С.Зоригийн алагдахын өмнөх нөхцөл байдал

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 21

С.Зориг агсны 50 насны ойд зориулан
"Үндэстний ТОЙМ" сэтгүүл одоо хэр нь
илрээгүй байгаа түүнийг хөнөөсөн аймшигт
хэргийг эргэн сануулах зорилгоор гаргасан
тусгай дугаараа уншигчдад үнэгүй хүргэлээ.

Хагарлын Засгийн газар

Огт санаандгүйгээр залуу намуудын “Ардчилсан холбоо” эвсэл 1996 оны сонгуульд яллаа. Эвсэлд МҮАН зонхилж, МСДН , МНН-ууд багтаж байв. МҮАН өмнө нь 1992 онд МоАН, МVДН , МСМН, Нэгдсэн Намуудын нэгдлээс бий болсон юм. Харин эрх мэдэл дээр гарч ирмэгцээ аймшигтай хагарав. Сонгуульд эвслийн кампанит ажлыг Улаанбаатараас удирдсан М.Энхсайхан гол лидерүүд болох Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Э.Бат-Үүл, Р.Гончигдорж, С.Зориг нарыг хөдөөгийн тойргуудаасаа ирж амжаагүй байхад Ерөнхий сайд болох лоббигоо амжуулсан байлаа. Үүнд бүгдээрээ тааламжтай байгаагүй ч С.Зориг илэрхий тааламжгүй хандсан гэлцдэг. Тийм ч учраас тэр МҮАН-ын дүрэмд “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн заалт оруулах ажилд хамгийн идэвхтэй хүчин зүтгэжээ.

1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабанди ялж, УИХ-д түүний гарсан суудал дээр Н.Энхбаяр ирлээ. Н.Энхбаяр цөөнхийг ахлав. Эвслийн доторх тархай байдал, эрх мэдэлд тэмүүлсэн жижиг жижиг амбицуудаар тэр гайхалтай уран тоглолт хийсэн юм. Үндсэн хуулийн Цэц иргэн Д.Ламжавын гомдлоор “УИХ-ын гишүүн сайдын албыг давхар эрхэлж болохгүй” гэсэн зарчмын шийдлээ 100 хувь өөрчиллөө. Ингэж Намын болон УИХ дахь Эвслийн бүлгийн дарга Ц.Элбэгдоржийн “үүд хаалга” нээгдсэн юм. М.Энхсайханы Засгийн газрыг 1998 оны дөрөвдүгээр сарын 23-нд буюу байгуулагдсанаас нь ердөө жил гаруйхны дараа огцруулсны шалтгаан нь “том толгойлсон” гэх буюу УИХ дахь Эвслийн бодлого, байр суурийг ойшоож үзэлгүй бие даасан үйл ажиллагаа явуулсан нь байв. Харин намын дүрмэнд оруулсан өөрчлөлт бол зүгээр л шалтаг байлаа. “Ардчилсан холбоо” эвслийн хоёр дахь Засгийн газрын тэргүүн Ц.Элбэгдорж танхимын гишүүдээ эвсэлд нэгдсэн намуудад хувь тэнцүүлэн хуваарилах байдлаар томилсны дотор С.Зориг Дэд бүтцийн сайдын үүрэгт ажлыг авсан юм.

Дэгээ дэгээгээ дэгээднэ

Cэргээн босголтын банк бол Ард банкны суурин дээр 22.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, 1.8 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар 1996 оны 12 дугаар сард буюу М.Энхсайханы Засгийн газрын үед байгуулагдсан төрийн өмчийн банк. Энэ банкийг Сангийн сайд Б.Батбаяр 1998 оны тавдугаар сарын 28-нд 239, Монголбанкны Ерөнхийлөгч Ж.Үнэнбат 29-нд 208 тоот тушаал тус тус гарган, хувийн хэвшлийн Голомт банкинд нийлүүлэх шийдвэр гаргажээ. Үүнийг УИХ-аас томилогдсон Д.Дэмбэрэл даргатай, Ж.Гомбожав, Д.Батнасан, Д.Дашпүрэв нарын гишүүнтэй шалгалтынхан “хууль зөрчсөн шийдвэр” гэж дүгнэв. Харин Сангийн сайд Б.Батбаяр хожим энэ шийдвэрийнхээ тухайд ОУВС-гийн зөвлөснөөр хийсэн зөв алхам байсан гэж бичсэн бол М.Энхсайхан “Сэргээн босголтын банкны хувьд бид хяналтыг хүчтэй болгож, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироохгүйгээр аажим үйл ажиллагааг нь бууруулах бодолтой байсан бөгөөд манай Засгийн газрыг огцруулснаар энэ бололцоо алдагдсан” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Б.Батбаяр дампууруулахгүйгээр, хувийн банкны тусламжтайгаар авч гарах байсан бол М.Энхсайхан дампууруулах байж. Үндсэндээ энэ банк ирээдүйгүй байсан юм. Гэхдээ л гуравхан сартай Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж дөнгөв.

УИХ-ын шалгалтын багт ажилласан Д.Батнасан, Д.Дашпүрэв нар Эвслийн гишүүд боловч “хөдөөгийн фракц”-ийнхан байлаа. Энэ фракц Ц.Элбэгдоржийг танхимын гишүүдээ сонгож байх үеэс байгуулагдсан бөгөөд сонголтонд багтаагүйгээсээ болоод огцорсон Ерөнхий сайд М.Энхсайхантай “түншлэх” болжээ. Улс төрийн түүхэнд “Элсний 13” гэх нэрээр үлдсэн “хөдөөгийнхөн” парламент дахь цөөнхөд хялбархан олзлогдож, Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн юм. 1998 он долдугаар сарын 24-ний Баасан гариг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас “Засгийн газрыг огцруулах тухай” тогтоол батлагдлаа. Сайд нар бүгдээрээ үүрэг гүйцэтгэж эхлэв. Энэ үүрэг гүйцэтгэл дөрвөн сар хагас буюу тэр оныхоо 12 дугаар сарын 9 хүртэл үргэлжилсэн юм.

Ерөнхийлөгчийн тушаа

“Би ердөө хоёрхон найзтай хүн биш” гэж Ерөнхийлөгч Н.Багабанди хэлж байлаа. Ш.Отгонбилэг, Ц.Балдорж хоёртой дотно нөхөд гэдгээ ярьсан нь энэ. Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшигчийг УИХ-д оруулах “онцгой бүрэн эрх”-тэй гэж Ерөнхийлөгчийн функцийг тэр тодорхойлсон. Харин бусад хүмүүс “зүгээр л түүнтэй зөвшилцөх учиртай байсан” гэсэн тайлбар хийдэг. УИХ-ын олонх “Ардчилсан холбоо” эвслээс Ц.Элбэгдоржийн дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн кандидатуудыг Н.Багабанди есөнтөө буцаав. Да.Ганболдыг долоо, Г.Ганхуяг, Э.Бат-үүл нарыг нэжгээд удаа. Р.Амаржаргалыг эвсэл бас санал болгож байсан боловч Ерөнхийлөгчид хүрэлгүй унаж байлаа.

Шинэ Засгийн газраа байгуулах оролдлогыг УИХ дахь олонхын бүлгээс дөрвөн сар гаруйн хугацаанд хийсний эцэст тэр өөрийн дэмжиж болох хувилбаруудыг хүртэл санал болгож үзсэн. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газар Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, З.Энхболд даргатай ТӨХ-д бүрэн эрх өгсөн явдал Ерөнхийлөгчийн “гэдэнг хөдөлгөсөн” гэж олон эх сурвалж тайлбарладаг. Энэ учир зүйгээр хөөж үзвэл Н.Багабанди дотны, нэг нутаг усны найз Ш.Отгонбилэгийнхээ албан тушаалын барьцаанд Засгийн газрыг байлгаа юу гэсэн дүгнэлт гарна. Оны эцэст томилогдсон шинэ Ерөнхий сайд Ж.Наранцацралт ОХУ-ын Ерөнхий сайдад “Эрдэнэт”-ийн тус улсын мэдлийн 49 хувийг “Зарубежцветмет”-д хувьчилсныг хүлээн зөвшөөрсөн захидал илгээсэн нь энэ хардлагыг улам үнэмшилтэй болгодог.

Эвслийн 10 дахь оролдлого нь С.Зориг байх байсныг намынхан нь төдийгүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр өгүүлдэг. Ялангуяа Н.Багабандид татгалзах шалтгаан байгаагүй төдийгүй тэр “За” гэчихсэн байсан гэж өнөө хэр олон нийт итгэн үнэмшдэг. Ямар ч албан баримтаар нотлогдоогүй энэ таамаглал “С.Зоригийн хэрэг”-ийг бүхэлд нь улстөржүүлдэг.

Хуралдаагүй уулзалтын хуудуу

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг Засгийн газрын тэргүүнээр томилуулах саналыг УИХ-д оруулах боломжгүй гэсэн хариуг “Ардчилсан холбоо” эвслийн удирдлагад Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 оны 9 дүгээр сарын 30-нд илгээв. Энэ хариуг хүлээлгүйгээр Эвслийн удирдлага дараагийн нэр дэвшигчээр С.Зоригийг ярилцаж эхэлсэн гэлцдэг. Шийдвэрийг хүлээсэн Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч гадаад томилолтоо хүртэл хойшлуулсныг УИХ-ын гишүүн Д.Энхбаатар нотолж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр баталсан юм.

С.Зориг өөрийгөө дэмжүүлэх талаар МҮАН дахь МҮДН-ын фракцынхантай тохиролцсон байлаа. Бусад бүлгийнхэнтэй хараахан ярьж амжаагүй байхад нь буюу 10 дугаар сарын 2-нд МҮАН-ы Ерөнхий зөвлөлийн хурал хуралдах тов албан бусаар тарсан байна. Албан ёсоор ч байж магад. Аль аль нь огтхон ч батлагдаагүй юм. Харин 02-ны 17:50 цагт С.Баяртай утсаар ярихдаа тэр хурал хойшилсныг дуулгажээ. 02 Баасан гариг байсан. Хурал хойшлогдсоноор түүнд хагас, бүтэн сайнд бусад бүлгийнхэнтэй ярилцаж, өөрийгөө лоббидох цаг гарсан юм.

Энэ хурлыг эрх мэдлийнхээ хүрээнд Ц.Элбэгдорж хойшлуулсан байж таардаг. Яагаад гэвэл тэр дарга. Даргын хувиар “Ерөнхий зөвлөлийн гишүүдээ нийслэлийн намын үүрүүдийнхээ дарга нартай уулзуулах төлөвлөгөөтэй” байснаа тэр өөрөө ч хэлсэн байдаг. Гэхдээ энэ хурал Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох хурал биш байсан гэж тайлсан. Ерөнхий зөвлөлийнхнөө нийслэлийн үүрүүдийн дарга нартай уулзуулах нь төлөвлөгөө төдий байгаагүй, бүр хэрэгжсэн тухай тэр ярьсан. Өөрөөр хэлбэл хурал болсон. Гэхдээ Ц.Элбэгдорж энэ хурлыг “уулзалт” гэж томъёолсон. Харин уулзалттай давхцуулж “хурал” хийж болохгүй байсан гэх тайлбар хийсэн.

Итгэл үнэмшил төрөхөөргүй энэ тайлбар дараагийн таамгийг үүсгэсэн нь түүний Н.Багабандитай хийсэн байж магадгүй тохироо. Энэ бол зүгээр л хардлага шүү. С.Зориг Ерөнхий сайд болох нь Н.Багабандийн хувьд ч, Ц.Элбэгдоржийн хувьд ч ашигтай байгаагүй гэж тухайн үед сэтгүүлчид таасан. Манлайлал, тэргүүллийн хувьд намдаа ч, нийгэмд ч С.Зориг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээс хамаагүй урд байсан. Зарчимч, шударга улстөрчийн хувьд Н.Багабандийн болзлыг бас хүлээж авахгүй.

“Зориг Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэдгийг мэдэж байсан хүмүүс байж болох л доо. Зориг үүнээс болж алагдсан гэж үзэж байгаа бол тэднээс л асуух хэрэгтэй” гэсэн Элбэгээгийн хожмын яриа нэр дэвшүүлэхээр бэлтгэж байсныг хангалттай нотолно. Харин “Зориг бол тийм ч их нээлттэй хүн биш шүү дээ” гэсэн нь тэдний хооронд ойлголцол огт байгаагүйг илэрхийлсэн юм.

Үнэлэх:    Одоогийн үнэлгээ:

С.Зориг алагдахын урьдач нөхцөл Өчигдөр 18 цаг 29 минут

"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн тусгай дугаарыг ЭНД дарж, бүрнээр нь уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top