“Азийн бар болгоно” гэсэн хорин жилийн өмнөх урианаас хойш өнөөдрийн “Монгол улс үсрэнгүй хөгжлийн гараан
дээр ирлээ” гэх эрх баригчдын удаа дараагийн амлалтууд, уриа лоозонгууд худал, хуурмаг байсан гэдгийг ухаарч ойлголоо.
Сүүлийн 22 жил зөвхөн бид ардчилал гэх хоосон үгээр төрөө орлуулж, голоо зогоож амьдарсанаа ард түмэн мэдлээ. Ардчилал сайн сайхныг авчирна хэмээн итгэж, дэндүү их найдаж явсан ард түмэн “биднийг хуурч байжээ” гэдгийг өнөөдөр ойлгож хүлээн зөвшөөрлөө. Одоо дахин найдаж чадахгүй нь гэдгээ ч мэдэж байна.
“Ардчилсан” тодотголтой “Үндсэн Хууль” Монгол хүнээ эрхэмлэж тэдний сайн сайхны төлөө хийгдсэнгүй гэдгийг ард түмэн өнөөдөр мэдлээ. Энэхүү Үндсэн Хууль “Монгол хүн газар нутаг дээр нэгдүгээрт байна”, “Монголын төр зөвхөн Монгол хүний төлөө ажиллана” хэмээн тунхаглаж чадаагүй гэдгийг, энэхүү Үндсэн Хууль ард түмний амьдралыг хамгаалах түвшинд хүчинтэй байж чадсангүй гэдгийг ойлголоо.
“Ардчилал гэдэг чинь эрх чөлөө, чөлөөт эдийн засаг” хэмээн гадны зөвлөгчид дахин дахин давтан хашгирч, хамгийн түрүүнд төрийн бүхий л өмчөө хувьчил, өмч хувьд байх хэрэгтэй хэмээн шаардан эрх баригчдад зөвлөсөн. Төрийн нэртэй өмч боловч тэр бүх ард түмний 70 жилийн турш хөлс хүчээ шавхан бүтээн босгосон үндэстний баялаг байсан юм. Харамсалтай нь энэхүү өмч хувьчлал нэрээр жинхэнэ хулгай луйвар болсон гэдгийг ард түмэн өнөөдөр ойлгож мэдлээ. Ард түмнийхээ бүхэл бүтэн 70 жилийн их бүтээн байгуулалтыг хувьчлал нэрээр устган, хувьдаа авч, хуваан идсэнийг өнөөдөр монголын ард түмэн мэдэж, хэн хэн юу юуг хэрхэн ямар аргаар завшсаныг мэдэж байна.
Хувьчлал нэрээр бүтээн байгуулалтаа устгаж, ажилгүй амьдралгүй болгочихоод “одоо өөрсдийн дураар амьдар. Энэ бол ардчилал” гэх дэндүү хүмүүнлэг биш тулгалтыг хийж олон сайхан хүмүүсийг гудамжинд гаргасан юм. Өөрийн дураар, замбараагүй амьдралыг ардчилал хэмээн ойлгуулах гэсэн тархи угаалтыг эрх баригчид хийж ирснийг одоо ард түмэн ойлгосон.
Алт диллерийн хэрэг бол жинхэнэ хулгай байсан гэдгийг өнөөдөр ард түмэн мэдэж байна. Монголын газар шороон доорхи байгалийн баялаг ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэдгийг Үндсэн Хуулиндаа заачихаад түүнийгээ өнөөдөр өөрсдөө зөрчин эрх баригчид гадаадынхантай нийлж монголчуудын баялгийг хувьдаа авсан гэдгийг ард түмэн өнөөдөр сайн ухаарч ойлголоо.
Нэгэнт л ард түмнийхээ төлөө биш гэвэл төртэй байх шаардлага байна уу? Хүн бүр дур дураараа амьдарсан нь дээр биш үү. Төр гэдэг ард түмнийхээ төлөө ажиллах зорилготой хамтын байгууллага болохоос өөрсдийгөө “төр” гэж ойлгосон олигархиудын хувийн компани биш. Энэ бол ард түмний байгууллага. Энэ төрийн эзэн ард түмэн байх ёстой гэдгийг монголчууд өнөөдөр ойлгож мэдлээ.
Монголчууд 22 жилийн турш төрийн нэр барьсан засгийн албатуудад мадлуулж ирснээ, хууртагдаж ирснээ ойлголоо. Ардчилсан нийгмийг өмнөх социалист нийгмээс илүү сайн сайхан бөгөөд илүү жаргалтай хэмээн итгэж, найдаж байсан ард түмнийг хар дарсан зүүд шиг жилүүд угтсан юм.
Хичнээн ч олон аавууд ардчиллын жилүүдийн амьдралын төлөөх тэмцэл дунд сөхөрч, хичнээн ч олон ээжүүд ганцаар өрх толгойлон амьдралын төлөө зүтгэв дээ. Дэндүү эмгэнэлтэй. Хичнээн ч олон үрс гудамжинд гарч, хичнээн ч олон залуус хилийн дээс алхаж боолчлогдож, хүний наймаанд өртөв дөө. Төр гэдэг ард түмнээ хамгаалах үүрэгтэй. Хамгаалаад зогсохгүй халамжлах үүрэгтэй.
Гэтэл сүүлийн 22 жил ард түмнээ халамжлах байтугай хамгаалах, найдах төрч үгүй явж ирлээ. Төрийн оронд төрийн нэр барьсан луйварчид дураараа дургилаа. Төргүй байна, итгэж найдах, хамгаалалтгүй байна гэдэг ард түмний хувьд тэнгэр хол газар хатуу адил хэцүү.
Өнөөдөр монголын ард түмэн ардчилсан нийгмээс илүү социалист нийгэм сайн, сайхан байж дээ гэдгийг ойлгож, ухамсарлаж байна. Ардчилал гэсэн хоосон үгэнд хууртаж явснаа ойлгож байна. Өнөөдрийн энэ замбараагүй, харанхуй, хүмүүнлэг бус нийгмийг өөрчлөхийг хүсэж байна.
Социализмын 70 жил монголчууд бүгд бичиг үсэгтэй, үнэгүй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, үнэгүй боловсрол эзэмшиж, бүгд ажилтай байсан. Ёстой л монголчууд “мөр бүтэн, гэдэс цатгалан” ажлаа хийгээд амьдралаа төлөвлөөд явах бүрэн боломжтой байсан. Мэдээж социализмын хатуу чанга үзэл суртлыг анхаарахгүй орхиж болохгүй. 1990 оноос хойш монголчууд минь юу үзэв дээ. Өнөөдөр элэг нэгт монголчуудынхаа тал хувийг ядуу гэсэн ангилалд багтаачихаад сууж байна. Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Ядуу байна гэдэг идэх хоол, өмсөх хувцас, орон байр, эрүүл агаар, цэвэр ус, суралцах, хөдөлмөрлөх боломжгүй байна л гэсэн үг шүү дээ.
Монгол төр монгол хүний төлөө байх ёстойгоос бус гадаадынхны төлөө, тэдний эрх ашгийн төлөө ажиллах ёсгүй. Харамсалтай нь төрийн нэр барьсан засгийн албатууд гадаадынхантай хуйвалдаж, тэднээс авлига авч монголчуудынхаа эрх ашгийг хохироож байна. Ард түмний баялаг болсон уул уурхайн баялгийг Үндсэн Хууль зөрчин гадаадынхантай хуйвалдан ашиглаж байна. Үүнийг ард түмэн өнөөдөр мэдэхийн дээдээр мэдэж байна.
Эдийн засгийн үйл ажиллагаа монголын ард түмний төлөө болохоос биш гадаадынхны төлөө биш. Гадаадынхантай хуйвалдаж, монголын ард түмний төлөө ажиллах төрийг “хувийн компани” мэт сэтгэн гадаадынханд ашигтай монголчуудад хортой гэрээ хэлэлцээрүүдийг хийж ирлээ, хийсээр л байна. Үүний үр дүнд монголын газар нутаг бүхэлдээ лиценз нэрээр гадаадынхны мэдэлд орчихсныг ард түмэн мэдэж байна.
Ард түмэн өнөөдөр бүгдийг ойлгож, мэдлээ. Одоо эрх баригчид хуурах аргаа өөрчилж ирээдүйн тухай ярьж, хоосон тоо баримт, уриа лоозон хашгирч, найрлуулж, одоо л улс орноо сайхан болгоно хэмээн хуурахийг зүйл бүрээр оролдоцгоож байна. Эдийн засгийн өсөлт 20 хувьтай гарлаа гэж байна. Энэ бол дэлхийд маш дээгүүр орох өсөлтийн үзүүлэлт. Тэгвэл яагаад эдийн засгийн өсөлт ард түмэнд наалдахгүй байна вэ? Монгол улс маш их мөнгөтэй болчихлоо гээд байсан. Яагаад тэр их мөнгө чинь ард түмний амьдралд өгөөжөө өгөхгүй байна вэ? Өсөөд байгаа мөнгө ард түмэнд биш харин гадаадынханд тэдний хамсаатан болсон эрх баригчдын халаасанд ороод байгаад л асуудлын гол оршиж байна.
Зарим нэг эрх баригчид гадаадын том том корпорацуудын гар хөл болж тэдэнд ашигтай хууль, шийдвэр гаргуулахын төлөө лоббидож байгааг хүртэл ард түмэн өнөөдөр мэддэг боллоо.
Ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, хувьчлал бүгд л гадаадынхан бидэнд тулгасан зүйлүүд, тархи угаалт байлаа. Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк гэх хүмүүнлэгийн, тусламжийн байгууллагуудын зөвлөгөөнүүд эцэст нь биднийг ямар эмгэнэлтэй байдалд хүргэснийг өнөөдөр ойлгож байна. Яагаад монгол хүн өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдэх чадваргүй болчихсон юм бэ?
Өнөөдөр монголын ард түмэн нэг зүйлийг ойлгосон. Тэр юу вэ? гэвэл монголын эрх баригчид улс орноо хямралаас гаргаж чадахгүй юм байна гэдгийг ойлгож байна. Бензиныхээ үнийг тогтоон барих ч чадамжгүй эрх баригчид хэрхэн яаж улс орноо ядуурлын шавраас сугалж чадах вэ дээ. Яагаад гэвэл эрх баригчдад мэдлэг чадвар алга.
Ардчилсан тогтолцоо өөрөө мэдлэгтэй, боловсролтой хүмүүсийг шаарддаг бөгөөд мэдлэггүйгээр босож ирдэггүй онцлогтой тогтолцоо юм. Сүүлийн 22 жил мэдлэг боловсролыг уландаа гишгэж, мөнгө, эрх мэдэл, албан тушаалыг эрхэмлэж ирсний горыг өнөөдөр үндэстнээрээ амсаж байна. Мөнгөтэй л бол мундаг гэж ойлгож ирсэн. Гэвч тэр хөрөнгө мөнгөө мундагтаа биш харин хулгайлаад, луйвардаад авчихсныг өнөөдөр монголчууд ойлголоо. Өмч хувьчлалаар эхэлсэн эрх баригчдын хязгааргүй шунал өнөөдөр газар нутгаа заран үргэлжилж байна.
Энэ байдал удаан үргэлжилвэл монгол орон оршин тогтноход ч аюул учирч мэдэхээр болоод байна.
Үүний гол шалтгаан бол ерөөсөө мэдлэггүй хүмүүстэй л холбоотой. Мэдлэггүй боловсролгүй гэхдээ мөнгөнд дэндүү дуртай авлигалаас буцдаггүй хүмүүсээр дүүрсэн улс төрийн намууд энэ бүхний шалтгаан гэдгийг ард түмэн ухаарч ойлголоо. Товчоор хэлбэл авлигалын уул уурхай болсон өнөөгийн улс төрийн намууд өнөөдрийн монголын нэг хямралын шалтгаан болоод байна. Улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйлгүй төлөвшөөгүй намууд монголын төрийг ёстой нэг “сүйтгэж”, монголын нийгмийг “ёс суртахуунгүйтүүлж”, монголчуудын амьдралыг “туйлдуулж” байна даа. Үүнийг ард түмэн ойлгож, дургүйцэж байна.
Авлигалын индексээр дэлхийнд дээгүүрт орж, ардчиллын хөгжлийн үзүүлэлтээр монгол улс хойгуур орж байна. Монголын нийгмийн үнэтүүд алдагдаж, хүмүүжил, ёс суртахууны доройтолд орж эмх замбараагүй байдалтай зөвхөн “хүмүүсийн бөөгнөрөл” болон хувирлаа. Нийгэм тэр чигээрээ шагнуулах, магтуулах, баяжих гэсэн хүмүүсийн уралдааны талбар боллоо.
Монголын ард түмэн одоо юуг ойлгож,хүлээн зөвшөөрч байна вэ гэхээр өнөөдрийн энэ засагт байгаа эрх баригчид монгол орныг цаашид удирдаж, улс орныг хөгжүүлж чадахгүй юм байна гэдгийг ойлголоо. Хөхөө шиг донгодоод, тогос шиг гоёод ирсэн ч итгэхгүй гэдгээ ч илэрхийллээ.
Монголын ард түмэн зөвхөн асуудлуудыг мэдээд зогсохгүй 22 жилийн турш алдсан, зарагдсан бүхий л өмч хөрөнгө, баялаг болон газар нутгаа эргүүлэн авахыг хүсэж байна. Алдсан бүхнээ эргүүлэн авах аргаа ч мөн мэдлээ.
Энэ бол монголчуудын гэгээрэл. Монголчуудын гэгээрэл зөвхөн хуурагдаж, буруутаж, зальдуулж байснаа ойлгож мэдсэн төдийгүй өнөөдрийн хямралт байдлаас хэрхэн гарах цаашлаад улс орноо хэрхэн хөгжүүлэх арга замыг мэдэж байна. Тиймээс монгол улс өнөөдөр “агуу их өөрчлөлт”-ийн өмнө ирээд байна.
Б.Гансүх
Сэтгэгдэл ( 0 )