйдээ өтөл буурай нэгэн үр хүүхдээ бусдад захиалан амийг нь сүйтгүүлж, эхнэрээ хардсан арчаагүй бодлоор гэрийнх нь үүднээс гал тавьж, олон хүний амийг үгүйрүүлэх тэнэг мулгуу залуугийн тухай сонсож сууна вэ. Нийгэмд хүн чанар чимх чимхээр алдагдсан хар шуурга дэгдээд аадрын өмнөх бараан үүлсийн адил биднийг нөмөрч буйг зүрх сэтгэлээрээ мэдэрнэ. Эрчүүдийн хээгүй нөхөрлөл, хүүхнүүдийн нийлж суугаад данх хоосолдог цагаахан яриа үгүй болсон мэт. Хоёр хүн уулзвал байхгүйгээ муулж, гурван хүн таараад нэгнийхээ өмсч, хэрэглэснийг хажуудахтай нь зэргэцүүлэн сонжоод. Гудиггүй монгол эрсийн шударга зан, цагаахан сэтгэлтэй бүсгүйчүүдийн цангинах инээдийг үгүйлээд байх юм. Энэ сайхан гэгээн хүмүүсийг бид монгол киноны хуучин хальснаас хааяа нэг олж харах болжээ. Насанд хүрсэн ухамсар төгс хүмүүс энэ мэтээр атаа жөтөө, хардалт сэрдэлтээр амьсгалж явахад, үр хүүхэд минь ямар ёс суртахуунтай бие хүн болон төлөвшихийн тухай ярихаас ч аймаар. Тэд минь бүр ч өрөвдөлтэй. Хүүхдийн төлөө үнэн сэтгэлээсээ явдаг дээр үеийн багш нар тэдэнд минь байхгүй. Үздэг кино ший нь алаан талаан, сонсдог хөгжим, дуу нь үсэрсэн дэвхэрсэн, өндөр ритмтэй этгээд аялгуу. Таны, миний хүүхэд ялгаа юу байх вэ. Хүүхдүүдийнхээ балчир оюун ухаанд амьтныг эвийлэн хайрлах сэтгэл суулгая. Оросын нэгэн нэрт хүмүүжүүлэгч эрүүгийн хүнд гэмт хэрэгтнүүдийн дунд явуулсан судалгаагаар хүний хүмүүжлийн төлөвшлийн талаар гайхалтай дүгнэлт хийсэн байдаг. Аймшигт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд хүүхэд насандаа ганц ч удаа ямарваа нэг амьтныг тэвэрч, хайрлаж яваагүй ажээ. Эвий нялх амьтан чамтай адилхан байгаа биз дээ гэж нүдээ дөнгөж нээсэн гөлөг, муурын зулзагыг үр хүүхдийнхээ өмнө заавал тавиарай, та. Зарим үед элдвийг бодож суухад, хүн гуай амьтнаас дор сэтгэхүйтэй, сул дорой, арчаагүй дүрд хувилсныг олон жишээнээс харж болно. Амьтдын тухай халуун сэтгэл өвөрлөж явдаг ард түмнээр Оросын ард түмэн яах аргагүй тооцогддог. Саяхан. Оросын “ОРТ” телевизийн сувгаар нэрт хөтлөгч Виктор Гусев далайн эрэг дээр далайн хавны гөлөг тэврээд, сэтгэл нь хөдөлж, нулимс цийлэгнүүлэн ярьж байх юм. Өдөр ирэх тусам арьс нь хулгайн анчдын гараар үнэд хүрч байгаа энэ амьтныг хамгаалж, өсгөн үржүүлэхийн төлөө тэр урлаг, спортын оддыг уриалан Архангельск муж руу ийнхүү авчирсан нь энэ. Өвлийн тэсгим хүйтэнд мөсөн дээр зогсоод дуугаа дуулж, бүжиглэх тэр хүмүүсийн дэргэд бидний хүндэлж биширдэг монгол одод юу билээ. Дива, дува гэх нь холгүй өөрсдийгөө өргөмжилсөн урлаг соёлын одонцорууд нийгмийн сайн сайхны үйлсэд хуруугаа хөдөлгөж, чин сэтгэлийн үгээ хэлдэг бил үү. Улс төрийн сонгуулийн шоунд дуулж, элэглэж дэвхэрснийгээ олон нийтийн төлөө амьсгалав би гэж эндүүрдэг ухамсар дорой хүмүүсийг ард түмэн тэжээж таргалуулж суугаа. Өсөхбаяр аварга буга хамгаалах нийгэмлэг байгууллаа, Сумъяабазар аварга хэрэм үржүүлэх парк бий болгов гэж сонсох нь бүү хэл амьтдын тухай нэг ч гэгээн үг унагаж байхыг нь сонсоогүй. Манайхны үзэх дуртай Оросын телевизийн “Песня” нэвтрүүлгийн хөтлөгч Ангелина Вовк тэнэмэл нохдыг цуглуулж асрамжийн газар байгуулсан тухайгаа “Өнөөдөр хорвоогийн бүх амьд амьтан ертөнцийн нарыг нэг өдөр ч гэсэн харахыг хүсдэг. Тиймээс би хүмүүсийн үйлддэг харгислалын эсрэг буян хийж байна” гэж ярьжээ. Амьтдын тухай сэдвээр уншигч таньтай сэтгэлээ хуваалцъя гэж бодож явахдаа нэгэн өрөвдөм, ухаарал хайрласан дурсамжийг ярихгүй өнгөрч боломгүй санагдлаа. Хот газрын хэсэг залуус чоно авлахаар автомашин хөлөглөж явахдаа амандаа бэлтрэгээ зуусан эх чоныг холоос дурандаж овоо хараандаа оруулжээ. Улангасч улайрсан анчид хөөрхий эх амьтны араас нэхэл хатуу хөөж, моторт хүлгийн хурданд гүйцэгдэн алдахдаа эргэн харах бүртээ хорсол зэвүүцэл илгээх гичий голын бургас руу гэнэт зугтан бултжээ. Хоромхон хугацааны дараа бэлтрэгээ зуусан хэвээр урьдахаасаа улам хурдлав. Гэтэл тэр амьтны аманд юу байсан гэж санана. Зулзага нь биш, бэлтрэгтэйгээ адил хэмжээний дайтай мод зуучихсан дүүлж явжээ. Үр үндсээ хамгаалах эх амьтны уярам дүр төрхийг тэнд байсан хүмүүсээс өвгөн анчин түрүүлэн харж “Больцгоо, үрийнхээ төлөө амиа өгөх гэж байгаа амьтныг хайрлаач” гэж хашгирсан гэдэг. Эвий дээ, өр зүрхнээсээ өмлөж унагаасан алагхан үрийнхээ амийг өөрийнхөө алд биеэр солихоор үхэл, хагацал давхацсан агшинд эхийн сэтгэлд зурсхийн орж ирсэн амьтны зөн билэг юутай агуу, ямархан өрөвдөм билээ. Энэ түүхийг сонсоод ухамсар төгс хүн гэдэг бодьгал үр хүүхдийнхээ төлөө юу хийдэг вэ гэж өөрийн эрхгүй бодогдов. Гудамж траншейд хоног төөрүүлэн халтар гартаа үмх талх атгасан жижигхэн хүү, охин, бусдын хөлд шороонд даруулан хоолойгоо сөөтөл дуулан гуйлга гуйх балчирхан хүүхдийн зүрх зүсэм харц. Тэд бидний яс махны тасархай, үр үндэс минь. Зарим нэг ухамсаргүй хүмүүсийн сэтгэл хүйт оргиулах үйл үйлдэл, зан суртахууныг бодохоос ой гутам. Хүний гар харж, өсч үржих нь шийдэгддэг амьтдыг хайрлах сэтгэлийг хүүхэддээ цаг үргэлж мэдрүүлж өсгөе гэж энэ бүхнийг хөврүүлснийхээ эцэст дахин дахин хэлье. Сайн сайхан жишээг үр хүүхэддээ ярьж өгөөрэй. “Монгол бизнес” дээд сургуулийн захирал, доктор Д.Дашзэвэг тул загас хамгаалах нийгэмлэг байгуулж, нэрэмжит шагналыг бий болгоод нэлээд хэдэн жил болж байна. Бидний дунд хүнлэг сэтгэлтэй ганц нэг хүн байгаад нь баярлаж, хүн хүнээ дээдлэхийн агуу уламжлал амьтныг хайрлах гэгээлэг үйлсээр Монголд минь улам дэлгэрэхийг хүснэм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top