Шүдний өвчин болсон агаарын бохирдлоос салах гэж элдэв арга сүйвэгчилсээр нэлээд хэдэн жилийг ардаа орхижээ, нийслэлчүүд бид. Саяхан нэгэн танилын маань Солонгост амьдардаг долоон сартай хүүхэд Монголд ирээд долоо хоноод буцахдаа хатгаа авч хүндрээд нутаг буцсан. Очоод л эмнэлгийн яаралтай хяналтад орж, эрчимт эмчилгээ хийлгэсэн тухай ярьж байна. Ердөө долоо хоногийн хугацаанд ийм байдалд хүрээд буцаж байгаа хүүхдийн жишээнээс харахад л нийслэлийн агаар ямар байдалтай байгааг тодорхой хэлээд өгөх биз.
Мэргэжлийн байгууллага нь шинжилгээ, дүгнэлт хийсэн хийгээгүй утаандаа угаартах шахсан нийслэлчүүд өвчний уурхай болон хувирсан. Ганцхан жишээ хэлэхэд нийслэлийн дундаж орлоготой өрхийн сарын орлогынхоо 25-30 хувийг эм, эмнэлэгт зориулдаг гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Нэг өрхийн дундаж орлого нэг сая төгрөг гээд бодвол 300 мянган төгрөг орчмыг нь эрүүл мэнддээ зориулдаг байх нь. Тэгвэл ийм хэмжээний зарлага гардаг учраас хүмүүс өвчнөө эрт оношлуулахаас татгалздаг гэдгийг ч ярих нэгэн байгаа юм.
Хэдийгээр мэргэжлийн байгууллагууд нь агаарын бохирдлоос болж хүн амын өвчлөл нэмэгдээгүй, агаарын бохирдол буураагүй гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ иргэдийн дунд өвчлөл нэмэгдэж, ховор тохиолддог өвчлөл бага насны хүүхдүүдийн дунд ч үзэгддэг болсон нь агаарын бохирдол гол шалтгаан нь гэдгийг хотын гудамжаар алхаад үзэхэд танд хэлээд өгнө. Одоогоос 20 гаруй жилийн өмнө онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг явуулдаг байсан жоншны үйлдвэрт ажилладаг хоригдлууд уушиг чулуужих өвчинд нэрвэгддэг байсан бол өнөөдөр бага насны хүүхдүүд уушиг чулуужих өвчнөөр өвчлөх нь нэмэгдсэн гэдгийг анагаах ухааны доктор А.Отгонболд хэлж байсан. Тэрээр хэлэхдээ “Агаарын бохирдлоос болж хүн амын дунд өвчлөл нэмэгдэж байгаа нь үнэн. Тэр дундаа амьсгалын замын, зүрхний өвчлөл нэмэгдэж түүнээс болж бусад эд эрхтэний өвчлөл нэмэгдэж байгаа нь агаарын бохирдолттой холбоотой. Үүнийг өвчлөлүүдээс харж болно” гэлээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дэлхийн банкнаас бүс нутгийн байгаль орчин, нийгмийн хөгжлийн стратегийг судлах зорилгоор нэгэн судалгааг хийжээ. Энэ нь хамгийн сүүлд гарсан албан ёсны судалгаа гэхэд болно. Тэгвэл энэхүү судалгаагаар агаарын бохирдол эрүүл мэндэд нөлөөлж байгаа нь үнэн гэдгийг баталчихжээ. Тэдний гаргасан судалгаагаар нийслэлийн агаарын тоосонцорын бохирдлын концентрац Монгол Улсын агаарын чанарын стандарт хэмжээнээс 10-25 дахин их болсон бөгөөд дэлхийн аль ч нийслэл хотуудаас хамгийн их бохирдолттой байгаа нь ажиглагджээ. Судалгааг хийхдээ найман цэгээс хэмжилт авч үзэхэд бүдүүн, нарийн тоосонцрын хэмжээ нь жилд 463 сая ам.долларын хэмжээний зардал гаргахаар хүн амын эрүүл мэндэд нөлөөлж байгаа нь аюулын харанга дэлдэхээр болсон байна гэжээ. Нэг жилд хүн амын нас баралт 1591-2721 байгаа бол архаг бронхит 1411 тохиолдол байна.
Дэлхийн агаарын бохирдолттой 23 улстай нийслэлийг харьцуулан судалгаа ч гарсан байна. Хамгийн өндөр бохирдолттой бөгөөд тэр нь хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллөөр хамгийн өндөр байгааг ч мөн гаргажээ. Харин бусад хотуудын хувьд 2004, 2009 онтой харьцуулан гаргажээ. Энэхүү судалгаанаас харахад хотын төв хэсэгт 3-6 дахин их, гэр хороололд 7-14 дахин их байгаа аж. Харин дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байх ёстой хэмжээнээс хотын төвийн агаарын бохирдол 7-15, гэр хороололд 17-35 дахин их гэсэн тоог гаргажээ. Хэдийгээр иргэдийн дунд өвчлөл нэмэгдэж энэ цаашлаад эдийн засгийн хүндрэлийг авчирдаг ч төр, засгийн дүгээс яаралтай арга хэмжээ авах нь хамгийн чухал гэдгийг бусад орны туршлага харуулж байна. Гэр хорооллын агаарын бохирдол их байгаа тул үүнээс үүдэх өвчлөлд хамгийн их өртөгсөд нь бас л гэр хорооллынхон.
Ганцхан жишээ. Хэдэн жилийн өмнө сүрьеэ өвчний талаар сонссон хүн бүр тэр хүнээс зай барьж, халдвар авахгүйг хичээж байсан бол одоо сүрьеэгээр өвчлөгсдийн тоо бусад өвчлөл хамгийн их байгаа аж. Энэ нь мэдээж агаарын бохирдол. Нэг жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол илэрдэг гэсэн тоо байна. Сүрьеэ нь амьсгалын эрхтэн болох уушигны өвчлөлийн хүндэрсэн тохиолдол байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд сүрьеэгийн өвчлөлд өртөх нь ихэсч байгаа нь мэргэжилтнүүд санааг зовоож буй нэг асуудал бослон байна. Утаа бууруулна гэж яриад байгаа ч хүн амаа эрүүлжүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авдаггүй. Нэгэнт л агаарын бохирдлоо багасгаж чадахгүй байгаа хойно ядаж иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, өвчлөлийг багасгах талаар дуугардаг нь олон ч хэрэгжүүлдэг нь ховор. Тиймээс мэргэжилтнүүд хүн амын эрүүл мэнддээ илүү их анхаарал хандуулахыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )