Би архи уухгүй юмсан гэж өглөө сэрээд л боддог. Гэвч өдөр нь дэлхий онохоо больчихсон агсам тавихаа тавьж, гэр орноо үймүүлчихсэн хэвтэж байдаг. Үнэндээ бол хотын аль ч дүүргийн цагдаа намайг тоодоггүй. Тэгэхээр өдөржин "гомбоо" өшиглөж яваад орой хөлдөж үхэхэд хүрвэл эрүүлжүүлэх хүлээж авахгүй нь тодорхой. Хүн харахад цэлхэрч ус гүйсэн хавантай нүүр, шалбарч хагарсан гар, ханцуй сугандаа уранхай хир болсон хувцастай намайг хөлдөөд үхчихвэл хэн ч дурсахгүй. Харин 20 гаруй жил сайн муу хэлж, аяга бантан хийж өгдөг миний муу хань, өмссөнөөсөө ичсэн ч аавдаа гомддоггүй хоёр хүүхэд минь л харуусах биз ээ. Ингэж бодох тусам намайг архичин болгосон энэ нийгэмд гомдох шиг болох юм. Гэрт өнжих гэхээр хийх ажил байхгүй.
Өдөржин ганцаараа гэрийн бараа сахиж, түлээ, нүүрсний гарз хийж байхаар гадагш гарч ганц нэг хүнтэй уулзаж ажил олж хиймээр санагдана. Ингээд л цайныхаа ганцыг өмсөөд гэрээсээ гарна. Хэнтэй ч таарахгүй явсаар Урт цагаан орно. Тэнд манай "ангийнхан" зогсч байна. Манай анги гэдэг нь нийлж шараа тайлдаг хэд шүү дээ. Эхлээд 500 төгрөгөөр нийлнэ. Дотор засагдахгүй бол ахиад 500-гаар сайхан болоод ид яриа нийлээд ирэхээр 1000 төгрөгөөр нийлнэ. Ингээд л "ажилдаа орно" доо.
Ажил гэдэг нь таньдаг л нүүрний арьс харагдвал татаас авахыг хэлж байгаа хэрэг. Танихгүй ч байсан өөдөөс хараад инээж байгаа хүн үзэгдэх юм бол дөхөж очоод гар бариад бугуй барина гэдэг мэх хийнэ шүү дээ. Эхлээд уулзаж учирсан бүхэн ажил олж өгнө гэж худлаа ярьдаг байсан бол одоо тоохоо ч байж. Ер нь ажил гэж юуг хэлдгийг ч бараг мартаж орхижээ. Яг үнэндээ надад маргааш гэж байдаггүй. Би өнөөдрөөрөө л амьдардаг. Гэрт өнгөтэй өөдтэй юм гэж байхгүй. Эхнэрийн минь зүүдэг ээмэг бөгж цөм хуурамч эд. Ямар индүүгээ зарж уултай биш. Бүрзгэр дотортой өдөржин гудмаар холхиж хүн хүний царай харж алхах ч хэцүү шүү дээ.
Өөрийн минь "архичин" гэх алдар цолтой манай гэр бүл бүү хэл ах дүү нар эвлэрчихсэн болохоор хэн нэг нь надад өглөгийн гараа сунгана гэж байхгүй. Архи гэдэг идээг 10 гаруй жил уулаа. Энэ хугацаанд хөлийнхөө найман хурууг "оршуулж", ах, дүү хийгээд гэр орондоо ер нь нийгэмд үнэ цэнээ алдчихсан байна. Гэхдээ тэглээ гээд сэтгэлээр унаж амиа хорлолтой нь биш. "Манай ангийнхан" муу нэртэй ч хүн чанараар саарал ордонд суугаа 76-гаас арай л илүү шүү. Халаас хоосон цугласан ч яаж ийж байгаад хэдэн төгрөг олоод биеэ тавиртал шараа тайлчихдаг л хүмүүс.
Сонирхуулж гайхуулах юмгүй ч архичид гэдэг чинь хүн л биз дээ. Гэхдээ бас цалинтай. Хүний хөгжлийн 21 мянган төгрөг буух үед эхнэрээсээ дэвтэрээ хулгайлах гэж бөөн юм болно. Эсвэл арга эвийг нь олж байгаад хоёр шил архи авахуулах гэж үзнэ. Бид ямар бусад шиг "Ерөөл", "Чингис" уух биш хаана хямд архи байна түүнийг л олж хүртэнэ дээ. Цаг хугацаа урсдагаараа урсч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр л их хотын гудамжийг эзэнтэй байлгах гэж зүтгэж буй мэт хэдэн архичид дороо эргэлдэн тамхиа хувааж татаад өнжинө. Түүний нэг нь би шүү дээ. Дүүрэг бүхэн архичинтай. Архичин бүхэн нь зогсоолтой гээд бод доо.
Сансарынхан буюу Баянзүрх дүүргийн хэд тунелийн ойролцоо, Бага тойргийнхон буюу Сүхбаатар дүүргийнхэн Саарал ордны арын арктай байр буюу Чимгээгийн дэлгүүр хавиар, Хан-Уул дүүргийнхэн 120 мянгатын үйлчилгээний төв хавьцаа, Сонгинохайрхан дүүргийнхэн "Хархорин" худалдааны төвөө бараадна шүү дээ. Харин "Нарантуул" болон "Хүчит шонхор" зах орчмоор бол газар газрын "гааричид" цуглана. Малчин хүн хаана, хэний мал байгааг мэддэг шиг би ч хаа газрын архичид хаана байрладгийг гадарлана шүү. Гайхуулах юм биш ч гэлээ миний нийслэлийн архичид адилхан л зовлонтой яваа.
Шар хадны эмнэлгийн шал худлаа эмчилгээ
Оройхон согтуу гэртээ очиход эхнэр минь төрөл арилжсан мэт сайхан зантай байлаа. Тэр бүү хэл хоолны даруулга гэж лонх юм ширээн дээр тавиад зүүн өвдгийг минь налж суулаа. Ямар нэг юм хэлэх гээд байгааг нь би гадарлав. Гэтэл хошуугаа цорвойлгон "Миний хань шиг чадалтай инженер байхгүй. Маргааш Шар хадны архины тасагт хэвчих тэгэх үү. Хань нь 60 мянган төгрөгийн төлбөртэй өрөөнд 10 хоногийн захиалга өгчихлөө" гэдэг байгаа. Хувцас хунар гэтэл "Санаа зоволтгүй би бэлтгэлийн өмд цамц, улавч авчихсан"
гэлээ.
Бодоод байхад амьдралынхаа л төлөө миний муу хань нүүрэндээ зуун үрчлээ суутал ганцаараа зүтгэж байгаа нь үнэн санагдаад өглөө эхнэртээ хөтлүүлэн тус эмнэлгийг зорилоо. Их эмчийн эхний шалгалтаар архинд гүн орсон буюу гуравдугаар үедээ орсон гэсэн оноштой болов. Ингээд л эмчилгээ хийлгэж эхэллээ. Үнэхээр архинаас гарах чин хүсэл эрмэлзэлтэй ч хүн ирдэг бололтой. Ингээд л хор тайлах дусал, архинаас гарах эм хэрэглэж эхлэв. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэдэг шиг дөрөв дэх хоног дээр манай өрөөнд цайны халуун саваар дүүрэн архи орж ирэв.
Эмч нар бууж сувилагч амрах агшныг хүлээсээр 00.20 цагийн орчимд өнөөхөө сөгнөж эхэллээ. Нэг мэдсэн тас. Өглөө сувилагч толгой түрүүгүй загнаж, архичин гуйлгачнаар хараан байж эмчилгээ хийлээ. Ийнхүү хэд хоног өнгөрөөж байтал найм дахь хоног дээр эхнэр минь ирж спираль тавиулах санал хэлэв. Тэр нь 120 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд даланд тавьдаг гэнэ. Ингээд эхнэрээ дагуулан нэгдүгээр эмнэлэг дээр ирж далныхаа арьсыг хөндийлүүлэн байж нэг ширхэг нь 25 мянган төгрөгийн үнэтэй эм суулгууллаа. Эхнэр минь энэ хүн архи уугаад үхвэл бид гомдолгүй гэсэн гарын үсэг зурж өгөв.
Ингээд л эмчилгээ ч сайхан болж би гэж төрөл арилжсан хүн гэртээ ирлээ. Хэд хоног гэр сахиж хоол унд хийж гадуур дотуур хашаа хороо цэвэрлэсэн шиг өнгөрөв. Ажил олж хийж амьдралдаа нэмэр болъё гэсэн бодолдоо хөтлөгдөн гадуур гарч зар сонин худалдаж аваад хэд хэдэн албан газрын үүд тогшлоо. Харамсалтай нь 50 гарсан эр хүнд ажил олддог үе өнгөрсөн бололтой. Гэртээ харих санаатай "Бөмбөгөр"-ийн автобусны буудал дээр зогсч байтал "Чөмөг" Ганаатай таарлаа. Мань хүн миний цайсан, таргалсныг гайхаж байгаад ганц шил юмны мөнгө салгачихлаа.
Ингээд зогсохгүй "хамт байж бай яаж ганцаараа уух вэ" гэсэн үг хаяад байхаар нь хамт үлдэхээр шийдэв. Эхэндээ архины үнэрт огьж сүйд боллоо. Гэтэл "Чөмөг" маань согтох өнгөтэй хэл нь дультраатаж нэг л биш ээ. Харж байгаад найзаа таслаад хаялтай нь биш үхвэл үхнэ биз гэж бодоод нэг татчихав. "Чөмөг" инээд алдан "Миний хөгшин нэг мөсөн хальтирчих" гэж хэлээд ахин нэг хийгээд өгчихөв. Ингээд л юу болсныг бүү мэд. Ямартаа ч замын хашлага бараадан сууснаа л дэн дун санаж байлаа.
111 буюу 14 хоногийн баривчилгаа
Нэг сэрсэн чинь эрүүлжүүлэхээс аль хэдийнэ халиад Дэнжийн мянгын түр саатуулахад илгээгдчихсэн байв. Толгой гэж задрах нь. "Чөмөг" маань юу ч болоогүй мэт миний дэргэд унтаж байлаа. "Баларсан юм" гэж үглэхээс өөр хэлэх ч юм надад байсангүй. Өнөөх уух нь бүү хэл үнэрлэвэл л үхчихдэг Шархадны эмнэлгийн эмчилгээний үр дүн, өнөөх спиралийн хүч хаачихсан юм бүү мэд. Ингээд л буцаад "ангидаа" очиход бэлэн боллоо. 111 гэж өглөө сэрээж ажилд хөөсөн, эсвэл өдөржин гөлийтөл суулгасан газар. Орчин нь заваан хүйтэн ч гэлээ халуун цай, шар будааны шөлтэй нь яамай даа.
Амьтан хүний тамхи гуйж татсаар нэг л мэдэхэд 14 хоночихлоо. Шанагаа бариад хөөсөн ч сэтгэл нь өөрийн юм болохоор гэртээ 14 хоногийнхоо мөнгөн торгуулийг өгөх цагдаатай хамт ирлээ. Эхнэр минь юу ч дуугарсангүй. Шууд л хэдэн төгрөг өгөөд цагдааг хөөх шахам гэрээсээ гаргалаа. Одоо ч баллаж өгнө биз гэж бодож байтал юу ч дуугарсангүй. Уйлаад л галынхаа өмнө суух нь үнэхээр том шийтгэл шиг санагдаж хэсэг чимээгүй сууж байгаад гэрээсээ гарлаа.
Сэтгүүлчийн бодол: "архичин"-аа биш архиа хорьё
Гэрээсээ гарсан энэ архичин одоо "ангийнхан" уруугаа л явах байх даа. Бид "Архичин" гэдэг тодотголыг нийгэмд бий болгоод удаж буй ч арга хэмжээг аль өнцгөөс нь яаж авах аргаа мэддэггүй бололтой. Архи худалдаалдаггүй дэлгүүр орлогогүй гэсэн үг. Мөн чанаргүй архи лангууны ард үргэлжийн мөнх эзнээ хүлээж байдаг. "Архичин" гэж дуудахаасаа өмнө архиа яаж цөөлөх вэ гэсэн бодлого явуулбал арай дээр юм шиг. 2010 онд "Азийн чоно" хэмээх архинаас хүн хордож амь насаа алдсан. Үүнээс үүдэн улсын хэмжээгээр архи худалдаалахыг хорьсон. Тухайн үед нийгэм цэвэршинэ гэж баярлаж байсан ч харамсалтай нь монголын хууль гурван хоног гэдгийн үлгэрээр тогтоол шийдвэр нь дорхноо л цуцлагдчихсан. Тэгэхээр "Архичин"-гаа биш архиа цэгцлээд үзвэл зүгээр юм болов уу.
www.unen.mn
Сэтгэгдэл ( 0 )